Ш.Батбилэгийнх Гандантэгчинлэн хийдийн орчим суурьшаад олон жилийн нүүр үзэж байгаа ч энэ жилээс эхлэн гэртээ цахилгаан халаагуур өөрсдөө угсарч тавин дулаахан бас утаагүй аж төрж байгаа юм байна.
Орчин үеийн залуус монгол гэрт аж төрөх нь ховор болсон цаг. Болж өгвөл хашаа байшин, цаашлаад орон сууцанд аж төрөх хандлага түгээмэл болсон ийм үед тэд монгол гэрийг тохижуулж орчин үеийн чиг, хандлагад ойртуулж пүн хийсэн дулаахан сууж буй нь хэний ч анхаарлыг татахуйц юм.
Д.МЯГМАР
Ч.ОЛДОХ
Баруун дөрвөн зам тэр дундаа Гандан орчмын айлуудыг нүүлгэх юмсан. Хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр, утааны үйлдвэр тэнд байна гэж ад үзэх хүн нийслэлд олон болсон. Гэтэл тэр хавийнхан харин ч утааны эсрэг санаачилга гаргаж, түүнийгээ зүгээр ярих бус хийж хэрэгжүүлсэн нь цөөнгүй байна. Бидний ярьж заншсанаар Гандангийн өндөр дов буюу Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутагт утаагүй Улаанбаатарын төлөө ажиллаж, амьдарч байгаа залуу гэр бүл Ш.Батбилэгийнх аж төрдөг гэж дуулаад тэднийхийг зорилоо. Тэр хавьд байдаг гэсэн бүдэг бадаг сураг дуулснаас бус гэрийн хаяг, утасны дугаар байхгүй, ингээд “Улаанбаатарт байгаа миний аавд” кинонд гардаг шиг тийм нэгэн эрэлд гарсан минь энэ. Муруй тахир гудамж олонтой, хальтиргаа ихтэй явахад тун бэрх газар юм. Айлуудын хашааны хаалгыг нүдэн нохойг нь хуцуулж, цөөнгүй хүнтэй уулзаж асуув. Баянгол дүүргийн 16 дугаар хороо, цагдаа, өрхийн эмнэлэгтэйгээ хотын төвд Гандангийн орчим хэрнээ гэр хороолол дунд байдаг сонин зохион байгуулалттай газарт бууриа засчээ. Ш.Батбилэгийнх хорооноосоо хэдхэн алхаад л орох богинохон гудамжны эхний эгнээний айл юм. Тэгсэн атлаа түүний хаяг, нэр, утас гэх мэтээр ямар ч бүртгэл тус хороонд байдаггүй, түр оршин суугч гэж хороо хариуцсан мэргэжилтэн хэлж байв. Тэндээс гэрийг нь заалгаж ногоон төмөр хаалгатай жижгэвтэр хашаанд очлоо. Гурван гэрийн бараг бөөрийг нь нийлүүлэх шахам барьжээ. Хашаанд зай муутай аж. Хаалга нүдэх дуунаар нохой хуцахгүйг бодоход тэднийх манаач банхаргүй бололтой. Шуудхан орчих гэснээ зориг хүрсэнгүй. Удсангүй дунд талын гэрээс нэг хүү гарч ирээд “Юун хүмүүс вэ” гээд бидний зорьсон хэргийг сонсоод буцаад орчихов. Удсангүй нэгэн залуу гарч ирээд биднээс юу ч асуулгүй хаалга тайлж өглөө.
Айлд хэл үггүй, урилгагүй орсон бид амар, мэнд мэдээд зүүн талын өргөн орон дээр суув. Гэрийн хоёр баганын хооронд орон сууц шиг халаагуур бэхэлсэн харагдана. Бидний ярьдагчлан халаагуурын хоёр талаас нарийн труба гарган гагнасны дээр ус хэмжигч суулгаж, цахилгаанд залгах залгуур, халаалтын хэмийг тогтоох тоолуур суурилуулжээ. Бага оврын энгийн халаалтын төхөөрөмжийг тийнхүү хийхдээ таван ханатай гэрт тохируулах үүднээс бүхий л эд ангиудыг монголчилж угсарсан нь илт.
