COVID-19: Улс орнууд аюулгүй аяллын шошго-той болж эхэллээ

0
хуваалцах
199
үзсэн

С.УЯНГА

 

Цар тахал хумигдаж, вакцинжуулалт эрчимжихийн хэрээр дэлхий нийтээр маскгүй зуныг хүсч байна. Тиймдээ ч  улс орнууд жуулчдаа хүлээж, аялагчид үүргэвчээ бэлтгэж эхэллээ. Харин COVID-19-ийн дараах аялал жуулчлалын шинэ чиг хандлагыг дэлхий нийтээрээ “Аюулгүй аялал” хэмээн тодорхойлж, ижил таних тэмдэгтэй болж эхэлж байна. Энэ утгаараа Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл ирээдүйд аюулгүй, найдвартай, саадгүй. Аяллын туршид аялагчдад бодит туршлагыг бий болгох, сая сая хүний амьжиргааг дэмжиж, эдийн засгийн тогтвортой өсөлтөд хувь нэмэр оруулах аялал жуулчлалыг төсөөлж байгаагаа мэдэгдэв. Өөрөөр хэлбэл, улс орнууд аялагчдад танигдах нийтлэг дүрэм журамтай байхыг чухалчилж Дэлхийн аялал жуулчлалын зөвлөл Засгийн газар, эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд, хувийн хэвшил, аялагчдын хүсэл шаардлагад нийцүүлж хамтарсан шийдэл, удирдамж боловсруулж байгаа юм.

Жил тойрон зогсонги байдалд орсон аялал жуулчлалын салбарыг сэргээх санаачлагын хүрээнд эрүүл мэндийн шинэ удирдамж боловсруулахдаа найман салбарт товч баримт бичгийг бий болгохыг зорьж байна. Ингэснээр хувийн хэвшил нийтлэг нэг стандарттай болж, салбар хэвийн хэмжээнд шилжинэ гэж үзжээ. Тэр дунд агаарын тээвэр, зочлох үйлчилгээ, тур оператор, даатгал, богино хугацааны түрээс  зэрэг аялал жуулчлалын салбарт оролцоотой 11 чиглэлээр Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс удирдамж боловсруулсан байна.

Цар тахлын дараа аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг дахин эхлүүлэх, хурдан сэргээхэд чиглэсэн аюулгүй аяллын удирдамжийг шинээр боловсруулжээ. Олон улсын энэхүү удирдамж нь аялагч, жуулчдын болон салбарын итгэлийг сэргээх, хязгаарлалтыг бууруулсны дараа аюулгүй аяллыг дахин эхлүүлэхэд туслах зорилготой юм. Эдгээр удирдамж нь улс орнуудын эрх бүхий байгууллагуудыг нэгдсэн удирдамжаар хангахын зэрэгцээ COVID-19-ийн дараах дэлхийн эрүүл мэнд, эрүүл ахуйн шинэ хандлагын талаар аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэгч, тур оператор, аялагчдад зориулсан зааварчилгаа болох юм.

Аюулгүй аяллын удирдамж тус бүрдээ дөрвөн бүлгээс бүрдэх бөгөөд үйл ажиллагааны болон ажилтнуудын бэлэн байдал, аюулгүй үйлчилгээ үзүүлэх, аялагчдын итгэлийг сэргээх, бодлогын түвшинд дэмжлэг авах зэрэг багтаж байна. Энэ нь цар тахлын халдвартай тэмцэх зорилгоор тусгайлан бий болгосон дэлхийн аялал жуулчлалын салбарын анхны аюулгүй байдал, эрүүл ахуйн тэмдэг бөгөөд аялагчид дэлхийн өнцөг булан бүрт очихдоо аюулгүй аялах шошгоор бэлтгэл, бэлэн байдлыг таних юм. Харин бүх улс орон, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд, зорин очих улсын эрх бүхий байгууллагууд Аюулгүй аяллын удирдамжуудыг, агаарын тээврийн салбарт Олон улсын иргэний нисэхийн байгууллага, “Нислэг: Ковид19 нийгмийн эрүүл мэндийн хямралын үеийн агаарын аяллын удирдамж”- ййг мөрдсөн тохиолдолд энэхүү тэмдгийг ашиглах боломжтой. Одоогийн байдлаар аюулгүй аялалын шошгыг 300 гаруй улс авч аялагчдад үйлчлэхэд бэлэн, аюулгүй гэдгээ нотолж баталгаажуулах тэмдгээ авчээ. Харин манай улсын хувьд Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-аас аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад “Аюулгүй аяллын шошго” олгохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа юм. Холбогдох төрийн болон эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулж, дөрөвдүгээр сарын сүүлээс аж ахуйн нэгжүүдэд шошго олгож эхлэх юм. Монгол Улсын аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгжүүд “Аюулгүй аяллын шошго” авснаар олон улсад аюулгүй гэдгээ илэрхийлж, жуулчид ирэх нөхцөл бүрдэх юм.

“Аюулгүй аяллын шошго” олгохдоо үйл ажиллагааны болон ажилтнуудын бэлэн байдлыг хангасан байх, хариуцлагатай, аюулгүй үйлчилгээ үзүүлэх, зорчигчдын итгэлийг сэргээх, урамшууллын бодлого хэрэгжүүлэх шалгуурыг тавьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.9 БААСАН № 72 (6549)