П.АМГАЛАНБАЯР
“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өв соёл” буландаа Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд дэлгэсэн “Өв, Өлгий-3000” тусгай үзэсгэлэнгээс бэлтгэсэн сурвалжилгаа хүргэж байна. Үзэсгэлэнгийн танхимд ороход сонирхолтой, өвөрмөц орчин угтав. Хэдэн зуун жилийн өмнөх түүхийг тэнд хүүрнэх аж. Дөрвөлжин булш, хадан дээр зурсан зургууд гээд цаг хугацаагаар аялах мэт тун сонирхолтой аж. Мөн хамгийн сонирхолтой зүйлийн нэг нь 3000 жилийн өмнө зурагдсан, олон мянган жилийн явцад арилж бүдгэрсэн зургийг сүүлийн үеийн техник, технологийн дэвшлийг ашиглан сэргээн олон нийтэд хүргэж буйгаар онцлог байв. Тодруулбал, дөрвөлжин булшны хадны зосон зургийн судалгааг Улаанбаатар хотын Гачууртын ам, Их тэнгэрийн ам хэмээх хоёр түүхэн дурсгал дээр сүүлийн үеийн техник, технологийн дэвшил ашиглан, олон программын тусламжтайгаар сэргээж 3000 жилийн өмнөх түүхээ эргэн харах боломжийг олгосон юм. Мөн “Өв, Өлгий-3000” үзэсгэлэн нь дөрвөлжин булшны соёлыг анх удаагаа ийм өргөн цар хүрээтэйгээр дэлгэн харуулж буй олон мэргэжилтний хүч хөдөлмөр, цаг хугацаа шингэсэн ажил болж байна.
1543 орчим дөрвөлжин булшийг үзэж баримтжуулжээ
Уг судалгааны ажлыг МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Археологийн тэнхмийн багш доктор, дэд профессор Т.Идэрхангайн удирдсан судалгааны баг 2022 онд Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын яамны захиалгаар "Чулуун соёлын өв" төслийн хүрээнд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутагт хайгуул судалгаа хийсэн байна. Судалгааны ажил, уг үзэсгэлэнд дэлгэсэн түүхэн олдворуудын талаар археологич Т.Идэрхангай танилцууллаа. Дөрвөлжин булшны соёлынхныг Хүннүгийн өвөг дээдэс мөн хэмээн манай орны ахмад эрдэмтэд өөрсдийн олон жилийн судалгаандаа тулгуурлан үзсэнийг дэмжиж байгаа бөгөөд ахмад эрдэмтдийнхээ судалгааны ажлыг улам өргөжүүлэх, олон шинэ баримтуудыг нээх , цөөн тоотой байсан түүхэн баримтыг олон болгох, тэдний олж үзээгүй , холбож уялдуулаагүй зүйлсийг нэгтгэж энэ удаагийн үзэсгэлэнгээр гаргахыг зорьжээ.
Судалгааны явцад 1543 орчим дөрвөлжин булшийг үзэж баримтжуулжээ. Мөн энэ соёлд хамаарах 104 хүн чулуун хөшөө 10 аймгийн 39 сумын нутагт бүртгэгдсэн байна. Ийнхүү хүн чулуун хөшөөг бүртгэн баримтжуулж олон баримтаар энэ түүхийн чухал асуудлыг хөндөж дөрвөлжин булшны хүн чулуу хэмээх шинэ нэр томьёог гаргаж байна. Дөрвөлжин булшны хүн чулуу нь тухайн хөшөөний өргөн талын дээд хэсэгт хүний нүүр, эсвэл хүзүү их биеийн зааглаж хонхор зураас гарган урлажээ. Мөн хүзүүний хонхорын заагнаас соёо хэлбэрийн зүүлтийг зүүлгэж урласан нь олон байжээ.
Түүнчлэн хос зам бүхий зурагтай хавтан чулуунууд өмнө дөрвөн өөр газарт илрэн олдож бүртгэгдсэн бол энэ удаа 15 газарт илрүүлжээ.
Мөн хүн чулууны хажууд зурагтай хавтан чулуу байгааг ч судалгаагаар илрүүлсэн байна. Түүнчлэн 34 хүн чулууны ар талд сүлжмэл тав гэзгийг хонхойлгон урласан нь монголчуудын гэзэг үсний засал, уламжлалыг 3000 жилийн өмнө байсан байна гэдгийг харуулж байна. Хүн чулуу, хашлага, булангийн хөшөө чулуунд маш олон хүнийг дүрсэлсэн бөгөөд эрэгтэйчүүд сүлжмэл нэг салаа гэзэгтэй, эмэгтэйчүүд сүлжмэл хоёр салаа гэзэгтэй байсан нь дүрслэлд буужээ.
