Б.ГАРЬД

Хэнтийн Батширээт, Өмнөдэлгэр, Төв аймгийн Мөнгөнморьт, Эрдэнэ, Батсүмбэр, Сэлэнгийн Мандал, Ерөө сум, мөн Налайх дүүрэг гээд гурван аймгийн долоон сум, нэг дүүргийн нутаг дэвсгэрийг хамарсан 1.5 сая га газар нутгийг хамгаалдаг Хан Хэнтийн Тусгай хамгаалалттай газар гэж бий. 1992 онд БНМАУ-ын Бага хурлын 11 дүгээр тогтоолоор байгуулагдаж, 1994 онд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуультай болсон энэ газар өдгөө 21 дэх жилдээ ажиллаж байгаа.
Тусгай хамгаалалттай газар гэх сүржин нэртэй даржин ажилтай энэ газрын байцаагч нар үүрэг ихтэй, эрх багатай тухай нэлээд дээрээс яригддаг байв. Тиймдээ ч тусгай хамгаалалттай газарт ховор, хориотой ан агнах, байгаль орчин, ой сүйтгэх зэрэг ердийн үзэгдэл мэт болсоор удаж буй. Харин энэ газрын дарга С.Доржготов гэгч хуулиар олгоогүй том эрхийг өөртөө өгч, хэрэгжүүлж суудаг талаар эх сурвалж бидэнд мэдээлэв.
Баримт 1. Горхи, Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын Зүүн баянгийн Хөх хадат гэдэг газарт 2011 онд “Империал кастел” ХХК хууль бусаар 3.8-5.5 метрийн урттай, 20:30 см-ийн диаметр бүхий 1400 ширхэг мод бэлтгэн ферм барьж эхэлжээ. Байгаль хамгаалагчид үүнийг илрүүлэн С.Доржготов даргад тэр даруй мэдэгдсэн байна. Гэсэн ч тэрээр ямар нэг арга хэмжээ авалгүй “Империал кастел” ХХК-ийнхан хууль бус ажиллагаагаа лавшруулсаар байж. Эцэстээ шаардлага тавьж очсон байгаль хамгаалагчийн амыг “Танай С.Доржготов даргатай тохирчихсон. Дуугүй бай” гэсэн үгээр таглах болсон аж. Тиймээс байгаль хамгаалагч болон нутгийн иргэд цагдаагийн байгууллагад ханджээ. Гомдлын дагуу УМБГ-аас шалгаж, С.Доржготов дарга “Империал кастел” ХХК-аас дор хаяж 100 мянган төгрөгийн авлигал авч дээрх хууль бус зөвшөөрлийг олгосныг тогтоон, хэргийг харьяаллын дагуу АТГ-т шилжүүлжээ. Гэтэл уг хэрэгт хяналт тавьж байсан Нийслэлийн прокурорын газраас хэргийг мөн л харьяаллын дагуу... гэсэн шалтгаанаар Төв аймаг дахь прокурорын газарт шилжүүлсэн байна. Түүнээс хойш дээрх хэргийн сураг тасарч, зарим нэг эх сурвалжийн бүдэг бадаг мэдээллээр Төв аймгийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж буй ажээ.
Баримт 2. Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт С.Доржготов даргын эзэмшлийн гурван ч жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг аж. Тодруулбал, Тэрэлжийн төвд, Нарлагийн 10 айлын арын модон дотор, бас Мэлхий хадны зүүн хойно байрладаг энэ гурван жуулчны баазаа өөрийн төсөн дүү, Налайхын газрын албаны дарга С.Санжмятавтай хамтран эзэмшдэг аж. Мөн Хан Хэнтийн Тусгай хамгаалалттай газраас цалин авдаг, өөрөөр хэлбэл тэнд данстай өөрийн хүмүүсийг жуулчны бааздаа байнга болон түр ажиллуулдаг гэнэ.
