Чулуунхүүгийн БЯМБАХАЖИД
Зарим хүний амьдралыг он цагаар бус, хийж бүтээсэн, цогцлоосон бүтээн байгуулалтаар нь хэмжиж болох мэт. “Бурхан хүнийг бүтээсэн, бусдыг нь барилгачин бүтээсэн” гэх энэ үгийн адилаар Улаанбаатарын энд тэнд Б.Жүгдэрийн өнөөдрийг хүртэлх цаг хугацааны хөдөлмөрийг нь сануулах мэт барилга байгууламжууд дүнхийн сүндэрлэнэ.
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн "Амьдралын тойрог" буландаа амьдралынхаа 57 жилийг их барилгын салбарт зориулж яваа гавьяат барилгачин, Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойгоор Хөдөлмөрийн баатар гэх эрхэм цолыг хүртээд буй Баатарын Жүгдэрийг урьж, түүний ажил амьдралын өрнүүн их дурсамж, түүхийг хуваалцлаа.
Аавынх нь алсын хараа хүүгийн ирээдүйн замыг заажээ
15-хан настайдаа нутгаасаа Улаанбаатар хотыг зорьж, барилгын техникумын босгоор алхсан Б.Жүгдэр гуайн амьдралын зам ийн эхэлжээ.
Түүний амьдралын 50 гаруй жил барилгын салбартай, тэр дундаа нэгэн байгууллагын түүхтэй салшгүй холбогдсон гэдэг. 1969 онд шинэхэн төгсөгч залуу ажлын гараагаа эхэлсэн байгууллага нь тухайн үеийн Улаанбаатар хотын Барилгын трест, өнөөгийн “Улаанбаатар барилга” компани байв. Түүнээс хойш тэрээр энэ айлаар овоглон, нэгэн насны хөдөлмөрөө зориулжээ.
Б.Жүгдэр Увс аймгийн Зүүнговь суманд 1950 онд таван хүүхэдтэй айлын дөрөв дэх хүү болон мэндэлжээ. Түүний аав Баатар 1939, 1945 оны дайнд оролцож явсан дайчин хүн. Харин ээж Жиржгээ нь айл гэрийн амьдралыг гийгүүлсэн, ажилсаг хичээнгүй эмэгтэй байсан гэдэг.
Тухайн үед сумын төвд байдаг тэдний гэрт зөвхөн өөрсдийн хүүхдүүд бус, хамаатан садны 10 гаруй хүүхэд хүртэл амьдардаг байжээ. Олон хүүхдийн дунд өссөн тэр хүү багаасаа дэг журам, хүмүүжил, хүнийг хүндлэх ухаанд суралцсан нь амьдралынх нь хамгийн том сургууль болсон гэнэ.
Тэрээр сумынхаа бага сургуульд дөрөвдүгээр ангиа төгсөөд Увс аймгийн Баруунтуруун дахь Сангийн аж ахуйд очиж, долоодугаар ангиа төгсчээ. Харин үүнээс хойш түүний ирээдүйн мэргэжлийнх нь эхлэл тавигдаж, аав нь хүүгээ Улаанбаатар руу явуулахаар шийджээ.
Тухайн үед аавынх нь төрсөн дүү барилгын салбарт ажилладаг байсан учир хүүгээ 15 настайд нь хот руу явуулж, Барилгын техникумд оруулсан гэдэг.
Энэ тухайгаа тэрээр “Тэр үед хүмүүс,“Баатар гуай яагаад ийм сайн сурлагатай хүүхдийг барилгын мэргэжлээр явуулчихав аа” гэж гайхдаг байсан. Харин одоо бодоход аавын маань тэр шийдвэр амьдралын минь хамгийн том алсын хараа байсан” гэж байв.
“Хэрэв барилгачин болоогүй байсан бол эрдэмтэн, эсвэл их сургуулийн багш болох байсан болов уу” хэмээн тэрээр инээмсэглэн дурсана.
Б.Жүгдэр Барилгын техникумд суралцаж, барилгын нарийн хэмжилт буюу геодезийн мэргэжил эзэмшин асар их бүтээн байгуулалт, амьдралын он жилүүдээ зориулсан салбартаа ажиллаж эхэлсэн нь энэ юм.
“Улаанбаатар барилга” компанийн Геодезийн техникчээс ажлын гараагаа эхэлсэн тэрээр хэлтсийн инженер, барилга угсралтын конторын дарга, ерөнхий инженерийн албыг хашиж, 1983 оноос байгууллагынхаа даргаар ажиллажээ.
