Б.ДОЛЖИНЖАВ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ерөнхийлөгчийг зургаан жилээр хоёр удаа дараалан сонгох хуулийн төсөлд даваа гаригт гарын үсэг зурснаар 2036 он хүртэл Оросыг удирдах боломжийг өөртөө бүрдүүллээ. Ингэснээр өдгөө 68 настай Путин 83 нас хүртлээ ерөнхийлөгчөөр ажиллах эрхтэй болсон юм. Үүндээ хүрч чадвал тэр Оросын эзэнт гүрнээс хойш төрийн тэргүүнээр хамгийн удаан ажилласан хүн болно. Одоогоор Иосиф Сталин Зөвлөлт Холбоот Улсыг 29 жил удирдсан үзүүлэлтээр тэргүүлж байгаа.

Тэрээр өнгөрсөн оны долдугаар сард бүх нийтийн санал асуулга явуулан 78 хувийн саналаар Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулсан билээ. Путин хамгийн анх 2000 онд ерөнхийлөгчөөр сонгогдон дөрвөн жилийн хугацаагаар хоёр удаа дараалан тус албыг хашсан. Харин 2008 онд түүний туслах Дмитрий Медведев ерөнхийлөгч болсон. Энэ үедээ дараагийн ерөнхийлөгч зургаан жил ажиллах хуулийг баталсан юм. Ингэснээр Путин 2012 онд дахин ерөнхийлөгч болж, 2018 онд мөн дахин сонгогдон ажиллаж байгаа юм. Олон улсын зүгээс тус хуулийг Путин насан туршдаа ерөнхийлөгч байх эрхийг өөртөө олгосон явдал хэмээн үзэж байна.

Хуулийн нэмэлт өөрчлөлт зөвхөн Путиний сонгогдсон хугацааг тэглээд зогсохгүй ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдэд тавих шаардлагыг   нэмжээ. Нэр дэвшигч өмнө нь ямар нэг гадаад улс орны иргэний харьяалалтай байгаагүй, ОХУ-д хамгийн багадаа 25 жил амьдарсан байх ёстой болсон байна.

Кремлийг хүчтэй шүүмжлэгч ОХУ-ын Сөрөг хүчний удирдагч Алексей Навальный хоёрдугаар сард 2.5 жилийн ял аван хоригдож байгаа. Тэрээр Сибир руу аялж байхдаа хордон Германд таван сар эмчлүүлж байгаад буцаж ирэхэд нь нэгдүгээр сард түүнийг баривчилсан. Навальный өөрийг хордуулсан хэрэгт Кремлийг буруутгаж байгаа ч Оросын эрх баригчид үгүйсгэсээр байгаа юм.

Эх сурвалж:Aljazeera