Баримт 3. 2012 оны зургадугаар сарын 12-нд Горхи, Тэрэлжийн Байгалийн цогцолборт газрын Замтын хөндлөн гэдэг газарт иргэн н.Октябрь барилгын бэхэлгээний зориулалтаар хоёр метрийн урттай, 20:30 см-ийн диаметртэй 180 ширхэг нойтон, залуу модыг хууль бусаар бэлтгэснийг байгаль хамгаалагчид газар дээр нь илрүүлсэн байна. Тэд уг хэргийг фото зургаар баримтжуулан авч, Хамгаалалтын захиргаанд мэдэгджээ. Гэтэл С.Доржготов дарга “Энэ асуудлыг би шийднэ” гээд Зил-130 машин илгээн, дээрх 180 ширхэг модыг ачуулж постон дээр буулгуулжээ. Ингээд хэд хоногийн дараа уг модыг өөрөө авч, дээрх хэргийг нуун дарагдуулсан байна.
Энэ мэтчилэнгийн С.Доржготовтой холбоотой элдэв маапаан их байдаг ажээ. 2011 оны эцсээр ажилчдынхаа нэрээр төсвийн үлдэгдлийг гаргаж аван өөрөө цохичихсон байсныг цагдаагийн ажилтнууд илрүүлсэн. Гэвч мөнөөх “Харьяаллын дагуу...” шилжээд л сураг алдарсан байх юм. Бас тусгай хамгаалалттай газарт зуслан, цаашилбал том том байшин барилга барих зөвшөөрлийг дураараа өгч, өдгөө иймэрхүү байшин тусгай хамгаалалттай газраар нь дүүрэн болоод байгаа гэх. Гэхдээ энэ бол бусдын нүдэн дээрх ил хэргүүд. Унагасан мод, барьсан байшинг нь хүмүүс мэддэг аж.
Харин хориотой ангийн хэрэг хэр ихийг нууж, бас хуйвалдсаныг хэлэхэд хэцүү хэмээн учир мэдэх хүмүүс халаглаж байна.
Чухамдаа нийтэд ил болоогүй хэдэн арван буга, баавгай, гахай, гөрөөс агнасан хэргийг С.Доржготов дарга мэдэж байгаа биз.
Гэхдээ тэр хэвлэлээр шал өөр зүйл ярьдаг аж. Нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Сүүлийн жилүүдэд хориотой ан агнасан явдал гараагүй. Хэрвээ нэг буга агналаа гэхэд нөхөн төлбөр гэж 20-30 сая төгрөг төлнө, унаагаа хураалгана, ял эдэлнэ” гэсэн байна.
Гэтэл эрхэм гишүүд ээлж дараалан нисч очоод хамгаалж буй газарт нь хориотой ангийн хядлага хийгээд л байдаг. Харин мань эр иймэрхүү үгээр түмний толгой эргүүлэн, “Элдэв зөрчилгүй тайван байна. Би тусгай хамгаалалттай газраа тун чиг сайн хамгаалж байна” гэсэн шүү мессэж цацаад л.
Ардын намын засаглалын үед Хан Хэнтийн Тусгай хамгаалалттай газарт хаан, савдаг болтлоо суусан, дураараа дургисан, илэрсэн хэргээ дарсан С.Доржготов одоо ч даргаа хийгээд л сууж байна. Эрх барьж байсан хүчнийхний ан хийсэн, мод огтолсон зэрэг “Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай” хууль зөрчсөн болгоныг “цоожтой авдар” шиг хадгалдгийнхаа төлөө савдаг мэт дураараа авирладаг ч юм билүү, хэн мэдлээ.
Юутай ч Хан Хэнтийн Тусгай хамгаалалттай газар лав цаасан дээр л хамгаалалттай болохоос яг одоо ч тэнд буун дуу тасхийж, хөрөөний дуу хангинаж буй. Мориноос өөр унаагүй, дуугаргаж болохгүй буунаас өөр зэвсэггүй хэдэн байгаль хамгаалагч нь модны хулгайчийн нүсэр хүчит унаа, ангийн хулгайчийн нисдэг тэргийг яасхийж барих вэ дээ. Энэ газрын 21 жилийн түүхийн хэсэг үед ч болов тамга атгаж суусан С.Доржготов энэ мэтийг анзаараагүй гэвэл худлаа. Тэр харин Тусгай хамгаалалттай газрын даргын суудлыг ойн савдаг, лусын эзнийх гээд ойлгочихсон бололтой.
Манай сонин Улсын тусгай хамгаалалттай газар нутгийг жинхэнэ утгаар нь тусгай хамгаалалтай болгохын төлөө цаашид үргэлжлүүлэн сурвалжилж, мэдээлж, нийтлэх болно.