М.ГАНЦЭЦЭГ


Шинэ Үндсэн хуулийн 21 жилийн ой энэ долоо хоногт болно. Ойг угтан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай ярилцлаа. Тэрээр Үндсэн хуулийн эх баригчийн нэг  юм.

 

-Та түүх дурсахаасаа илүү Үндсэн хууль амьдралд хэрэгжиж байгаа байдал, өөрчлөх шаардлагатай эсэх талаар санал бодлоосоо хуваалцана уу?                       

-Үндсэн хуульт засагтай орнуудыг харахад 15-20 жил болоод өөрчилдөг ерөнхий хандлага байна. Яагаад гэвэл амьдрал баян, нийгэм урагш хөгждөг учраас тэр бүхнийг харж чадаагүй. Үндсэн хуулийг мөрдөж байх хугацаанд асуултын тэмдэгтэй олон зүйл гардаг учир ямар нэгэн хэмжээгээр гар хүрч өөрчилдөг.

Харамсалтай нь нуу­хыг авах гээд нүдийг нь сохолчих вий гэдэг болгоомжлол Үндсэн хуулийн дархлаа хам­гаалах, хангах асуудал зайлшгүй тавьдаг. Иймд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг өнгөрсөн парламентаар гаргасан. Унтаж босч ирээд л нэг санаа орж ирснээрээ Үндсэн хуулиа өөрчлөе гэж дайрдаггүй байя. Тохиолдлоор Үндсэн хуулийг өөрчлөх ёсгүй гэсэн байр сууринаас журмын тухай хуулийг баталсан. Тэглээ гээд Үндсэн хууль хэн ч халдаж болдоггүй хөдөлгөөнгүй зүйл биш. Амьдрал өөрөө үргэлж хөгжиж  өөрч­лөгдөж байдаг. Үүнтэй холбоотойгоор суурь хууль маань ч баяжин хөгжиж байх ёстой. Үүнийг би хүлээн зөвшөөрнө. Харамсалтай нь Үндсэн хуулийнхаа чадавхийг шавхаагүй, түүний заалтуудын нарийн учир холбоог амьд болгож бусад хуулиараа зохицуулаагүй байж өөрчлөх тухай ярих нь зохимжгүй.  Энэ нь Үндсэн хуулийнхаа заалтыг иш мухаргүй механикаар ойлгодогтой холбоотой.

-Ийм байдалтай болсон нь хэний буруу юм бэ?

-Бидний буруу. Хууль тогтоогчдоос эхлээд хуу­ль боловсруулж буй хүмүүсийн буруу. Үүнийг шалгаж хянадаг байгууллагууд нь ч гэсэн ойлголтын зөрүүтэй байдаг. Гэлээ ч гэсэн том дүнгээр нь авч үзэхэд манай Үндсэн хууль амьд бүтээлч байсан нь өнгөрсөн 21 жилийн хуга­цаанд харагдаж байна.

-2000 онд өөрчлөлт оруулсан долоон заалтын тухай их ярьдаг. Үндсэн хуульд нэг удаа гар хү­рэхдээ дордуулсан гэдэгт та санал нэг байдаг биз дээ?

-Дордуулсан гэдэг үнэн. Зарим заалт нь үнэхээр тийм. Гол нь нарийн зохицуулж чадаагүй. Төрийн эрх мэдлийн нарийн зарч­мууд, хууль тогтоох, гүй­цэтгэх эрх мэдлийг хольж хутгасан, хэтэр­хий нээлттэй хаясан. Түүнийгээ органик хуу­лиудаараа одоог хүртэл зохицуулж чадаагүй нь согог мөн. Ингэж ча­даагүй болохоор цаа­шид Үндсэн хуульд гар хүрнэ гэж ярьдаг. Өнөөдөр ийм байдал улам тод илэрлээ. 10 гаруй сайд гишүүний албатай хамт байна. Засгийн газрын гишүүн хууль санаачилж парламентад оруулж ирчихээд байнгын хороонд олонх болоод чуулганаар баталдаг. Хууль тогтоох эрх мэдлийн дээр гүйцэтгэх эрх мэдэл гарах гэж буй харангын дохио болж байна. Уг нь үүнийг Үндсэн хуульд гар хүрэхгүйгээр УИХ-ын тухай, Засгийн газрын тухай хуулиар зохицуулчих бүрэн боломжтой.

-Гишүүд сайдын албыг давхар хашдаг жишиг тогтлоо гэж үү?

