Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас COVID-19 халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг 11:00 цагт /2021.04.03/ танилцууллаа. Улсын хэмжээнд баасан гаригт 486 хүнээс халдвар илэрсэн бол бямба гаригт 271 тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд долоон аймагт 39 тохиолдол батлагдсан бол есөн аймагт халдвар нэмж бүртгэгдээгүй байна. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 22 лабораторид 17537 хүнд шинжилгээ хийхэд 271 тохиолдол батлагдсан байна. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 9898 боллоо.Шинэ батлагдсан тохиолдлуудын 232 нь Улаанбаатарт батлагдаж, нийслэлийн хэмжээнд батлагдсан тохиолдол 7889 болсон бол 39 нь орон нутагт бүртгэгдсэн. Шинээр бүртгэгдсэн халдварын тоо буурсан мэт харагдаж байгаа ч үндсэндээ хэвээрээ байна. Учир нь бид программын шинэчлэл хийсэнтэй холбоотойгоор халдварын мэдээллийг өглөөний 09:00 цагаар тасалдаг байсан бол 00:00 цаг болгон урагшлуулсан. Тиймээс өнөөдөр тоо буурсан мэт харагдаж байгаа" гэв.Өнгөрсөн 24 цагийн хугацаанд COVID-19 халдвараар өвчилсөн 54 настай эрэгтэй нас баржээ. Ингэснээр тус халдвараар нас барсан хүний тоо 11 боллоо.

Халдвар бүртгэгдээгүй аймгуудад:

Архангай

Баянхонгор

Говьсүмбэр

Дархан

Завхан

Сүхбаатар

Төв

Увс

Хэнтий аймаг багтаж байна. Харин Булган, Дорноговь, Орхон, Өвөрхангай, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл аймагт халдварын тохиолдол нэмэгдсээр байна. 

Эх сурвалж:www.polit.mn