Тулга

...Төрийн түмэн тотготой

Төмөр дөрвөн шийртэй

Ган хуяг цагаригтай

Галын тулга түүнийг мялаая

Ц.Дамдинсүрэн 1959, 107-10

Монгол угсаатны гэр ахуйн хэрэглэлийн нэгэн өвөрмөц бөгөөд уламжлалт нэгэн эд өлөг бол тулга юм.

Эдийн боловсрол хөгжиж төмөр хэрэглэх болсон үеэс чулуун тулганы зэрэгцээгээр гурван төмөрлөг гадас шааж хэрэглэх болсон бололтой. Түүнчлэн хэрэглээний багаж зэвсэг сайжрах тусам гурван гадсыг толгойгоор нь холбож цагаригтай тулга хэрэглэх болжээ. Гэвч шинээр хийсэн тулганд хүнд тогоо тавихад тулганы хөл гэдийж тэлдэг байсан учир цагаригийг доошлуулан бэхлэх шаардлага зүй ёсоор ургаж ирсэн байна. Иймээс тулах төмрийн цагариг буюу хасагаас дээш илүү гарсан үзүүрийг “тотго”, зарим нутагт “өртөө”, бүслүүрээс доош гарсан үзүүрийг хөл гэж дотор нь хуваах болсон байна.

Он цаг өнгөрөх тусам хүмүүний хэрэглээ тухайн цаг, нийгмийн хөгжлөө даган өөрчлөгддөг нь жам ёсны үзэгдэл. Хэдий тийм боловч ХХ зууны эхэн үе хүртэл монголчуудын хувьд гал манах “хэрэгсэл” болох “тулга”-ны хийц маяг анх бий болсон үндсэн хэлбэрээ бараг өөрчлөөгүй байна.

Монголчууд гурван хөлтэй төмөр тулга голдуу хэрэглэж байгаад XVI зуунаас хойш гурван хөлтэй тулга нь дөрвөн хөл, дөрвөн тотготой болж өөрчлөгдөн сайжирсан байна.

Манжийн эзэн хаанаас монголчуудад гурав буюу дөрвөн бүс хасагтай, тотгыг нь хэрээний хошуу маягаар хийж халх  нийт монголын арвин буянг хязгаарлах утга бүхий тулгыг ирүүлсэн тухай нэгэн домог бий. Тэр домогт Өндөр гэгээн Занабазар түүнд хариуг бодож тулганы тотго хөлийн тоогоор дэр чулуу заавал тавьж тэрхүү хэрээний хошуунууд дэр чулуу руу хатгаж байх учиртай хэмээн  хуучцуул  өгүүлдэг. 

Гурван хөлтэй, гурван хөлөндөө гурван тотго, өртөөтэй. Өртөөндөө угалзын толгойн дүрсийг маш урнаар гаргаж хийсэн байна.  Энэ тулгыг Их шавийн зүүн отгийн хашир Зондов хэрэглэж байжээ. Голч 44см, өндөр 31см

Монголын Үндэсний музейн Куратор, сан хөмрөгийн эрхлэгч Б.Эрдэнэцэцэг