А.ДОРЖХАНД

 

“Зууны мэдээ” сонин “Өв соёл: Монгол ардын дуу” булангаараа Монгол ардын аман зохиолын нэг том өв болох ардын дууны талаар судлан сурвалжлан бичдэг билээ. Энэ удаад бид “Алтан богдын шил” ардын уртын дууны талаар уншигчдадаа толилуулж байна.

Зээ Алтан богдын шилд нь

Алтан гургалдай жиргэнэ

Тэр гургалдайн дуунд нь

Агт морь нь сульдана

Зээ Алтан богдын харуулд нь

Арван жил өнжлөө

Арван жилийн халуунд нь

Арайхийж дөмийж суулаа... хэмээн эрдүү уянгалах энэхүү дууны үгийн яруу тансаг сэтгэмж, яруу тансаг аялгууг зүйрлэж бичихэд үг дутах аж.

Дуунд өгүүлэн буй алтан гургалдай гэдэг  шувуу нь  өндөрлөг газарт байдаг бөгөөд гайхалтай уянгалаг дуу хоолойтой, төвөнхийн булчингаараа донгоддог байна. Тиймээс ч  дэлхий дээр  4000 мянга гаруй төрөл байдаг уг шувууг  хүмүүс “уран дууч шувуу” хэмээн нэрлэдэг аж. Монголчуудын уртын дуу, үлгэр, домогт алтан гургалдайн тухай өгүүлэмж их байдаг. Энэ дуунд гэхэд “Алтан гургалдайн дуунд агт морин сульдана” хэмээсэн нь тэр шувууны дуу хэчнээн уянгалаг болохыг  илэрхийлсэн зүйрлэл гэж хэлж болно. Харин “Алтай Богдын харуулд нь арван жил өнжлөө, арван жилийн халуунд нь арайхийж дөмийж суулаа” гэсэн мөрүүдээс нь баруун хязгаарт очсон хилийн  цэрэг хүн энэхүү дууг зохион дуулсан гэдэг аргагүй л үнэн байх гэдэг сэтгэгдэл төрнө.

“Алтан богдын шил”-ийг халх, сартуул, боржигон, баянбараат, захчин, ойрад, торгууд зэрэг нутаг нутгийнхан өөр өөрийн онцлогт тааруулан  өөрөөр дуулдаг байна. Тухайлбал Говь-Алтайн аймаг руу арай өөр ая дангаар буюу арай богино аяар хоёр түрлэг урьд нь “зээ”-гүй дуулдаг байна.  Харин Өвөрмонголд “Шижир богдын шил” нэртэйгээр дуулагддаг бөгөөд төрийн дуунд ч ордог ажээ. Мөн хуучин хүрээнд найр хуримд энэ дууг их дуулдаг байжээ.

Энэ дууг нь  манай улсын нэртэй олон сайхан дуучин дуулсан. Тэдгээрийн нэг нь ардын жүжигчин Ч.Шархүүхэн юм. Дуучны ярьснаар бол тэрбээр энэ дууг анх 1968 оны үед өөрийн багш С.Дамчаа гэдэг хүнээс сурсан байна.  С.Дамчаа багш нь дууны үүх түүхийн талаар шавь Ч.Шархүүхэндээ хэлэхдээ, “Баруун аймагт цэрэгт  явсан  эр нутгаа санагалзан ая дан гарган дуулсан” гэж хэлж өгч байжээ. Ардын жүжигчин Ч.Шархүүхэн хэлэхдээ “Багш ингэж хэлж байсан. Бас зарим настан багшийн хэлсэнтэй адилхан үүх түүх ярьж өгч байсан. Харин би хоёр ч ахмад хүнээс энэ дууг Өндөрийн “Ембүү” хамарт гэж хүн зохиосон гэж ярьж байхын сонсож байлаа. Үнэн зөвийн сайн мэдэхгүй юм. ”Алтан богдын шил” дууг дуулахад надад холын зэрэглээ татсан сайхан нутаг санагдаж, сайн сайхан үйл дотоод сэтгэл дотроос  нь хайлан дуулж зохиосон байхдаа гэх бодол төрдөг.  Багш минь ч ингэж хэлж байсан. Холын зэрэглээ өндөр уулын оргил дээр харуулд зогсож байгаа хүн доошоо тал нутгаа харахад л гарах аялгуу даа гэдэгсэн. Энэ дууны онцлог  нь дан давхар шуранхайтай. Уртын дуучин хүн дуулахад бас л чадал шалгах айзам дууны нэг. Уртын дуунд давхар шуранхайтай ороолт, эргэлт, дээшээ өргөлт, буулт янз бүрийн юм байдаг. Намайг энэ дууг дуулж сурсаны дараа багш маань “Чи бас овоо шүү, надад байдаггүй хоёр  дамжааг сүрхий хийчихсэн байна” гэж үнэлж байлаа. Дуучин хүн дуулж буй дуугаа мэдрээд нэг өөрийн нарийн мэдрэмжээр цохилт ч юм уу хатгуур хийчихсэн байх талтай тиймээс би багшид байгаагүй хоёр дамжааг хийж дуулсан” юм гэж хуучиллаа. Ийнхүү их дуучны ярьсаныг сонсохоор баруун хязгаар нутаг эрхгүй санагдаж, тэр хол нутгаас эх нутаг, ээж, ааваа санагалзан буй цэрэг эрийн дуулах  нь сэтгэлд буух...