Даарч явсныг хэлэх үү, тэднийх халуу дүүгиж байна гэдэг жигтэйхэн. Танихгүй ч гэсэн гэрийн эзэн амар мэнд мэдэлцэж цай бариад биднийг амыг харан чимээгүй суув. Зүүн талын орон дээр унтаж байсан гэрийн эзэгтэй Д.Алтантогос босч бидэнд таваг тавилаа. Тэрээр давхар биетэй бололтой. Ингээд “Утааны эсрэг санаачилга гаргаж, гал түлж, үнс нурам гэлгүй тохилог сайхан аж төрж байгааг тань дуулаад нүдээр үзэхээр ирлээ. Бас хүмүүс санаа авах хэрэгтэй мэдээлэл хүргэе гэж бодлоо” хэмээн бид ирсэн учраа хэлж яриа дэлгэлээ. Санасныг бодвол тэд залуу хүмүүс гэхэд нийтэч, яриа хөөрөөтэй, илэн далангүй юм.

ТОГООЧ ЗАЛУУ ЦАХИЛГААН ХАЛААГУУРАА НЭГ ӨДРИЙН ДОТОР ХИЙЖЭЭ
Ш.Батбилэгийнх Гандантэгчинлэн хийдийн орчим суурьшаад олон жилийн нүүр үзэж байгаа ч энэ жилээс эхлэн гэртээ цахилгаан халаагуур өөрсдөө угсарч тавин дулаахан бас утаагүй аж төрж байгаа юм байна. Цахилгааны халаагуур тавиад хоёр сар гаруй болж байгааг эхнэр нь хэлэв. Тэднийх ам бүл дөрөв. Хоёр хүүхэд нь тэрсхэн өссөн, ерөнхий боловсролын сургуулийн 4-5 дугаар ангид сурдаг. Гэргий тун удахгүй төрөх тул шинэ хүн хүлээн авч ам бүл нэмэхээр бэлтгэлээ базаажээ. Эхнэр, нөхөр хоёул тогооч мэргэжилтэй гэнэ. Залуус “Sunday plaza” худалдааны төвд тогоочоор ажиллаад нэлээд хэдэн жил болжээ.
Орчин үеийн залуус монгол гэрт аж төрөх нь ховор болсон цаг. Болж өгвөл хашаа байшин, цаашлаад орон сууцанд аж төрөх хандлага түгээмэл болсон ийм үед тэд монгол гэрийг тохижуулж орчин үеийн чиг, хандлагад ойртуулж пүн хийсэн дулаахан сууж буй нь хэний ч анхаарлыг татахуйц юм. Цахилгаанчин мэргэжилтэй найз Ч.Баттөгсөөсөө зөвлөгөө аваад зогсохгүй гар нийлэн нэг өдрийн дотор цахилгаан халаагуур хийсэн нь энэ гэнэ. Монголчууд баганы хоорондуур гарахыг цээрлэдэг.
Тэгвэл тэднийх хоёр баганын хоорондох тэрхүү ашиглагдаггүй хэсэгхэн зайнд орон сууцны паарнаас нэг их ялгарахааргүй овор, хэмжээтэй бяцхан халаагуурыг угсарч эвтэйхэн байрлуулжээ. Нийт 10 хэсэг секцтэй ч дулаан ялгаруулах хүчин чадал сайтай гэв. Ингээд гэрийн эзэн Ш.Батбилэгтэй ярилцлаа. Түүний ярианаас олон хүн санаа авч хямд төсөр өртгөөр цахилгаан халаагууртай болж, дулаахан бас үнс, утаа, тортогоос ангид цэвэр цэмцгэр сайхан аж төрнө гэдэгт найдна.
