О.НАР

Залуу од, дуучин Билли Айлиш /Billie Eilish/ өөрийн инстаграм хуудастаа үснийхээ өнгийг өөрчилсөн зургаа оруулсан нь зургаан минутын дотор нэг сая “лайк” авч, рекорд амжилт тогтоожээ. Одоо уг зурагт “лайк” дарсан хүний тоо аль хэдийнээ 21 саяыг давжээ.

“Bad Guy” дуугаараа хөгжмийн ертөнцийг байлдан дагуулсан залуу дуучин олны танил болсон цагаасаа л уг нь хар, үзүүр нь ногоон сортой үстэй байсан. Тиймээс шаргал үстэй Билли Айлиш гэдэг бол үнэхээр цоо шинэ дүр төрх байлаа. “Намайг чимхээрэй” гэсэн товчхон тайлбартай рекорд эвдсэн зургаа тэрбээр шинэ дүрх төрхөө анх харуулсан видеоныхоо дараа оруулсан билээ. “Та зөв таасан уу?” гэсэн тайлбартай бичлэгээс шүтэн бишрэгчид нь түүний шинэ дүр төрхийг анх харсан. Шаргал үстэй Билли Айлишийн бичлэг одоо аль хэдийнээ 10 сая гаруй лайк авчээ.

Өмнө дуучин Селена Гомесын 26 насны төрсөн өдрийн зураг нь хамгийн богино хугацаанд нэг сая лайк авсан дээд амжилтыг эзэмшиж байжээ.

Эх сурвалж: zms.mn