Үүний зэрэгцээ 1972 оноос МУИС-д оройн ангид зургаан жил суралцаж, 1978 онд Иргэний болон үйлдвэрийн барилгын инженерийн мэргэжил эзэмшсэн байна. Хожим улсын боловсон хүчин бэлтгэх хөтөлбөрөөр шалгарч, ЗХУ-д барилгын чиглэлээр мэргэжлээ ахиулжээ.
Үүнээс гадна тэрээр ШУТИС-ийн хүндэт профессор бөгөөд мэргэшсэн, зөвлөх инженерүүдийг бэлтгэж, залуу үедээ зааж сургаж яваа нэгэн.
Б.Жүгдэр “Барилгын салбарын жинхэнэ сургууль танхимд хичээл үзэх бус талбай дээр байдаг” гэсэн юм.
“Бүтээж босгосон барилгаа хараад зогсох мөч хамгийн сайхан”

Барилгачин хүнд байдаг нэг онцгой бахархал бий. Тэр нь өөрийн барьж бүтээсэн зүйлийг хэчнээн цаг хугацааны дараа ч хараад зогсох мөч юм.
Тэрээр “Барилга бол хэдхэн жил хэрэглээд элэгдчихдэг эд зүйл биш. Зуу, зуун жилээр хотын өнгө төрх болж үлддэг. Өөрийн бүтээсэн барилгаа хараад “Энэ миний хийсэн зүйл” гэж бодох сайхан. Харин үр хүүхдүүд маань “Энэ бол аавын минь гар бие оролцон ажилласан барилга” хэмээн бахархаж явах бүр ч үнэ цэнтэй санагддаг” гэж байв.
Барилга гэдэг зөвхөн бетон, төмөр, тоосго биш. Харин хүний амьдрах орчин, хүүхдийн сурч боловсрох сургууль, эрүүл энхийн манаа болсон эмнэлэг, нэгэн гэр бүлийн гал голомтоо бадраах орон сууц юм.
Өөрөөр хэлбэл, хүний амьдралын хамгийн чухал мөчүүд өрнөдөг орон зайг бүтээж буй хэрэг. Тиймээс ч тэр энэ салбарт улам бүр “шунан дурлажээ”.
Үе дамжсан барилгачдын гэр бүл

Б.Жүгдэр өөрөө барилгын салбартай холбогдсон төдийгүй гэр бүлийнхэн нь ч мөн энэ салбарт хөдөлмөрлөж явна.
Тэрээр 1970 онд хань Л.Жадамбатайгаа гэр бүл болж, жилийн дараа анхны охиноо өлгийдөн авчээ. Өдгөө гурван хүүхэдтэй. Том охин, хүү хоёр нь аавынхаа замыг үргэлжлүүлэн барилгын салбарт ажиллаж байна. Гэргийнх нь хувьд ч барилгын технологийн мэргэжилтэй аж.
Магадгүй Б.Жүгдэр гуайн аавын 60 гаруй жилийн өмнө гаргасан шийдвэр зөвхөн нэгэн гэр бүлийн амьдралын замыг бүхэлд нь тодорхойлсон байж болох юм.
1990-ээд он Монголын барилгын салбарын хувьд хамгийн хүнд жилүүдийн нэг байлаа. Улс орны нийгэм, эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдөж, барилгын салбар тэр чигтээ зогсонги байдалд орсон үе байсан гэдэг.
“Баярт мэдээг сонсоод өөрийн эрхгүй нулимс унагасан”
Тэр үед “Улаанбаатар барилга” компанид 1700 гаруй ажилтан ажилладаг байжээ.
Тэдгээр хүмүүсийн ард 1700 гаруй амьдрал, гэр бүл, үр хүүхэд бий гэсэн үг.
Б.Жүгдэр компанийн удирдлагын хувьд хамгийн том асуудал нь зөвхөн байгууллагынхаа бүтцийг авч үлдэх биш, ажилчдаа ажил, орлоготой байлгах байв.
Тэрээр энэ тухайгаа “1993 оноос эхлэн ОХУ-тай хамтран ажиллаж, Монголд өвлийн улиралд барилгын ажил зогсох үеэр ажилчдаа ОХУ-ын Буриад улс, Улан-Үд рүү явуулан ажиллуулдаг болсон. Харин хавар дулаарч, барилгын ажил эхлэхээр тэд эх орондоо эргэн ирж ажиллана. Энэ нь хүнд үед хүний нөөцөө авч үлдэхээс гадна ажилчдаа орлоготой, цалинтай байлгах нь чухал байсан учраас 5-6 жил энэ маягаар ажилласан” гэлээ.
