С.ЗЭВСЭГ

 

Нийслэлийн төр, захиргааны байгууллагаас Улаан­баатар хотын за­мын хөдөлгөөний хэт нягтралыг зохицуулах, аюулгүй байдлыг хан­га­хаар сүүлийн үед са­наачлан хөөцөлдөж бай­гаа ажил, зарим арга хэм­жээ олны сэтгэлд нийцэж байх шиг. Юуны өмнө хөдөлгөөнд оролцох авто машиныг дугаарын тоогоор хяз­гаарлах, нийтийн тээв­рийн хэрэгслийг төв замд зөвхөн нэгдүгээр эгнээгээр зорчуулж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглож байгаа зэрэг нь үр дүнгээ өгөх хандлага ажиглагдаж байгааг онцлон дурдъя. Гэвч “Сайн юманд садаа мундахгүй” гэдэгчлэн автобусны танхай жо­лооч нар хөдөлгөөнд оролцохдоо хурд хэтрүү­лэх, гэнэт ухасхийх, ог­цом зогсох, жолоогоо займ­чуулан мушгих үйл­дэл хийж зорчигчдыг эгээл гулууз мах ачиж яваа мэтээр сэгсчиж, хооронд нь мөргөлдүүлдэг, бүр унагадаг. Битүү цан хүүрэг болсон цонх хаалгатай хэрнээ буудлуудаа зар­лалгүй буухиалан давхи­даг. Зогсоол дээрээ бүрэн зогсохгүй яаран хөдлөж зарим зорчигчийн толгой, цүнхийг хавчуулан ухас­хийх зэрэг зохисгүй гэ­хээ­сээ илүү адал балмад явдал цөөнгүй гардаг бо­лолтой. Мөн бусад тээврийн хэрэгслийн жолооч нарын зарим нь нэгд цагдаа харагдахгүй бол, хоёрт цагдаа байсан ч уулзвараар баруун гар тийшээ эргэх гэж байгаа дүр үзүүлэн дохиж нэгдүгээр замаар зорчдог. Эсвэл нэг уулзвараас дараагийн уулзвар хүртэл нэгдүгээр эгнээгээр хурдлан явж байснаа цагдаа харагдах юм уу, автобусны ард тулангуут хоёрдугаар эгнээ уруу огцом эргэж, чигээрээ яваа машины урдуур хөндлөн дайрч ордог аюултай үзэгдэл сүүлийн үед бүр гаарах шинжтэй боллоо. Энэ бол онц ноцтой осол гарах нэг шалтгаан юм. Үүнээс үүдэн зөрчил осол цөөнгүй гардаг байна. Төв замын уулзвар бүр дээр цагдаа нар ихэвчлэн зогсож байгаа ч нэг талаас тэр бүрт хүрч ажиллаж арга хэмжээ авах хүч хүрдэггүй, нөгөө талаар сүүлийн үед “Монголын хууль гурав хоног” гэгчээр нүд нь сүрхий дасч байгаа бололтой. Тэгэхээр хотын удирдлагууд болоод Замын цагдаагийнхан энэ байдлыг давын өмнө онцгойлон анхаарч, бо­дон болгоож нэг эхэлсэн ажлаа тууштай хэрэгжүүлж, ажил амьд­рал болгож гэмээ нь да­раагийнхаа асуудлыг хөөцөлдвөл өлзийтэй бус уу? Эс тэгвээс “Хоёр туулай хөөсөн нохой нэг ч үгүй...” гэгчийн үлгэр болж магадгүй санагдана.

Гэтэл шинэ жилийн босгон дээр Нийслэлийн хэвлэлийн төлөөлөгч “Буруу жолоодлоготой машиныг Ням гарагт хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргахаар асуудлыг судлаж, санал авч байгаа” гэсэн үл ойлгогдох төдийгүй хачирхалтай мэдэгдэл хийж баруун гар талдаа жолоо бүхий тээврийн хэрэгсэлтэй иргэд, байгууллагуудыг айдас хүйдэст оруулан цочирдуулж сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээл­лийнхэн шуугилдаж, ард олон ч сэтгэл зовинон санал бодлоо илэрхийлж байна. Яагаад заавал баруун гар талдаа жолоо бүхий тээврийн хэрэгслийг ялгаварлан хөдөлгөөнд оруулахгүй гэж байгаа нь нэн хачирхалтай. Тэдний ярьж мэдэгдэж байгаагаар Улаанбаатар хотод хөдөлгөөнд орол­цож байгаа тээврийн хэрэгслийн тавь орчим хувь нь баруун гар талдаа жолоотой байдаг гэнэ. Үүнтэй холбогдуулан нэг үнэнийг онцлон хэлэхэд баруун гар талдаа жолоо бүхий тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа иргэд бараг бүгдээрээ дунд, дундаас доош ам­жиргаатай хүмүүс байгаа гэхэд хилсдэхгүй байх. Тэд чухамдаа өндөр хөгжилтэй, хүмүүсийнх нь амжиргааны төвшин боломжтой улс орнуудын иргэдийн эдэлж хэрэглэж байгаад хаясан хуучин машиныг бас хэрээс нь хэтэрсэн өндөр үнээр авч хөл дүүжилж, амжиргаагаа залгуулж байгаа гэдэгтэй  маргахгүй биз ээ.