Мөн хадны сийлмэл болон зосон зургийн хувьд тэд хэн нэгэн онцгой хүнийг гэхээсээ илүүтэй тухайн овог аймаг, төрийн үйл хэргийн тухай тэмдэглэж үлдээсэн бололтой байна. Учир нь Их тэнгэрийн ам, Гачууртын амны хадны зосон зургийн жишээгээр тайлбарлахад тухайн хадны дунд болон ихэнхдээ орой хэсэгт далавчаа дэвсэн бүргэдийг нэг ба хосоор нь дүрсэлж буй нь овог аймгийн тотемыг, түүний доод талд дөрвөлжин хүрээ, олон хүмүүс, хос зам, замаар адуу хөтөлсөн хүмүүс зэргийг, ялангуяа дөрвөлжин хүрээ, олон цэгийг олон тоогоор олон давтамжтайгаар зурсан нь овог, аймаг, цаашлаад төрт ёсны үйл хэргийг тэмдэглэжээ. Тодруулбал, дөрвөлжин хүрээ, түүн дотор байгаа хүмүүс, олон цэгүүдийг ажиглахад овгийн ахлагч, өрх гэрийн тэргүүн, цэрэг эрсийг бүртгэл байх магадлалтай байна. Учир нь дөрвөлжин хүрээн доторх цэгүүд нь бүгд гонзгой, зууван дугуй, бүгд босоо байгаа зэрэг нь овог, айл өрх, цэрэг эрсийн төлөөлөл өөрсдийн ирснээ мэдэгдэж, бүртгэл болгон улаан зосонд эрхий болон долоовор хуруугаар дүрж дөрвөлжин хүрээн дээр өөрсдийгөө ирснээ илэрхийлж хуруугаар дарж тэмдэгт тавьдаг байсныг илэрхийлж байна. Мөн тэдгээр босоо зууван хээнүүдийн дундаж хэмжээ 1.3-1.8 см байгаа нь энгийн хүмүүсийн эрхий, долоовор хурууны хэмжээтэй бараг ижил байгаа аж.

Дөрвөлжин булшны соёлынхон Хүннү нарын өвөг дээдэс мөн гэдгийг археологичид бүтээлдээ онцолжээ
“Өв Өлгий 3000 жил” номд тэмдэглэснээр байгалийн бэлэн урт гонзгой болон хавтгай чулуунуудыг газрын хөрсөн дээр тэгш өнцөгт хэлбэрт оруулан босгон өрж байгуулсан булшийг Монголын археологийн судалгаанд “дөрвөлжин булш” хэмээн нэрлэдэг аж. Энэ төрлийн булшийг одоогоос 3000-2300 жилийн тэртээ өнөөгийн Монгол орны Хангай, Хэнтийн уулс, Дорнод Монголын бүс нутаг, ОХУ-ын Байгаль нуурын сав, БНХАУ-ын Өвөр-Монголын Өөртөө Засах Орны хойд болон Зүүн хойд бүс нутгаар амьдарч байсан Монгол угсааны нүүдэлчид байгуулсныг судлан тодруулжээ.
Манай улсын нутаг дахь Дөрвөлжин булшны соёлын судалгаа жилээс жилд эрчимжиж байгаа бөгөөд судлаач Л.Хүслэнгийн бүртгэлээр 16 мянга хол илүү давжээ. Тэдгээрээс 900 орчмыг малтан судалжээ. Дөрвөлжин булшны соёлынхон Хүннү нарын өвөг дээдэс мөн гэдгийг археологич Ц.Доржсүрэн, Д.Наваан, Д.Цэвээндорж, Д.Эрдэнэбаатар, Ц.Төрбат, Д.Түмэн нар ном зохиол, бүтээлдээ бичсэн байна. Жишээлбэл, археологич Ц.Доржсүрэн 1956 онд хэвлүүлсэн “Хойд хүннүгийн булш” өгүүллэгтээ “Хүннү нарын булшны хамгийн эртний нь Дөрвөлжин булш юм. Дөрвөлжин булшинд нас барагчийг гэдрэг харуулж, хоёр гарыг их бие дагуулан толгойг зүүн, зүүн хойш, чанх хойш харуулан тавьсан байдаг. Хүннүгийн мөн жирийн булшнуудын газар дээрх хэв маяг дүрс, түүний дотор байгаа зүйлс нь дөрвөлжин булштай адил байгаа” зэргийг үндэслэн Хүннү нарын жирийн булш дөрвөлжин булшнаас үүссэн гэж нийтэлжээ.
Мөн археологич Д.Наваан 1975 онд хэвлүүлсэн “Дорнод Монголын Хүрлийн үе” бүтээлдээ “Төв Азийн асар их нутагт түгсэн дөрвөлжин булш нь олон шинжээрээ нийтлэг соёл бүхий өвөг овгийн дурсгал болж байгаа бөгөөд мөн олон шинжээр Хүннүгийн дурсгалд тусгалаа гүн олсон байна. Үнэндээ дөрвөлжин булшны үеийнхний зан заншлыг үргэлжлүүлэн дагагчид Хүннү нарын дотор голдуу байсан бөгөөд уул оршуулгын хэв янз бараг хэвээрээ газрын өнгөн хөрсөнд байснаа гүн дор орсон юм гэж үзэж болох юм” хэмээн нийтлүүлсэн байна.
Дөрвөлжин булш нь томоохон гол мөрний сав газарт байгалийн хад чулуутай ойролцоо, өндөр уулын ам, өвөр бэл, онь хөтөл дээр хамгийн олондоо 200 хүртэл тоогоор, багадаа 1-2 ба цөөн тоогоор байдаг. Дөрвөлжин булш дунджаар 1.5 2.5 м-ээс, 2.5 х 4.5 м байх бөгөөд үүнээс том булшнууд ч цөөнгүй байдаг аж. Булшны дотоод зохион байгуулалт нь газарт 0.5-1.5 м гүнд оршуулгыг үйлддэг. Хүнээ толгойгоор нь зүүн тийш хандуулж тэнэгэр байдлаар тавьдаг, малтан судалсан ихэнх булшнууд тонуулчдын гарт өртөж бүтэн булш маш ховор олддог байна. Харин хөндөгдөөгүй болон зарим нэгэн эд өлгийн зүйлс үлдсэн булшнаас сувсан зүүлт, цутгуурын чулуун шанага, хүрэл болон ясан зэв адуу малын тоног хэрэгсэл, хүрлээр хийсэн товруу, халбаган зүүлт, хүрэл чимэглэл, хүрэл дуулга зэрэг олдвор илэрч олджээ.