А.ДОРЖХАНД

 

Уртын дууны шуранхайг уудам талд уянгалуулж ирсэн Монголын ард түмэнд үе улиран өвлөгдөж ирсэн дэлхийд ганц язгуур урлаг бий. Тайзан дээр ч, дэнж хотойлгох ардын найранд ч гайхамшигийг мэдрүүлдэг Монгол ардын уртын болон богинын сайхан дуунуудын үүх, түүх, утга санаа, өнгө аясыг уншигчддаа хүргэхээр “ Өв соёл” булангаа хүргэж байгаа билээ.

 Оломгүй далай хэмээх уртын дууг энэ удаа онцлон хүргэхээр бэлтгэлээ. Олом үгүй далай нь, онгоцоо дүүрээд мэлтэрнэ, орчлонгийн амьтан цөм, эндэл үгүй жаргаасай даа хэмээн шуранхайлах энэхүү дууг сонсоод суухаар их олон зүйлийг эргэцүүлж болмоор. Дууны үг нь нутаг нутагт өөр өөр хувилбараар дуулагдсан байх аж.  Хувилбар болгоныг хураангуйлан хүргэхийг зорилоо.  Харин олонд түгсэн хувилбар болох  доорх хувилбараар олон дуучид дуулсан байх аж.

Олом үгүй далай нь

Онгоцоо дүүрээд мэлтэрнэ

Орчлонгийн амьтан цөм

Эндэл үгүй жаргаасай даа

Үнэгэн зоотой морийг

Үнэлж унах нь яамай

Үнэн сэтгэлтэй хүнийг

Олж ханилах нь бэрхээ

Арслангийн зоотой моринд

Эмээл яаж тогтоох вэ

Авир муутай яаж нийлэх вэ

Алт гэдэг нь шармал

Амьдарна гэдэг жам

Мөнгө нь цайрдмал

Мөнхөрнө гэдэг жам худлаа

Ж.Дорждагва “ Уртын дуу”Уб 1970 он. 29-р тал гэсэн.

Уг дууны энэхүү хувилбарыг зарим нэг үгийг авч үзвэл “онгоцоо дүүргээд мэлтэрнээ” гэдэг хэсгийн онгоц гэдэг үг нь сонирхол татна. Худгийн мал усалдаг онгоц эсвэл хөлөг онгоцын тухай огт биш байв. Хуурай газар далайн ай савыг онгоц гэж нэрлэдэг байсан бөгөөд үүнийг энэ дуунд шингээж өгсөн нь уг дууны утгыг хичнээн гүн болохыг илтгэх аж. Өөр нэг зүйл нь гэвэл  үнэгэн зоотой, арслан зоотой хэмээн зүйрлэсэн нь монголчууд эртнээс нааш адууныхаа шинжийг амьтадаар шинждэг байсныг төвөггүй ойлгож болохоор байна. Өдгөө ч уяачид хурдан хурц адуугаа “хандгай халиун” морь минь, туулай хээр хэмээн нэрлэх нь үүний баталгаа юм. Үүнээс гадна бас ийм нэгэн хувилбар ч тааралдах ажээ.

Арслангийн нуруунд

Эмээл юундаа тогтоох вэ?

Авхаалж муутай хүнд

Эрдэм юундаа тогтох вэ?