Дуунд өгүүлэн буй Харуул Алтайн талаар газарзүйн ухааны  доктор, профессор  О.Сүхбаатар гуайтай холбогдож учрыг  лавлавал “Харуул Алтайн тухайн янз бүрээр нэрлэх нь бий. Харуул Алтайг Ховд аймгийн баруун хязгаар тэр хэсгийг гэж бодож тун болмоор  санагддаг. Учир нь Алтай Таван богдоо бодвол уулс нь нийлчихсэн Алтайгаа давдаг даваа  гүвээ олонтой. Тиймээс  байнгын харуул  хэрэг болоод дөрвөн ойрадын дөрвөн хошуу зэрэг олон аймгаас цэрэг татан авчирсан. Зах баруун хязгаар болон захчингуудын үүх түүхийг авч үзвэл Алунгоо хатны төрүүлж өсгөсөн Бэгэнүгдэйн үр хойчис буюу Бүгүнүд, Харчин, Мухулайн овог элкэнээс гаралтай гэдэг бөгөөд Өрлөг жанжин Зэлмэ, Мухлайн харъяаны ардууд билээ. Эдгээр иргэд 1670-аад оны үед  Баруун болон Халх Монголын хилийн бүс оршин Алтайн хавийг  сахиулах гэж  тэр нутагт  суух иргэдийг захчин гэж нэрлэжээ хэмээдэг. Одоо захчингууд голдуу Ховд аймагт бий. Тухайлбал Ховд аймгийн Манхан сумын хүн амын 90% , харин Алтай сумын 80-90 %-ийг, Зэрэг сумыг 90%, Үенч сумын 70%-ийг бусад сумынхаа иргэдийн 50%-ийг  захчингууд эзэлдэг. Харин  Үенч сум Булган сум хоёрын заагт Харуул овоо гэж нэртэй овоо бий” гэсэн юм.  Зах хязгаар нутгаа сахин суудаг  захчингууд маань Алтан богдын шил дууг  “Алтай зайрын шил” гэж нэртэйгээр дуулдаг байна. Харин  Булган, Үенч  хоёр сумын заагт орших “Харуул овоо”-ны тухайд хил хязгаарын тэмдэг эсвэл, ямар нэгэн зүйлд тэмдэг болгон байгуулсан байх талтай гэж үздэг бөгөөд судлаачид уг байгууламжийг XVII-XVIII зууны үед хамааруулан авч үздэг байна.  Монгол Алтайн нуруунд иймэрхүү бие биеэ харсан гурван чулуун байгууламж байдаг бөгөөд  эдгээр овооны  хоёр нь Хятадын нутагт, нэг нь Монголд байдаг байна. Энэхүү Харуул овооны домгийг  нутгийнхан олон янзаар ярьдаг байна. Түүний нэгийг сонирхуулбал, урьд цагт Жаргалан хэмээх эл нутаг нь Их хааны харуулын албыг гүйцэтгэдэг байсан захчин ястны өлгий нутаг юм. Тэр цагт урд, хойд, Жаргалантын уулаар харийн хошууны хил хязгаар залгаж байсан тул харуул манаатай байжээ. Тэр цагт уугуул нутгийн айлын ганц хүү нутаг усаа сайтар хамгаалсаар насан өөд болж. Түүнийг нутаглуулахад хошуу ноён нь зарлиг гаргаж  түүний унадаг морь, анч нохой, бүх зэр зэвсгийн хамт овооны дотор хийж чулуугаар хашиж бунхалсан гэдэг. Харуул овоо хүртэл хүмүүс нэг эгнээ болон зогсч зуурсан шавар, чулуу, модыг гар дамжуулан уулын оройд гаргаж байсан гэсэн аман яриа ч байдаг байна.