ГЭРИЙН ХАЛААГУУР ХИЙХЭД 340 МЯНГАН ТӨГРӨГ ХАНГАЛТТАЙ
-Гар аргаар монголчилж хийсэн цахилгаан халаагуурыг гэрт хэрэглэхэд ямар байна. Сардаа цахилгааны төлбөрт хэдэн төгрөг төлж байна вэ?
-Өнгөрсөн арваннэгдүгээр сард дулаахан байсан болоод тэр үү 45 орчим мянган төгрөг гарсан. Харин өнгөрсөн сард нэлээд хүйтэрлээ. Хэрэглээтэйгээ нийлээд 85 мянган төгрөг гарлаа. Таван айлын дунд нэг цахилгааны шит байдаг. Шөнө зарим айл тень залгадаг юм уу даа. Халаалт эрс багасаад, цахилгааны хүч муудах үе бий.
-Өглөө ажилдаа явахдаа халаагуураа салгаж, орой ирээд залгаж байна уу. Ямар горимоор ажиллуулдаг юм бэ?
-Хаанаас даа, өдөржин залгаатай байдаг юм. Хоёр хүүхэд сургуульд явдаг болохоор гэр байнга дулаан байх ёстой. Бас дээр нь эхнэр давхар биетэй тул халаалтаа зогсоох боломжгүй. Заримдаа гадаа эрс хүйтрэхээр гэрт сэрүүн байвал гал түлж болно. Өдөр орж, гарч хаалга онголзуулсаар заримдаа гэр сэрүүвтэр талдаа байдаг. Харин шөнө хаалга онголзохгүй тул их дулаахан. Тиймээс гал түлж, түлээ нүүрс бэлдэхээ байсан.
-Цахилгааны төлбөр өндөр гардаг ч гэсэн үнс, нүүрстэй зууралдахгүй амар байна уу. Ядаж л танайхаас гарах хог багасах юм даа ?
-Амар шүү. Гал түлж, үнс утаа гарахгүй. Мөнгөнд ч хамаагүй хэмнэлттэй.
-Утаа гаргахгүй, цахилгаан халаагууртай айлуудын цахилгааны төлбөрийг 50 хувь хямдруулж байгаа гэдэг. Та бүхэн энэ дэмжлэгийг авсан уу?
-Цахилгааны мөнгөнөөс 10 хувийг л бууруулж байна лээ. 50 хувь гэдэг худлаа юм билээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга манай хороонд ирж ажиллахдаа гэрээр орж ирж халаалтыг маань сонирхсон байна лээ. Тэр өдөр би ажилдаа явчихсан байсан юм. Тэгээд “ Энэ айлд хөнгөлөлт үзүүлээрэй” гэж хэлсэн гэсэн. Хүмүүс манайд ирж цахилгаан халаагуурыг сонирхож, зарим нь гэртээ тавихаар судалж байсан. Ирсэн хүмүүст өөрийн хийсэн халаагуурыг дуртайяа тайлбарлаж хэлж өгдөг. Санаа авч хийж хэрэгжүүлсэн нь хэд байгааг мэдэхгүй.
-Танд захиалга өгч гэртээ халаагуур тавиуъя гэвэл хийх үү?
-Хийнэ. Хамгийн гол нь цахилгааны сайн чанартай утас хэрэгтэй. Тэгэхгүй бол галын аюул гарна шүү. Халаагуураа 70 градус дээр тааруулчихад түүнийгээ л заана. Автоматаар ажилладаг болохоор санаа амар байдаг юм
-Танай гэрийн цахилгаан халаагуур хэдэн төгрөгөөр бий болов?
-340 орчим мянган төгрөгөөр бүтсэн. Материалаа 100 айлын барилгын материалын дэлгүүрээс цуглуулж авсан.
-Нүүрс үнэд орж, шуудай нь багасаад байгаа үед цахилгаан халаалт сайхан шийдэл болжээ. Одоо түлээ авахгүй биз?