Алтан гэдэг шармал

Амраг гэдэг худалч

Мөнгө гэдэг цагаан

Мөнхөрнө гэдэг худал

“Эх нутгийн дуулал” Улиастай хот. 1971.211-р тал гэсэн байна. Зууны манлай уртын дуучин Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Норовбанзад  гуайгаас эхлээд олон сайхан дуучин энэ хувилбараар дуулжээ. Үүний нэг нь Төв халхын уртын дууч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Ч. Намжил гуай юм. Түүний дуулсанаар сонсоход бусад дуучдын дуулсанаас илүүтэй сонсголонтой сайхан сонсогдох аж. Ч.Намжилын охин Утга зохиол судлалын докторант Н.Баярсайхантай холбогдож аавынх нь талаар болон оломгүй далай дууных нь талаар түр хөөрөлдөв.  Н.Баярсайхан  ярихдаа “Манай аав Баянхонгор аймгийн Гурван булаг сумын  буюу хуучнаар  Жонон бэйлийн хошуу ятгач гүн Пүрэв гүн ноёны нутгийн хүн. Г.Аюурзана зохиолчийн “Сахиуст хангайн нууц” зохиолд гардаг  Пүрэв гүний нутгийн хүн гэсэн үг л дээ. Аав минь 1937 онд төрсөн багаасаа аав ээжээсээ өнчирч эмээгийнхээ гар дээр хүн болсон гэдэг.  Тиймээс жаахан хүүхэд найр бараадаж дуулдаг тэгсээр сүүлдээ найранд уригдаж дуулдаг болсон гэдэг.  Бусад нутагт уртын дууг морин хуур болон лимбэтэй дуулж байхад аавын нутагт хошуу ноён нь ятгатай дуулдаг байсан гэдэг.  Харин “Оломгүй далай” дууны тухайд аавын дуулдаг аялгаар өөр хүн бараг дуулаагүй. Тэгэхээр энэхүү дуу бол Төв халх нутагт 1930, 1940 онд дуулагдаж байжээ гэж ойлгож болохоор санагддаг.  Манай аавын дуулдаг дуунууд бусад  боржигон аялгууг бодвол чимэг нугалаа багатай, уужуу тавиухан байдаг онцлогтой. Аавын дуулж байгаа аялгуу бол яг төв халх аялгуу юм. Оломгүй далай уртын дуу бол хэн ч сурч болохоор сайхан дуу. Манай аавыг Хөглөг хангайн  бараа  дуугаар нь сонсогчид илүүтэй мэддэг. 1969 онд багш нь  Ж.Дорждагва гуай, Н.Норовбанзад гуай зэрэг багш нар анх удаа Монголд мэргэжлийн уртын дуучид бэлтгэсэн юм байна лээ.  Тэнд сурсан хүүхдүүд бүгд аймгийнхаа соёлын төвд хуваарилагдан очиж. Аав минь  нэгдэлийн адуугаа хүлээлгэж өгөөд ажилласан гэдэг. Түүнээс  хойш тасралтгүй ажилласаар 1990 онд тэтгэвэртээ гарсан даа гэж байлаа.

Харин өөр нэг ийм хувилбар байх юм.  Уг хувилбарт монголчуудын эртний хөгжмүүдийг өгүүлсэн байх аж. Тэр тусмаа ятга хөгжмийн талаар өгүүлсэн байна. Үүнийг сонирхуулвал

