Төмөрбаатарын Батсайхан

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр” өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу энэ сарын 21-нд тохионо. Их эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулж, Их эзэн Чингис хааны алтан сургаал, айлдвараас сонордуулан, Төрийн тугийг цэнгүүлнэ. 

Мөн энэ өдөр Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон гардуулах ёслол болж, төр засгийн тэргүүн, төрийн өндөр албан тушаалтнууд, “Чингис хаан” одонт эрхмүүд, ёслолд уригдсан хүндэт зочид, иргэд Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэх юм. 

 

"Чингис хаан" тэргүүн зэргийн одонг академич С.Нарангэрэлд хүртээх үү

"Чингис хаан" тэргүүн зэргийн одонг хэн хүртэх вэ гэдэг нь “Монгол бахархал”-ын өдрийн өмнө яригддаг.  Өнгөрсөн жил НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд энэ одонг хүртээж байв. Тэрээр “Чингис хаан” одон хүртсэн хоёр дахь гадны иргэн болж байв.   Монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд "Чингис хаан" тэргүүн дээд одонг мөн хүртээж байсан билээ. 


Тэгвэл энэ жил академич С.Нарангэрэлд хүртээнэ гэсэн гэж эх сурвалж мэдээлж байгаа. С.Нарангэрэл нь  Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, ШУА-ийн академич, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор цолтой.  Монголын хуульч, улстөрч, нийгмийн зүтгэлтэн юм.  1992 оны УИХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан. 2004 онд Японы Нагояа Их Сургуулийн зочин профессороор ажиллаж байсан бөгөөд 2018 онд МУИС-ийн Эмирет профессор цол хүртсэн байдаг.    


“Чингис хаан” одонг Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх, нийгэм, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны дэвшлийг хангах, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхийн бусад оронд сурталчлан таниулах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэн болон байгууллагыг шагнахаар анх 2002 онд УИХ-ын тогтоол гарч байв. Улмаар  2005 оноос олгож эхэлсэн.  "Чингис хаан" одонг зөвхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. Нийт 18 удаагийн шагнал гардуулах ёслол болсноос 15 нь хувь хүн, байгууллагаас Монгол Улсын Зэвсэгт хүчин, ХҮ хамтлаг, Морин хуурын чуулгыг шалгаруулсан юм.


“Чингис хаан” одон хүртэгсэд:
2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат
2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав
2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Бямбасүрэн  
2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж
2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди
2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл
2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном  
2014 онд Нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай
2015 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёо
2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар
2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр
2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан ХҮ хамтлаг
2021 онд Дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Ж.Гүррагчаа
2021 онд Монгол Улсын Зэвсэгт хүчин  
2022 онд Академич Д.Доржготов
2022 онд АНУ-ын эрдэмтэн Жак Уэтерфорд 
2023 онд Морин хуурын чуулга
2024 онд НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар хүртээд байна. 

 

“Чингис хааны удмын хутагт: Дорнын их сэргэн мандалт” тусгай үзэсгэлэн гарна

Мөн энэ жил “Монгол бахархал”-ын өдөрт зориулан “Чингис хааны удмын хутагт: Дорнын их сэргэн мандалт” тусгай үзэсгэлэнг үзүүлэх юм. Тус үзэсгэлэнд Өндөр гэгээн Занабазарын мутрын шилдэг бүтээлүүдийн дээжээс олон нийтэд дэлгэн үзүүлэх бөгөөд, дотоод амар амгалан байдлаар бүтээж шүншиглэн амилуулсан, урлаг, уран сайхан гоо зүйн хувьд дахин давтагдашгүй бүтээлүүдийг нэгэн дор дэлгэн түмэн олны мэлмийг баясгана.  Зураач, уран бүтээлч, С.Чулуунбаатар нь хөрөг зургийн бие даасан энэхүү үзэсгэлэнгээ 2019 онд АНУ-ын Нью-Иорк хотноо Нэгдсэн Үндэстний байгууллагын төв байранд Монголын агуу их хаадын түүхийг танилцуулан дэлгэж байсан билээ. 