-УИХ-ын гишүүн, Засгийн газрын ги­шүүнтэй хамт байх ёсгүй гэж би туйлшрахыг хүсэхгүй байна. Ерөнхий сайд байж болно. Сайд нарын 20 хувь, гуравны нэг нь гэх мэт хязгаарлалт хийж болох юм. Үндсэн хуульд буруу байхгүй л дээ. Гэхдээ өчүүхэн бага зөрүүгээр ялсан улс төрийн нам яаж ийж байгаад олонх болж да­рангуйлал тогтоож бай­на. Цөөнхийн эрхийн хамгаалалт үгүйлэгдэж байна. Намын бүлэг УИХ-ын дэд даргатай байна гэсэн заалт эр­хийн хамгаалалт мөн. Үүнийг цаашид нарийвч  лах шаардлага байгаа. Үүнийг Үндсэн хуулиар биш УИХ-ын тухай хуулиар зохицуулах бүрэн боломж бий. Манайх парламентын засаглалтай орон юм бол ийм засаглалд тохирсон олон зүйлийг хийх шаардлагатай байна. Шүүхийн эх орон гэж шинэчлэлийн тухай сүүлийн үед нэлээд ярьж байна. Одоо парламентын цогц шинэчлэлийг ярих болсон. 

-Тухайлбал ямар шинэчлэл байх ёстой гэж. Үндсэн хуулиар тунхаглах засаглалын ямар хэлбэр байж болох вэ?

-Хэлээд үг авахгүй юм л даа. Олонхиороо ярилцаж олон санаа бод­лоор тунгаагдаж гардаг учир зарим шинэчлэлийн үзэл санаа  тэр бүр шингэж чадахгүй байна. Парламент ёсгүйгээр парламент оршин тогтнодоггүй юм. Сонгогчийн итгэлийг авч сонгогдсон мань мэтэд нь ганцхан байнгын хо­роонд ажиллах боломж олдсон бол зарим нь гурван байнгын хо­роонд ажиллаж байна. Энэ бол парламент ёс хөгжөөгүйн шинж. Сөрөг хүчингүйгээр томоохон хууль баталж байгаа нь манайд парламент ёс олигтой төлөвшиж чадаагүйг харуулж байна. Парламент, ардчилал хоёр бол нэг зоосны хоёр тал. Харахад сонгуулиар байгуулагдсан сайхан парламент байна. Парламент ёс гэ­дэг бол ардчиллыг хэл­дэг. Тэгэхээр ийм шалгуурыг бүрэн хангаж байгаа эсэхийг эргэж ха­рах хэрэгтэй байна. Парламентын цогц ши­нэчлэлийн асуудлаар Үндсэн хуульд эргэж харах зүйл байгаа. Гурван сая орчим хүнтэй Монголд 76 гишүүнтэй парламент тохирч байна уу, үгүй юу.

-Парламент 76-аас илүү тооны гишүүнтэй  байх ёстой гэж үү?

-Хоёр танхимтай болж хеналтын механизм суулгаж өгөх тухай их ярьдаг. Уг нь болдог бол сонгодог дээд, доод танхимтай болж, Ерөнхий сайд нь танхимаа өөрөө эмхлэн байгуулдаг, доод танхимыг Ерөнхий сайд тараах эрх эдэлдэг байвал засаглалын тэнцвэрт байдал бүрэн хангагдах ёстой. Харамсалтай нь Үндсэн хуульд ийм заалт алга. Хүн ам цөөхөн, улсын онцлог, төрийн толгой данхайх нь гэсэн шүүмжлэлээс болоод энэ зүйл бүтэхгүй байна. Нөгөө талаар Ерөнхийлөгчийг  ард түмэн сонгоод парламент давхар баталгажуулж хоёр шаттай сонгодог. Манайх парламентын засаглалтай орон юм бол парламентаасаа Ерөнхийлөгчөө сонгодог хэлбэр рүү орох ёстой. Ийм маргаантай асууд­лууд шийдэгдэхгүй цаа­шид үргэлжлэх тө­лөвтэй байна. Ядахдаа парламентын гишүүдийн тоог 90 гаруй болгохыг үгүйсгэхгүй. Түүнчлэн Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчлөх асуудал олон жил маргаантай явж ирсэн. Нутгийн иргэдийн саналыг үндэслэн... гэсэн заалт бий. Үндэслэн гэдгийг харгалзан гэж солих тухай олон жил ярьж байгаа. Төрийн үйлчилгээг иргэддээ хүргэхэд жижигхэн олон сум байна гэж шүүмжилдэг. Том болгосноор төрийн үйлчилгээ иргэдэд хүрэхэд холдох уу, үгүй юу. Хот тосгоны эрх зүйн байдал ч үргэлж яригддаг. Эрдэнэт, Дарханы иргэд, тэндээс сонгогдсон гишүүд энэ тухай их ярьдаг. Үүнийг Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар зохицуулах боломж бай­даг. Энэ мэтчилэн нэлээд зүйл байгаа. Гэх­дээ том шанагаар шүүгээд үлдэж хоцрох зүйл нь бага. Жижигхэн шанагаар шүүсэн ч бага байна. Хэдэн зүйл үлдэж хоцорно. Энэ бүгдийг манай парламентад суудалтай намууд ярьж, асуудлыг гаргаж тавьж, өөрчлөлт оруулах асуудлаа иргэдээрээ хэлэлцүүлэх боломж байгаа. Ингэж явах цаг хугацаа гаргахгүй байна. Олон сонгууль зал­гадаг учир Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал орхигдох тал бий. Үндсэн хуулийнхаа хүчин чадлыг  шавхаж хэрэглээгүй байж гар далайх нь зарчмын хувьд уг нь буруу.