-Сая, өнгөрсөн сарын 21-нд хэт хүйтэрнэ гэж хүмүүс яриад байхаар нь цахилгаан тасардаг юм болов уу гээд гурван шуудай нүүрс худалдаж авсан. Хааяа нэг гал түлмээр санагдвал, нүүрс хийнэ. Тийм үед цахилгаан халаагуураа салгана. Гал түлэх ч хэрэг гарахгүй юм байна. Өмнө нь манайх 2-3 “Портер” нүүрс түлдэг байлаа.
-Цахилгаан халаалт тавиагүй байхдаа нүүрс, түлээнд хэдэн төгрөг төлдөг байв?
-Нэг “Портер” нүүрсийг 280 орчим мянган төгрөгөөр худалдаж авдаг байлаа. Модтой нийлээд нэг сая орчим төгрөгөөр түлш бэлддэг байсан. Харин энэ жил юм юманд амар болж. Цаг зав ч ихтэй болж байна. Халаалтаа ингээд шийдчихээр хүний хөдөлмөрийг нэлээд хөнгөвчилдөг юм байна.
-Хороон дээр танай бүртгэл байдаггүй юм байна. Энд суурьшаад хэдэн жил болж байна вэ?
-Би Гандангийн дэнжид өссөн хүүхэд. Хөдөө хэсэг амьдарч байгаад хотод орж ирээд, энд суурьшаад есөн жил болжээ.
-Ганданг жишиг хороолол болгож хөгжүүлье гэх мэтээр санал, санаачилга гардаг. Та бүхэн ямар саналтай байдаг вэ. Энэ танай хашааны газар уу?
-Манай аавын ахын хашаанд бид гурван гэрээрээ амьдардаг юм. Гандангийн хашаа газарт орно гэсэн сургаар бид яахаа мэдэхгүй хүлээж сууна. Байшин барьчихдаг, гэтэл юу юугүй нүүлгэх хэрэг гарвал яах вэ. Гэрийг нүүлгээд аваад явахад амар. Манайх өөрийн газаргүй айл.
-Иргэнд өгч байгаа 0.07 га газраа хэн нь ч өмчилж аваагүй юм уу?
-Хаа хол газрын мухарт сул газар байна гэх юм. Тэр холоос ажилтай улс ирж, явж амжихгүй, хүүхдүүдийн сургууль холдчих гээд байдаг. Ингээд ахынхаа хашаанд амьдарч байна. Ядаж л хүйтэнд хүүхдээ тэр хол газраас яаж сургуульд зөөх билээ. Тахилт, Эмээлтээс цааш газар өгнө гэхээр ажил, сургуулиас холдоод байна. Өөрийн гэсэн газаргүй ч гэсэн бид утаанаас бага ч гэсэн салах арга сэдээд чадлаараа л аж төрж байна.
-Төрөөс бага, дунд орлоготой залуусыг дэмжих бодлого явууллаа гэсэн. Танай гэр бүлд мэдрэгдэв үү?
-Залуусыг дэмжинэ гэж хоосон ярьдгаас биш бодит амьдралд хийсэн зүйл маруухан юм уу даа. Бид энэ компаниа анх байгуулагдсан цагаас эхлэн ажилласан. Зээл аваад орон сууцтай болъё гэхээр банкууд “Таны цалингийн хэмжээ зээл төлөхөд хүрэхгүй байна” гэдэг. Бас барьцаалах үл хөдлөх хөрөнгө алга гэж ам тагладаг. Арга ядаад утаагүй, хоггүй амьдаръя гэхдээ цахилгаан халаагуур сэдэж сууна.
-Ингэхэд Гандангийн хашаанууд яагаад ийм жижигхэн байдаг юм бол?
-Намайг хүүхэд байхад энд хэдэн хөгшин лам нар аж төрдөг байсан. Тиймээс том том хашаа хатгаад байхгүй. Гэр багтаж байвал боллоо гэж боддог байж. Одооных шиг цэлгэр хашаа, хатгаж, хожим том байшин барина гэж боддоггүй байсан юм болов уу даа.