Төр, засгаас тууштай бодлого баримталж, дорвитой арга хэмжээ авч чадалгүй, баруун гар талдаа жолоотой өдий төдий машин нэгэнт оруулгачихаад эцэст нь  “Энэ муу буруу жолоотой машин” хэмээн ад үзэн гадуурхаж хөдөлгөөнд оруулахгүй хэмээн му­гуйд­лах явдал бол ард иргэдээ эрх тэгш хэмээн үздэг ардчилсан Засгийн газрын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагаанд нэг л нийцэхгүй байх шиг санагдана. Харин ч ард иргэдээ хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж ядуу зүдүү, хүрч ядсан амьдралтай хүмүүсийг гадуурхан тохуурхаж байгаагийн нэг илрэл гэвэл зохилтой юм уу даа. Эсвэл зүүн гар талдаа жолоотой үй олон машин оруулж ирэхээр зэхэж байгаа нөлөө бүхий том эрх ашиг, хотын дарга нарыг минь шахаж дарамталж зовоогоод бай­гаа юм болов уу. Тэгээд ч манай дунд, дундаас доош амжиргаатай ард иргэдийн дотор зүүн гар талдаа жолоотой, жараас дал, зуугаас  зуу гаруй мянган долларын үнэтэй машин бүү хэл арав хорин мянгынхыг аваад уначих чадалтай нь хэд байгаа бол...

Ер нь заавал баруун гар тал­даа жолоотой машиныг Ням гарагт хөдөлгөөнд оруулахгүй гэдгийн учир юу вэ. Тэгвэл зүүн гар талдаа жолоотой тээврийн хэрэгслийг Бямба гарагт хөдөлгөөнд оруулахгүй байж яагаад болдоггүй юм?!  Баруун гар талдаа болон зүүн гар талдаа жолоотой тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн хэн нь Бат-Үүл баатрын урдаас, хэн нь араас нь гарсан юм бол оо? гэсэн бодол эргэлзээ төрж бай­на. Бат-Үүл баатар минь ийм маягаар ард иргэдээ хөрөнгө чинээгээр нь алагч­лан ялгаварлаж бол­но гэж үү. Та чинь ард түмнийхээ төлөө явдаг үндэсний баатар биш билүү. Нийслэлийн хэвлэлийн төлөөлөгч “Судалгаа хийж, санал авч байна” гэж мэдэгдсэнийг дээр дурдсан. Баттулга, Бат-Үүл нар ч ард иргэдийн санал хүсэлтийг сонсоно, сонсож байгаа гэж их ярьдаг. Нийслэлд санал хүсэлт авдаг байр, утас, цахим хаяг ч нээгээд байгаа дуулдана. Зарим идэвхтэй, боломжтой нэг нь тэнд очиж санал хүсэлтээ хэлдэг, хэн нэг нь утсаар ярьдаг байх. Гэтэл харанхуйд бүдчиж, мөсөн дээр хальтичиж, хогондоо хутгалдаж бай­гаа захын хорооллын иргэдийн санал хүсэлтийг хэрхэн яаж авдаг бол гэдэгт эргэлзээ байна. Лав л манай хавиар ямар нэг асуудлын талаар санал хүсэлт сонсдог, авдаг хүмүүс үзэгдэхгүй юм. Тэгэхээр зүгээр нэг “Санал хүсэлт авна” гэж зарлаад цөөн хэдэн хүний үгийг сонссон болоод нөгөө мугуйдалсан шийдвэрээ ард иргэдийн нэр барьж гаргадаг. Дараа нь “Нийслэлийн иргэд та бүхний санал, хүсэлтээр ингэж шийдвэрлэлээ, ийм ажил хийж байна” гэж мэлздэг юм биш биз дээ. Нийслэлий төр, захиргааны байгуул­лагуудын ажил нэгдүгээр эгнээний замыг чөлөөлөх, хааяа давс элс цацах, хөшөө хаалга нураах гэх мэтээр хотын “А” зэрэглэлийн бус гэгчийн хавиар эргэлдээд байгаа юм биш үү. Ташрамд дурдахад хотын шинэ удирдлагуудын яриа, хийж байгаа зарим ажлыг ажиглахад боломжийн аятайхан сэдэл санаа, эхлэл оролдлого байгаа хэдий ч, нөгөө аймшигт утаа, хальтиргаа гулгаа, хог бохирдол, гэрэлтүүлгийн хомсдол зэрэг өнөөдөр нийслэлийнхний хоолойд тулсан амин чухал асууд­лын тухайд дорвитой хий­сэн ажил, бодитой ахиц өөрчлөлт алга. Гэхдээ яахав хөөрхийс гэр хорооллыг барилгажуулна, бохир цэврийн шугам татна, халуун хүйтэн устай болгоно гэхчилэн том том дуугарч, залуусын хэлдгээр сүрхий “бүл­тэрч” байгаа юм бас бай­наа. Гэвч тэр бүхэн нь Ардын Намынхны “Зургаан хувийн зээлтэй, зуун мянган айлын орон сууцны үлгэр” шиг болж “Зурам болоод нүхэндээ орох...” вий хэмээн санаа зовох юм.

