Б.ДОЛЖИНЖАВ

УОК-оос халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ болон тусгай үүргийн нислэгийн  талаар  мэдээлэл хийлээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 31 тусгаарлах байранд 1602 иргэн байна.

Энэ талаар   УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр “Улаанбаатар хотод 27 тусгаарлах байранд 1524 иргэн, орон нутагт дөрвөн тусгаарлах байранд 45 иргэн байгаа. Сүүлийн 24 цагт 33 иргэнийг нэмж тусгаарласан.  ХӨСҮТ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу иргэдийг тусгаарлан ажиглах байрнаас ХӨСҮТ-рүү эсвэл ХӨСҮТ-өөс “Эх нярайн эмэгтэйчүүдийн төв-2” руу шилжүүлж байгаа. Арваннэгдүгээр сарын 11-нээс хойш 5011 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлсэн. ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрсэн иргэдийг “Эх нярайн эмэгтэйчүүдийн төв-2” руу шилжүүлж долоо болон түүнээс дээш хугацаагаар ажиглалтад байлгаад гэрийн ажиглалтад шилжүүлж байгаа. “Эх нярайн эмэгтэйчүүдийн төв-2”-оос гарч байгаа иргэдийг гэрт нь хүргэх ажлыг зохион байгуулж байна. Гадаад улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 119 цэргийн алба хаагч энэ сарын 10-нд эх орондоо ирсэн. Энхийг сахиулагчдыг Бага баян энхийн төлөө цогцолборт тусгаарласан” гэлээ.

Мөн УОК-ын Шуурхай штаб оршуулгын үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдлыг хүлээн авч ажиллаж байна. Сүүлийн долоо хоногт 52  иргэний өргөдөл гомдол иржээ.

 Эх сурвалж:www.polit.mn