-Ажилтай л бол зээл өгдөг системд орно гэж хотын дарга Э.Бат-Үүл хэлсэн. Удахгүй танайх тэр болзлыг хангаад өөрийн гэсэн орон гэртэй болох юм биш үү?
-Үнэхээр ажилтай хүнд зээл өгч байртай болдог бол сайхан байна. Гэтэл бид зээл хүсээд хоёр сая хүртэл төгрөгийн зээл авдаг. Түүнээс дээш зээл өгөхгүй юм. Болдог бол түүнийг нь авмаар байна. Хотын дарга нар байн, байн солигдоод хэн ирээд, хэн яваад байгааг мэддэггүй шүү. Их ажил хийлээ, гоё болж байна гэж мэдээллийн хэрэгслээр яриад байх юм. Гэтэл яг иргэн миний амьдралд тэр гоё яриа нөлөөлөхгүй бахь байдгаараа байгаа. Харин ч эсрэгээрээ зам нь хальтиргаа ихтэй болж. Бензиний үнэ нэмэгдэж, түүнийг дагаад бараа, өргөн хэрэглээний үнэ нэмэгдлээ. Давс, талх, махны үнийг хүртэл нэмчихсэн байна. Амьдрал ийм байхад дарга нарыг сайн ажиллаж байна гэж би хувьдаа дүгнэхгүй. Сайн ажиллаж байгаа бол цалингаас цалинд хүрсэн амьдралтай иргэдийн нуруун дээр бензиний үнийн нэмэгдэл, юмны үнэ өсөхийг битгий үүрүүлээд байгаа ч гэж хэлмээр байна даа.
АЙЛД ТААРАЛДСАН “АМЬД АРХИВ”-ЫГ УУДЛАВ
Биднийг ийнхүү ярилцаж суух зуур гаднаас нэгэн өвгөн орж ирэв. Тэрээр хашааны эзэн бололтой. Мэнд амар мэдэлцэж, яриа хөөрөө өрнүүлвэл хэл соёлын амьд архив гэмээр ховорхон бөгөөд өвөрмөц оюун санаатай нэгэн гэдэг нь анхаарал татав.
Амьдрал ахуйн энгийн зүйлүүд хуучлах зуурт улс орны статистикаас эхлээд эдийн засгийн төлөв байдал, 21 аймаг дахь цаг агаарын нөхцөл байдал, ойрын 10 жилийн ирээдүй, цаашилбал түүхийн маш сонин содон баримтуудаас дурьдах нь энгийн нэгэн биш гэсэн сэтгэгдэл төрүүлсэн юм. Ховорхон ой ухаантай тэрхүү өвгөний алдрыг Ц.Аюурзана гэдэг, Дундговь аймгийн уугуул, нас сүүдэр дал гарч яваа гэнэ. Ямар ажил алба хашиж байсныг асуувал Үндэсний статистикийн улсын хороонд ажиллаж байсан гэв. Бидний яриа ч тэгсхийгээд өргөн сэдвийг хамарсан юм. Гандангийн өндөр дэнжид насаараа амьдарч байгаа тэрээр шашны зүтгэлтнүүдийн тухай сайн мэдэх юм. Тэдний хэн нь хэдийд ямар хэргээр хилс хэрэгт буруутгагдсан хийгээд хаана буудуулсан тухай ч ярьж байна.
Тухайлбал, Тасганы овоо орчим буудуулсан лам нарын тухай гашуун түүхээс дурсав. Тавдугаар Богдыг нутгаас нь баривчилан нийслэлд авчрах зуур зам зуур айлд буухдаа бүгдийг мэдэж буй атлаа “Төрийнхөө заллагаар явж байна” гэхээс өөр үг хэлээгүй нь төрөө хүндэлж, олныг бужигнуулахгүй гэсэн ухаан байсан. Тасганы овооны орчим жижиг гэрт хоригдож байхдаа хөтөчдөө “Миний явах цаг боллоо. Маргааш өглөө хөтөлгөө морио аваад нутаг буцаарай” гэсэн бөгөөд түүний хэлснээр өглөө буудах хүмүүс ирэхэд орондоо амьсгал хураасан. Хөтөч нь ч морьдоо аван нутаг буцсан. Хэн түүнийг нутаглуулсан байх вэ дээ, тэр хавийн нэг жалганд л булсан биз гэхчлэн түүх хүүрнэх аж.