Түүний энэ хөдөлмөрийг үнэлж Буриад Улсын гавьяат барилгачин цолоор шагнаж байжээ. Харин 2005 онд Монгол Улсын Гавьяат барилгачин цол хүртээжээ.
Харин хөдөлмөрийн замынх нь хамгийн том үнэлгээ түүнээс хойш ирсэн юм.
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойгоор Б.Жүгдэр гуайн барилгын салбарт зориулсан олон арван жилийн хөдөлмөрийг үнэлж Хөдөлмөрийн баатар цолоор шагнажээ.
Шагнал гардуулахаас долоо хоногийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газраас түүн рүү утсаар ярьж энэ тухай дуулгасан байна.
Тэрээр “Өөрийн эрхгүй хоолой зангирч, баярын нулимс унагасан. Энэ шагнал бол миний барилгын салбарт ажилласан 50 гаруй жилийн үр шим, хамт олны минь хичээл зүтгэл хөдөлмөрийн үнэлгээ юм. Нэг хүний хөдөлмөрөөр сүндэрлэсэн барилга гэж байдаггүй. Түүний ард инженер, техникч, өрлөгчин, мужаан, гагнуурчин, жолооч гээд олон зуун хүний гар, хөдөлмөр бий” хэмээн баярын нулимс унаган ярьж байлаа.
Түүний барьсан барилга зуу зуун жилийн түүхийг бүтээнэ

“Улаанбаатар барилга” компани Монголын барилгын салбарын анхдагч байгууллагуудын нэг. 1937 онд байгуулагдсан энэ байгууллагын түүхэнд Б.Жүгдэрийн амьдралын хагас зуун жил багтдаг гэж болох юм.
Эх нярай, I төрөх, дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг, сургууль, цэцэрлэг зэрэг олон нийтийн зориулалттай барилга байгууламж, Буянт-Ухаа 1, 2 хорооллын 4500 гаруй айлын орон сууц, Монголд анх удаа “Boeing” онгоц засварлах зориулалттай нисэх онгоцны засварын газар, Яармаг дахь “Steppe Arena”-гийн угсралт, бетоны ажил гээд түүний удирдсан, хамт олны оролцсон бүтээн байгуулалт тоочоод баршгүй.
Тэрээр өөрийн гар бие оролцон сүндэрлүүлсэн барилгууддаа харах бүрд өнгөрсөн он жилүүдийн хөдөлмөр нүдний өмнө нь буудаг биз ээ.
Өнөөдрийн барилгын салбар Б.Жүгдэр гуайн 15 настайдаа хөл тавьсан үеийнхээс тэс өөр болжээ. Технологи хөгжсөн, үйлдвэрлэл дэлхийн түвшинд ойртсон, барилга илүү эко, ногоон чиглэл рүү шилжиж, цахимжилт ч салбарын нэг хэсэг болжээ.
Харин цаашид үйлдвэрлэл, удирдлага, зохион байгуулалтаа улам сайжруулах шаардлагатай гэж тэрээр хэлсэн юм. Гэхдээ технологи хэчнээн хөгжсөн ч барилгын салбарын хамгийн чухал зүйл нь ажилтан хэвээр.
Тэрээр “Өнөөдөр энэ хүн ямар сайхан их сургууль төгссөн бэ гэдгээс илүү ажилдаа ямар хандлагатай вэ, ямар ур чадвартай вэ гэдгийг л хардаг болсон” хэмээн онцлов.
Б.Жүгдэрийн амьдрал тэр чигтээ барилга гэх их зүйлтэй салшгүй холбогдсон нь түүний яриа бүрээс тодорч, мэдрэгдэж байлаа. Энэ амьдралын тойрог бол 60 гаруй жилийн турш нэг салбараа сонгож, нэг байгууллагатайгаа хувь заяагаа холбосон хүний амьдралын зам юм.
Түүний бүтээсэн орон сууцанд айлууд аз жаргалтай амьдралаа цогцоож, хүүхдүүд өсөж, амьдрал үргэлжилсээр байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 14. ДАВАА ГАРАГ. № 172 (7914)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn