“Цахим музей” булан Монголын Үндэсний музейн сантай хамтран  хамгийн эртний олдворуудыг МҮМ-н Археологи-Антропологийн секторын эрхлэгч  Ч.Баяндэлгэрийн танилцуулгаар хүргэж байна.

Эртний хүн чулуун хөшөө

Түүхэн тодорхой цаг үед байгалийн чулууг засч янзлан хүний биеийн төрх гарган сийлсэн бүх төрлийн хөшөө дурсгалыг хүн чулуун хөшөө хэмээн нэрлэдэг. Хүн чулуун хөшөөнөөс тухайн хүмүүсийн хувцас өмсгөл, хэрэглэж байсан багаж зэвсэг, дүр төрх, шүтлэг бишрэл зэрэг олон төрлийн мэдээллийг авч болдог бөгөөд бүтээгдсэн түүхэн цаг хугацаанаас хамааран өөр өөрийн онцлогтой байдаг байна. Одоогоор мэдэгдэж буй хамгийн эрт цаг үед холбогдох хүн чулуун хөшөө нь Ховд аймгийн Булган сумын нутаг Ягшийн хөдөө хэмээх газраас олдсон Хэмцэгийн соёлд хамаарах хүн чулуун хөшөө юм. Энэ хөшөөг 2003 онд Монгол-Оросын хамарсан судалгааны баг илрүүлжээ. Хэмцэгийн соёлыг бүтээгч ард түмэн Түрүү хүрэл буюу НТӨ2500-2000 оны үед Алтайн бүс нутагт оршиж байв.

 

Хамгийн эртний бүтэн хадгалагдан үлдсэн ширдэг

1924-1925 онд Оросын ШУА-иас томилогдсон П.К.Козловын  удирдсан “Монгол-Түвдийн хээрийн шинжилгээний анги”  өнөөгийн Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Хараагийн Ноён ууланд анх археологийн малтлага хийж энэхүү эсгий ширмэл ширдэгийг олжээ. Тус үзмэр нь Монголын төдийгүй олон улсын хэмжээнд алдартай олдвор билээ. Ширдэгийг эсгийгээр  хийж, бөс даавуугаар өнгөлөн,  торгоор эмжээр хийж, ороомог хээ зэрэг уран гоёмсог хээ хуараар хээлж, мод, ургамал болон домгийн амьтадын тэмцэл бүхий үйл явдлыг чимэглэн дүрсэлжээ. Энэхүү үзмэрийн тал хэсэг нь ОХУ-ын Эрмитаж музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

 

Хамгийн эртний модон хүүхэлдэй

Орхон аймгийн Жаргалант сумын нутаг Айрагийн гозгор хэмээх газар доктор Ц.Одбаатар ахлагчтай судалгааны баг 2014 оноос хойш судалгаа хийж байна. Археологийн малтлага судалгааны үеэр олдсон нэгэн сонирхолтой олдвор бол 15х3.5 см хэмжээтэй хүний дүрст модон сийлбэр юм.  Энэ хүү олдвор нь НТ 50 оноос III зууны үед холбогдох бөгөөд он цагийн хувьд эртний Сяньби нарт холбогдохыг судлаачид онцлон тэмдэглэдэг байна.

 

Хамгийн эртний эмээл

Энэхүү эмээлийн мод бол өнөөгийн байдлаар Монгол нутгаас олдоод буй хамгийн эртний бүрэн бүтэн хадгалагдаж үлдсэн цор ганц олдвор юм. Эл эмээлийн мод нь нуман хэлбэрийн нимгэн бүүрэгтэй, доош дугуйруулан өргөсгөсөн гүн хонготой, өргөн зузаавтар хавтастай, уужим суудалтай хус модон эмээл. Хавтас нь урд хэсгээрээ хавчиг босоо хэлбэртэй, хойд хэсгээрээ дэрвэгэр бөгөөд хүн суух хэсгийг дээш товойлгон зассан зэрэг  хүн морь аль алинд тухтай байлгахаар урлажээ.

 Уг эмээлийн мод Ховд аймгийн Мянгад сумын нутаг Урд улаан үнээт хэмээх уулын хадны оршуулгаас гарчээ. Энэхүү хадны оршуулгын дурсгалыг эвдэн сүйтгэсэн гэх мэдээллийн дагуу Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга Ж.Баярсайхан, эрдэм шинжилгээний ажилтан Т.Түвшинжаргал, Ч.Баяндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй баг 2015 оны 5 дугаар сарын 1-нээс 10-ны хооронд малтлага судалгаа хийсэн бөгөөд эмээлийн мод болон бусад  олдвор хэрэглэгдэхүүнийг харьцуулан НТӨ IV зуунд холбогдон хэмээн үзсэн байна. Хүний яснаас авсан дээжинд радиокарбоны (С14) аргаар он цаг тогтоох судалгаа хийлгэхэд 91.1 хувийн магадлалаар 243-357 он, харин 48.1 хувийн магадлалаар НТ 255-301 оны үед холбогдох нь тогтоогдсон билээ.

 

Хамгийн эртний цагаан идээ

Археологийн судалгаанд эртний хүнс хүнсний бүтээгдэхүүн бодитоор олдох тохиолдол тун ховор юм.  Харин 2019 онд Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн дарга доктор, Ж.Баярсайхан тэргүүтэй судалгааны баг “Умард Монгол” төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг Хориг хэмээх ууланд  хийсэн археологийн авран хамгаалах судалгааны явцад үнэлж баршгүй ховор олдвор олдсон нь шаазан вааранд дүүргэн хийсэн шар тос, өрөм байсан юм. Шаазан ваарнуудад хийсэн  өрөм, шар тос зэрэг олдворууд нь Дархадын хотгорын мөнх цэвдэгт тухайн үеийн байдлаараа хадгалагдан үлдсэн бөгөөд одоогоос 800 гаруй жилийн өмнө буюу XIII-XIV зуунд холбогдохыг судлаачид тогтоосон байна.

Хамгийн анхны цаасан мөнгөн дэвсгэрт

Цаасан мөнгөн дэвсгэрт нь Монголын төдийгүй хүн төрөлхтний түүхэнд анхных бөгөөд мөнгөний бодлогыг цоо шинээр хэрэгжүүлэх боломжийг нээсэн үйл явдлын түүхэн гэрч болон өдгөө бидний үед хадгалагдан үлджээ. Тус мөнгөн тэмдэгтийн гол хэсгийн баруун, зүүн талд “Бүх нутаг дэвсгэрт гүйлгээний эрхтэй” хэмээн дөрвөлжин бичгээр бичиж, их хааны сангийн тамгаар тамгалсан байна. Энэхүү цаасан мөнгөн дэвсгэрт нь 1287 онд холбогдох бөгөөд модны холтос, ургамлын навч зэргийг хольж тусгай аргаар боловсруулан цаасан дээр барлан хийжээ. Монголын эзэнт гүрний их хааны санаачилгаар гарсан тул өдгөө "Хубилай хааны мөнгөн дэвсгэрт" буюу чао хэмээн нэрлэх бөгөөд тухайн үеийн эзэнт гүрний гүйлгээний найдвартай хэрэгсэл байлаа.

Эх сурвалж: Polit.mn