ОМОГ ШУНАЛ ИХЭДВЭЭС ГУНИГ ШАНАЛАЛ НЭМЭГДДЭГ
Аливаа зүйлийг өртөг үнэ тэнгэрт хадаж, иргэдийн амьдрал доошилж буй тухайд шүүмжлэлтэй хандсан Ц.Аюурзана өвөө “Омог шунал ихэдвээс гуниг, шаналал нэмэгдэж эцэстээ үхлээр дуусдаг” гээд “76 гишүүнд Алтан загасны үлгэрийг өдөрт хоёр удаа уншуулваас зохино” хэмээж байна.
Эцэст нь нэгэнт сэтгүүлчидтэй тааралдсаных хэлэх үг байна гээд сэтгүүлчдийн хэл, найруулгын тухайд ихээхэн эмзэглэж явдгаа хэлэв. Мөн нэрэлхэж нууж хаалгүй бусаддаа дамжуулахыг “үүрэгдэв”. Тухайлбал, орой болгон цэнхэр дэлгэц “хөлөглөн” айл айлын авдар дээр суун олон сэдвээр ярьдаг манай улсын “Од, сар” гэгддэг эрхмүүд аягүй, аймаар гэдэг хоёр үгийг байнга хэрэглэж, телевизийн хөтлөгчид түүнийг нь тоть шиг давтаж байгааг буруушаав.
Ингээд тэрхүү хоёр үгийн талаар зөв ойлголтыг тайлбарлав. “Аймаар юм” гэдэг нь эрт цагт өөд болоочийг ил тавьдаг байх үед тэрхүү цогцсыг нохой шувуу эрэмдэглэсээр алга болохгүй удахад хэрэглэдэг байсан үг гэнэ.
Тэрхүү “Аймаар юм”-ыг алга болгохын тулд Тасын дуудлага гэх шашны номыг уншдаг байсан. Хүмүүс үлгэр, домог эсвэл дом гэж ярьдаг бол “Тасын дуудлага дуудна” гэгч нь бодит зүйл тэр бүү хэл нүдэн дээр биелдэг үйл. Гандангийн дэнжид олон жил амьдарсан нэгнийг оршуулахад лам нар ном уншиж, олон хар шувуу нисч ирж байсныг нүдээр харсан хэмээн Ц.Аюурзана гуай хуучлав. Аягүй харах, аягүй байх гэдэг нь муу зүйл, таагүй үйлийн тухай хэлдэг атал манайхан аягүй гоё хэмээн ярьж буй нь харш, хэл соёлоо гишгэж байгаагийн илрэл хэмээн тэрээр шүүмжиллээ. Ц.Аюурзана өвөөг яриулаад баймаар, мөн сонсч тэмдэглэл хөтөлмөөр байвч цаг орой болж, бид буцах болсноор яриа маань энд хүрээд өндөрлөв.
Цахилгаан халаагуур бүтээж, төрөлх хотынхоо өнгө төрхөнд гэрэл гэгээ нэмж яваа залуу гэр бүл Ш.Батбилэгийнхээс хийсэн “Амьдралын тойрог” булангийн шинэ оны эхний дугаараар сайн үлгэр дууриал, шинэ бүтээл, оновчтой саналыг уншигч танаа хүргээд зогсохгүй бодууштай зүйлүүд, цаашид уншиж судалмаар олон сэдвийг хөндсөн буурлын үгийг ч хамт хүргэлээ. Та бидний хэн нь ч зүгээр суулгүй бодож сэтгэж, түүнийгээ хийж хэрэгжүүлж чадвал сайхан амьдрал ойрхон, тийм боломж ч дүүрэн байна.