Олом үгүй далайн  ус

Онгоцондоо үл багтмой

Орчлонгийн амьтан нь энд үл сууна

Хэзээд миний бие хоосон тул

Эрх биш номын үрийн саналтай

Алт мөнгө хоёр

Тамын худаг мөн

Амраг ба садан  хоёр

Нөхрийн дээд бус

Салаад гарахын цагт

Ганцаараа тулд

Салхин мэт ертөнцийг саналтай

Арслангийн нуруун дээр эмээл үл тогтмой

Алагч үгүй мунхагт

Сургаал үл тогтмой

Ажиглан шинжилж

Үнэн худал ану илхэн

Аюушт хутагт  лам нар минь ба ноён минь

Хурсан олон дундаас

Хувьтай хуур намайг чинь

Найрын эгшиг барина л

Бишуу гарамын урласан

Баруу дагнисаар барилсан

Билгүүн хаан намайг чинь

Бизаанз хэмээн нэрлэвэй

Зүйтэй модоор урласан

Зөөлөн ёнхороор чавхалсан

Зохистой яруу намайг чинь

Ятга хэмээн нэрийдвэй

Хаад ноёдын дэргэд

Хавтай сурсан ухааны чинь

Элдэв ч янзаар дэлсэхүйн цагт

Нэн ч хэн бүгдээр гайхна

Дээд тэнгэрийн орноо

Мянган чавхдах утастай л явах

Энэ орноо төрсөн утас л байна

Асралт урласан

Аагтайхан хялгасаар чавхалсан

Аялга сайтай намайг чинь

Хил хөгжим гэлцэнэ л

Хүмүүний эрхтийн орноо урласан

Хөгшин хил намайг чинь

Хүнгэнэтэл хуурдахын цагт

Хүмүүн ч бүгдээр ч гайхна

Буянт монголын орноо урласан

Бурхан номын дэргэд

Босоо хэвтээ явахын цагт л

Одоо өтлөвч гомдол үгүй

Энэ төвд балба ба

Эв иргэн, монгол хятад ба

Эс ч явсан газар үгүй

Одоо  өтлөвч гомдол үгүй

Ятга сайтын ёсонд

Төв юугаа түшиж

Бас ч чамайгаа дуул маань

Бат бүрэн жаргая

Хөл ертөнцийн ёсонд

Хоёр өвдөгөө сөгдөж

Хоёр дүүгээ дагуул маань

Хотол бүрнээр  жаргая

Энэхүү хувилбарын шашины үгсийн талаар АЗСС-ийн эрхлэгч доктор А.Алимаа дараах тайлбарыг хэлсэн юм. “Ардын дуунд бурханы шашны утга оруулсан дуу. Бүхэлдээ шашдир  дуу ч гэж хэлж болно. Нөгөө талаас сургаалийн шинж чанартай. Үндсэн хөгжмийн зэмсгийн түүхийг дурдсан болохоор түүхэн дуу ч болж болно.Тухайлбал дээд тэнгэрийн орноо, мянган ятгатай явлаа, мөн бурхан номын дэргэд, босоо хэвтээ явлаа гэсэн мөр байна. Үүний учир нь босоо болон хэвтээ ятгыг хэрэглэж байж, бурханд энэ хөгжмөөр ая өргөдөг байсан үг. Босоо ятга гэдэг нь нүсэр том биш, эрт цагт тууль хайлдаг, тахилгад хэрэглэдэг өнцөгтэй ятгыг хэлж байгаа юм. Жангарын туульд ч ятга гэж гардаг шүү дээ.  Ятга сайтын ёс гэж байна. Хөгшин хил хөгжим гэсэн нь эртний ятга  хөгжим гэсэн утгатай.Мөн энэхүү хувилбарт хөгжимдөхийг дэлсэх гэж байна. Өөр нэг хувилбар нь надад хадгалагдаж байна. Энэ бол Говь- Алтай аймгаас олдсон “ Дууны бэнзний сударт байгаа нь. Үүнийг сонирхуулвал

Олом үгүй далай

Онгоцонд үл багтах

Орчлонгийн энэ амьтан энд үл сууна

Хэзээд маний буян нь хоосноо тулд

Хэрхэвч номын мөрийг саналтай л

Арслангийн нуруунд нь эмээл үл зохих

Алгасалгүй мунхагт сургааль үл зохих

Адилтгаж шинжвээс энэ хоёр энэ хоёр илхэн

Агуурваас номын мөрийг саналтай зээ

Чихрийг эндвээс аманд үл шингэх

Шадарлаж ханилавч эрлэг үл дагах

Салжин одохын цагт гагцаар туулна

Салхи мэт орчлонг саннлтай л зээ

Дээд ихэсийг дагаваас хэрсүү мөрийг таних

Тэнцүүлэн биширвээс бодь мөрийг заах

Дэмий буруу явбаас түйтгэрийн нөхөр

Тэнцүүлэн энэ гурвыг саналтай л зээ

Алив алт мөнгө хоёр тамын хуяг бус л

Амраг ба садан хоёр дээд нөхөр бус л

Егүтэж одохын цагт ганцаараа  туулна

Илбэ мэт орчлонг  саналтай л зээ

Унагандаа итгэж эмнэгшүүлэн ядав

Учирсандаа итгэж нөхөршүүлээд ядав

Улигтуу орчлон нь энд олон тулд

Уншваас номын мөрийг саналтай л зээ

Өтлөвөөс насны хэмжээ цогцос биений тушаа

Үйлийн догшин үр сүнсэнд шившиг

Үүн зүгийг мэдвээс мэргэн үнэний тулд

Эцэс цагийн хоосныг саналтай л зээ

Хэлмэрчийн үгээр мэргэн үл болох

Хүлцэнгүй номхоноор боол үл болох

Эрдэмтэйхэн лам юугаа зүрхэндээ шүтье

Эвдэршгүй очирын биеийг ололтой л зээ.   Эхний хувилбаруудад  монголчуудын найр наадам, дуу хөгжмийн тухай өгүүлсэн бол энэ хувилбарт зүйр цэцэн үг сургаалийн шинжийг  ч их агуулсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.26 БААСАН № 60 (6537)