Энэ дууг цааш  судлан үзвэл Өвөрхангай аймагт нэлээн түгээмэл дуулагддаг байсан тухай нутгийн настангууд хэлж байлаа. Тэдний ярьсанаар  нутгийхан шилийн сайн эрс баруун Алтай хүртэл адуу хөөдөг байсан ба тэр нутгаас энэ дууг сурсан байх магадлалтай гэж байв. Нээрээ ч

Зээ Хөхөлзөгч говийг,

Хөх бороороо туулъя,

Хөгшин буурал аавыгаа,

Санах хэрдээ туулам бэ

Зээ Барилгар говийг,

Баахан шаргаараа туулъя

Эмгэн буурал ээжийгээ

Санах хэрдээ туулам бэ

Зээ Агийн өндөр давааг

Алтанхан шаргаараа давъяа

Агин буурал ааваасаа

Арайхан хол сууна гэх зэргээр дуулагддаг нь нээрээ л шилийн сайн эрс, хүлэг морины нуруун дээр хүний нутагт явахдаа дуулж байсан болов уу гэж бодол төрөх ажээ.  Энэ дууны бүх хувилбарыг нэгэнтээ нэгтгэн эмхтгэсэн Х.Сампилдэндэв К.Яцковская нарын 1984 онд хэвлүүлсэн “Монгол ардын уртын дуу” дуунд 18 бадаг бичигдсэн байна. Эхний бадгууд дээр нэмэгдээд эдгээр бадаг орсон байна. Үүнд:

