С.САРУУЛ

 Энэ жил 39 мянга гаруй хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх тооцоо гарчээ. Энэ онд төгсөх сурагчдын 80 гаруй хувь нь 18 настай. 18 нас хүрсэн сурагчдаас 30 гаруй хувь нь коронавирусын эсрэг дархлаажуулалтад хамрагдах боломжтой юм байна. Учир нь дархлаажуулалтыг 18 нас хүрсэн өдрөөс нь хойш хийх журамтай юм байна. Өнөөдрийн байдлаар 18-19 насны 9 мянга 378 хүн коронавирусын эсрэг дархлаажуулалтад хамрагджээ. Энэ нь өдөрт дунджаар хоёр мянга гаруй энэ насны залуус вакцинд хамрагдсан гэсэн үг юм.  Тухайлбал, Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн дархлаажуулах  цэгт өнөөдрийг хүртэл 600 гаруй 18-19 насны залуус вакциндаа хамрагджээ. Гэхдээ төрсөн оноороо 18 нас хүрсэн ч, өдрөөрөө хүрээгүй бол вакцин хийлгэх боломжгүй гэдгийг тайлбарлаж байна.  Энэ талаар сувилахуйн аргазүйч Х.Саранцэцэг “Улсын хэмжээнд 529 мянга 911 хүн коронавирусын эсрэг вакцины эхний тунг хийлгээд байна. Өчигдөр гэхэд л улсын хэмжээнд 59 мянга 692 хүн вакцинд хамрагдсан байна. Нийт вакцинд хамрагдсан хүний 452 мянга 620 нь Улаанбаатар хотод байгаа бол 77 мянга 291 хүн орон нутагт вакцинд хамрагджээ. Монгол Улс 18-аас дээш насны 2 сая гаруй иргэнээ дархлаажуулахаар төлөвлөсөн” гэв.

Эх сурвалж: www.polit.mn