Сүүлд нь хэлэхэд нэгд манай иргэд, жолооч нар Замын хөдөлгөөний дүрмээ баримталдаггүй. Мал бэлчээрлэж яваа юм шиг хандсан зүгтээ дур дураараа тэнүүчилдэг. Хоёрт ерөөсөө хөдөлгөө­ний соёл гээч зүйл бай­даг­гүй. Дээр нь хүмүүжилгүй, сахилгагүй, бас согтуу жолооч нарын танхай үйлдэл. Гуравт хууль журам сахиулагчид маань “гоё” дугаартай, том машины жолооч нарт бусдын адил шаардлага тавьж чаддаггүй. Дөрөвт чанаргүй сургалттай үй олон курс дамжаа төгссөн нэртэй, чадваргүй жолооч нараас шалтгаалж замын хөдөлгөөний осол зөрчил өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа нь бодит үнэн. Гэтэл үүнтэй зэрэгцүүлэн баруун гар талдаа жолоод­логотой машинаас болж осол зөрчил гараад бай­гаа нь мэтээр ухаарч, ярьж тайлбарлахыг оролд­дог нэгэн том туйлш­рал сүрхий газар авсан нь харамсалтай. Энэ бол зөвхөн төр, зас­гийн цөөн удирдлага, хөрөнгөлөг чинээлэг хүмүүст байдаг өрөөсгөл ойлголт бололтой. Үүнийг эрх мэдэлтнүүд олон талаас нь харж, бодож болгоогууштай санагдана. Ер нь нийслэ­лийн төдийгүй улсын хэмжээнд гарч байгаа зам тээврийн осол зөрчлөөс чухамдаа баруун гар талын жолоодлогоос яг шалтгаалсан нь төдий байна гэсэн баримтыг Замын цагдаагийнхан олон түмэнд хэлэх учир­тай. Гэхдээ баруун гар талдаа жолоотой машин явж байгаад дугуй нь хагарч осол гаргасан бол хөөрхий муу баруун гар талын жолоодлогын буруу юу байх билээ. Дугуй хагарсаныг баруун гар талын жолоодлогын буруу гэж тоо баримтад тусган мэдээлэх аваас жинхэнэ хэлмэгдүүлэл болно биз дээ.  Гэхдээ баруун гар талдаа жолоодлоготой тээврийн хэрэгсэл нь гүйцэж түрүүлэх үйлдэлд эрсдэлтэй, анхаарах ёстой гэдгийг жолоо барьдаг бараг бүх хүн гадарладаг. Харин энэ эрсдэл ихэвчлэн хөдөө орон нутгийн замд илүү тохиолддог гэлцдэг юм билээ.

Япон (Гэхдээ эднийх татвараар сүрхий зохи­цуул­даг бололтой юм билээ) зэрэг ард иргэ­дийнхээ эрх ашгийг юуны түрүүнд боддог цөөнгүй улс оронд баруун, зүүн жолоодлоготой тээврийн хэрэгсэл холилдоод л явж байгаа нь харагддаг. Баруун гар талдаа жолоод­логотой машин үнэхээр болохгүй байгаа бол энэ цаг үеэс эхлэн (2013 оны хоёрдугаар сарын 1-ээс ч гэдэг юм уу) гаднаас оруулахыг бүрмөсөн хориглох, нэгэнт оруулаад ирчихсэн машины хувьд насжилт, техникийн бүрэн бүтэн байдалд нь тавих хяналтыг өндөржүүлэх, татварын бодлогоор зохицуулах зэрэг бас жаахан зах зээлийн өнгө аястай арга механизмаар хандах нь зүйд нийцэх бус уу. Түүнээс биш нэгэнт үй олноор нь замбараагүй оруулаад ирчихсэн, ядуу зүдүү ард иргэдийнхээ мөрөө сэтэрч, тавхайгаа эргэтэл зүтгэж, хуруу хумсаа элээн байж олсон хэдэн төгрөгөөрөө авсан хөл дүүжилдэг чөдрийн ганцыг нь ад үзэн оролдож, чинээлэг боломжтойд нь ая тал засах байдлаар хандаж хараахан боломгүй мэт санагдана.