Зээ Эгийн өндөр давааг

Элгэн хүрнээрээ давна

Эмгэн буурал ээжээсээ

Энэхэн хол сууна л

Зээ  Хахир хатуу говийг

Хар хүрнээрээ туулна

Хаан эзэн дээдэс минь

Халаагүй хайрлах болоогүй юу

Зээ Хөхийн өндөр давааг

Хөөрхөн бороороо давъяа

Хөгшин буурал ээж аавдаа

Хөндий холоос золгоё

Зээ Өлийн их давааг

Өглөөний сэрүүнд давна

Өлөн хар нүдээ

Ижий дээрээ тавина

Зээ Цаст хангайн шилдээ хө

Цагаан бороор нь давлаа хө

Цал буурал ээждээ хө

Цагтаа мэнд золгодог болов уу

Зээ Арцатын өндөр уул даа хө

Айганхан бороороо давлаа хө

Агин буурал аавдаа хө

Амар мэнд золгодог болов уу

Зээ Эрэвгэр хонгор зээрд минь

Хэнийхээ сүрэгт байдаг бол

Хэнз бага дүү минь

Хэнийхээ дэргэд суудаг бол

Зээ Яшил гэдэг мод нь

Яасан хатуу мод вэ

Ийм л хол сууна вэ

Зээ Бургас гэгч мод нь

Будан дундаа сүүмэлзэнэ

Буянтай аавын хүү

Иймхэн хол сууна

Зээ Зах ганц модонд

Элдэв шувуу цуглана

Залуу бага насанд

Элдэв санаа төрнө

Зээ Гэгээн талын цэцэг

Гялбалзан ганхана

Гэнэхэн бага насандаа

Гэнэдэж битгий яваарай

Зээ Алс холын албанаас 

Амар мэнд л халагдаж

Аав ээж хоёртойгоо

Агуулзахын ерөөлийг тавъя

Зээ Буурал хангайн шилд нь

Буга гөрөөс тоглоно

Буянтай төрсөн та бүгдтэй

Булт хамтаар жаргацгаая  гэж  хэмээн бичигджээ.  Алс хол арван жил хугацаагүй цэргийн албанд хязгаар  нутагт аав ээж ахан дүүс  мөрөөдсөн  эр цэргийн энэ дууг судлах тусам   эртний нэгэн бичээстэй ижил төстэй ч санагдах аж.  Цаг хугацааны хувьд хол зөрүүтэй ч илэрхийлсэн санаа нь их л ойрхон байгаа юм.  Энэ бол  Алтан ордны үйсэн дээрх бичиг  билээ. Алтан ордны үйсэн дээрх бичигт ч  мөн Повольжийн хавьд Волга мөрний хөвөөнд нэгэн залуухан монгол цэргийн ээждээ зориулж бичсэн шүлэг, дуулал хэлбэрээр туурвисан бүтээл юм. Аян дайнд оролцож явсан цэргийн хүн эх юугаан санагалзан бичсэн аястай энэхүү шүлгийг нэрт монголч эрдэмтэн Н.Поппе судлан анх нийтлүүлсэн. Өдгөө энэ олдвор ОХУ-ын Санкт-Петербург хотын Эрмитажид хадгалагдаж байдаг. Энэ шүлэг нь  монголчуудын урлаг соёлын өндөр мэдрэмжийг илтгэсэн нэгэн том өгүүлэмж юм. Уг бичвэр нь монгол бичгээр бичигдсэн бөгөөд 25 хэсгээс бүрдэх ба 19 нь ар өвөргүй бичигдсэн байжээ. Уг шүлэгт ийн бичигдсэн байна.

Хүүгийн үг

Эх элбүр, эх минь ээ

Өлөнгийн өвс гундахад хүрэв

Өнөр садан буцахад хүрэв

Өнөр садан буцахад хүрэв

Өргө нутагтаа буцсу

Уулын өвсөн гандахад хүрэв

Ах дүүс буцахад хүрэв

Ахуйяа суух нутагтаа очсу

Эхийн үг

Өвчүүний чинь үсхэн

Үүдмэл алт болоосой хэмээлээ

Эмгэг зовлонд бүү таараг

Эгүүн дээд чагаа минь

Товчийн чинь үсэн

Тун алтан болоосой хэмээлээ

Тотгор адад бүү золго чагаа минь

Тэргүүний чинь үсэн

Дэлхийн алтан болоосой хэмээлээ   хэмээн бичсэн байх ажээ. Эдгээр дуу шүлгээс үзвэл эртнээс монголын эрэлхэг  зоригт эрчүүд эрхий мэргэн харваач эзэн улсынхаа төлөө ямар ч дайн байлдаанд явдаг эх орон дуудсан цагт энхийн харуулын албанд элсэн он жилүүдэд сууж чаддаг байжээ. Түүгээр барахгүй цээжиндээ цэцэлсэн үгтэй хэлж ярих үг бичиг соёлын өндөр соёлтой байсныг илтггэнэ. Тиймдээ ч  эртний сударт хүчирхэг баатар эрс эх нутаг ээжийн хайрыг нэг л насаараа их л үгүйлж байжээ гэж бодогдохоор бичигдсэн нь бий. Түүний нэг жишээ нь Лу “Алтан товч” мөн “ Монголын нууц товчоо”-д бичсэнээр Бэлгүдэй ноён мэргид хүн харах бүрдээ эхийг минь авчир хэмээн харвах бүлгээ хэмээн бичсэн  байдаг Энэ хэсгийг уншихад  “Алтан богдын шил” дууны “Эгийн өндөр давааг, элгэн хүрнээрээ давна, эмгэн буурал ээжээсээ энэхэн хол сууна” хэмээх шүлэг нь утга дүйх мэт санагдаж цагийн эзэлсэн их хааны дүү нэг насаараа эхийн хайрыг үгүйлж байжээ гэж бодогдон уярал төрнө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.2 БААСАН № 66 (6543)