-Та Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж үзэж байгаа юм уу, үгүйсгээд байгаа юм уу?

-Болж өгвөл өөрчлөх хэрэгтэй.

-Хэзээ?

-Цаг хугацааг би хэлж мэдэхгүй.

-Зарим хүн дордуулсан гэх долоон заалтыг Үндсэн хуулиас авчихвал болно гэж ярьдаг шүү дээ?

-Долууланг нь авч хаяаад яахав дээ. Зарим нь байх ёстой заалт. Бүлэг бүр УИХ-д нэг дэд даргатай байх заалт  юу нь буруу гэж. Хэрүүлийн алим болсон долоон өөрчлөлтийн талаар эерэг, сөрөг байдлуудыг жингийн туухай дээр тавьж үзэж байгаад алдсан зүйлүүдийг нь өөрчилж болно шүү дээ.

-Өнгөрсөн парла­ментад хоёр намаас ажлын хэсэг гаргаж Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал солилцож байсан. Тэр юу болсон бэ?

-Тэр ажлын хэсэг тарчихсан. Одоо шинэ ажлын хэсэг гарна. Өмнөх хүмүүсийн хийсэн материал байгаа. Түүний өмнөх парламентын хийж байсан материал ч бий. Түүнийг өвлөж авах хэрэгтэй. Хэзээ Үндсэн хуулиа  шинэчлэхийг би хэлж чадахгүй. Ингэ­сээр 25 жил болох биз. Уг нь Үндсэн хуулиа боловсронгуй болгоод явбал нэр хүндэд нь хэ­рэгтэй юм. Манай Үндсэн хуульд мэдэгтүн, сахигтун гэсэн үг бий. Иргэдээсээ эхлээд албан тушаалтан хүртэл Үндсэн хуулиа судалъя. Шүүмжлэхээсээ өмнө бүгд мэдээд сахих ёстой.

-УИХ-ын баталсан хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж эрдэмтэн, судлаачид, иргэд Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэдэг.  Энэ нь хууль тогтоогчид ч Үндсэн хуулийг бүрэн дүүрэн мэддэггүйтэй холбоотой юу?

-Үндсэн хуулийнхаа агуулга, зохицуулалт, түүнийг амьдруулахдаа өөрийнх нь үзэл санаанаас гажвал зөрчдөг. Тиймээс Үндсэн хуулийг хамгаалахын тулд Цэц байдаг. Дээр нь УИХ хам­гаалах ёстой. Бүх бай­гууллага Үндсэн хуулиа хэрэгжүүлж хяналтаа та­вих ёстой. Эцсийн дүнг нь Цэц тавьдаг. Иргэн албан ту­шаалтан хэн ч бай Үндсэн хуулиа сайтар ухаарч мэдэрч, түүнийг сахин биелүүлэх нь хамгийн чухал юм.

-Олон улсын жишигтэй харьцуулбал манайх Үнд­сэн хуулиа өөрчлөх цаг хугацаа болчихсон юм биш үү?

-Манай Үндсэн хууль цагийн шалгуурыг сайн давж байна. Олон эрдэмтэн мэргэдийн хувь нэмэр орсон, Улсын Бага хурлаар хоёр удаа хэлэлцэж, Ардын их хурлын 430-аад депутат 70 гаруй хоног хэлэлцэж баталсан хууль Монголын ард түмний бүтээл юм. 1991 он зах зээлийн ний­гэмд монголчууд бүг­дээрээ Үндсэн хуулийн үзэл санаагаар амьсгалж байсан. Богино хугацаанд хэлэлцэн баталсан ч ца­гийн шалгуурыг давж гарсан сайн хууль мөн.

-Үндсэн хуулийн өөрчлөлт дээр ажиллах шинэ ажлын хэсгийг байгуулсан уу?

-Би лав сонсоогүй юм байна.

-Та Үндсэн хуулийн эх баригчийн хувьд 21 жилийн ойд зориулсан үг хэлээч?

-Үндсэн хуулийн 21 жилийн ойн өдөр үе үеийн пар­ламентын гишүүддээ, мон­гол­чууд­­­даа баярын мэнд хүргэж, та бидний хамтын бүтээл болсон Үндсэн хууль цагийн шалгарлыг даван туулж улс орны хөгжлийг хөт­лөгч хэвээр байх болно гэж хэлье. Энэ хуулиа бүгдээрээ сахин мөрдөцгөөе гэж уриалмаар байна.