 

Н.Энхбаяр: Бид тэнгэрийн хүүхдүүд, үүндээ гүн бат итгэх ёстой

Монгол бахархлын өдрийг тохиолдуулан МУБИС-аас Хубилай сэцэн хааны мэндэлсний 810 жилийн ойн “Хубилай сэцэн хаан, түүний амьдрал үйл хэрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. Энэ хуралд МУИС, ШУТИС, СУИС, ҮБХИС болон Өвөр Монголын их сургуулийн эрдэмтэн судлаачид зэрэг нийт 20 гаруй эрдэмтэн илтгэлээ хэлэлцүүллээ. Хубилай хаан бол Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргээрээ маш өндөр байр суурьтай, дорно дахины түүхэнд Монголын хүчирхэг эзэнт гүрнийг байгуулахад үнэлшгүй хувь нэмэр оруулсан агуу хаан. Иймээс энэ агуу хааны мэндэлсэн ойг зүгээр орхиж болохгүй гэдгийг эрдэмтэд онцолж байв. 


МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.Идэр “Түүхэн сурвалж бичгүүдэд Хубилай хаан 1215 он  хөхөгчин гахай жилд мэндэлсэн гэж тэмдэглэдэг. Юань улсын судрын Хубилай сэцэн хааны намтарт түүнийг хөхөгчин гахай жилийн наймдугаар сарын хөхөгчин туулай өдөр буюу билгийн тооллын өдөр мэндэлсэн хэмээн тодорхой бичсэн. Үүнийг аргын тоололд шилжүүлбэл есдүгээр сарын 23-нд тохирно. Манай олон эрдэмтэн судлаач үүнийг баталж, түүхийн бүтээлүүддээ бичсэн байдаг. Тиймээс бид жил бүрийн есдүгээр сарын 23-нд их хааныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэж, зохих арга хэмжээнүүдийг зохион байгуулах нь зүйтэй” гэлээ.  
Мөн энэ үеэр Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Үндэстнүүдийн өгүүлэмж, философи нь юу вэ гэдэг асуудлаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Орос бол Москва бол гурав дахь Ром, БНХАУ бол “Хятад 5000 жил үргэлжилж буй соёл”, Израиль  “Иерусалим хот бүрдсэн гурван ариун чулуу ба гурван шашны төв, Монгол бол Монголын Нууц Товчоо ба бид тэнгэрийн хүүхдүүд. Үүндээ бид гүн бат итгэх ёстой. Үгүй бол өгүүлэмжээрээ ялагдана” гэсэн юм. 

 

Чингис хаан судлалын ном зүйн нэгдсэн мэдээллийн сантай болов

“Монгол бахархал”-ын өдрийн хүрээнд Үндэсний номын санд “Чингис хаан судлалын ном зүйн нэгдсэн мэдээллийн сан”-гийн нээлт боллоо. Энэ үеэр Чингис хаанд холбогдох сурвалж бичиг, ном хэвлэлийн үзэсгэлэнг нээлтэд зориулан давхар дэлгэн толилуулав. “Чингис хаан судлалын ном зүйн нэгдсэн мэдээллийн сан” бүрдүүлсэн нь монгол судлалд бий болсон томоохон чиглэл болох “Чингис хаан судлал”-ыг хөгжүүлэх, монгол бахархлыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр болох ажил болж байна. Энэ ном зүйн мэдээллийн нэгдсэн санг олон нийтэд нээлттэй болгон тавьсан ба цаашид мэдээллийн санг холбогдох судалгааны байгууллагуудтай хуваалцаж, хамтран баяжуулан хөгжүүлэх ажлыг хийхээр төлөвлөжээ. Мэдээллийн санг бүрдүүлсэн Чингис хаантай холбоотой судар ном, гар бичмэл, сурвалж бичгийн дээж, Чингис хаан судлалаар гаргасан дотоод гадаадын эрдэм шинжилгээ, судалгаа, утга, уран зохиолын 200 гаруй ном бүтээлтэй үзэсгэлэнг дэлгэсэн байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2025 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20. ПҮРЭВ ГАРАГ. № 220 (7717)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжээрэй.

Таны итгэл, дэмжлэг биднийг хараат бус байлгадаг.