Үнэн зоригт ханы хошуу захирах тамга

0
хуваалцах
1630
үзсэн

“Цахим музей”  булангаар Үндэсний музейн “Алтан сан”-гаас танилцуулж байгаа билээ. Энэ удаа Үнэн зоригт ханы хошуу захирах тамгыг онцолж байна.

 Монгол Улс 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараа Манж Чин улсын захиргаанд байсан бүх монголчуудаа нэгтгэсэн Монгол Улс байгуулахыг зорьсон. Ингээд  Ховдын хязгаарын олон хошууд (Дөрвөд, Баяд, хойд Захчин, Өөлд, Мянгад, Урианхай, Торгууд), мөн Барга, Цахар, өвөр Монгол, дээд монгол, Шинжааны монголчууд, тагна Урианхай, хөвсгөл нуур урианхай, Дарьгангад албан бичиг хүргүүлжээ.  Улмаар  1912 онд Дөрвөдийн хоёр аймгийн олон хошууд дагах хүсэлтээ илэрхийлснийг Монгол Улсын  Засгийн газар хүлээн авч Монгол Улсад нэгтгэж хошуу захирах мөнгөн тамга олгожээ.  

Дөрвөдийн Үнэн зоригт ханы хошуу өнөөгийн Монгол Улсын Увс аймгийн Өмнөговь, Өлгий, Наранбулаг, Тариалан сум, Ховд аймгийн Дөргөн сумын нутаг юм.  Үнэн зоригт ханы хошуу захирах тамга Монголын Үндэсний музейн тамганы сан хөмрөгт хадгалагдаж байна. Уг тамгыг цул мөнгөөр цутгасан 10х10 см хэмжээтэй дөрвөлжин суурьтай, 10 см өндөр, 2955  кг  жинтэй. Суурийн дээр ирмэгийг шатлан давхар ховил гаргаад төвд нь хос эрдэнэ бүхий бариул үйлдсэн байна. Тамганы улыг нарийн хөмөг хүрээтэй төв хэсэгт нь Богд хаант улсын төрийн соёмбо сийлжээ. Соёмбын зүүн баруун талыг дагуулан “Дөрвөдийн Үнэн зоригт Ханы хошуу захирах тамга” хэмээх үгийг монгол бичгээр сийлсэн. Мөн тамганы их биеийн дээр бариулын хоёр талд “Олноо өргөгдсөний 2-р он хар хулгана жил ёслолын хэрэг хавсаргах дотоод яамнаа үйлдэв” хэмээн бичсэн байна.

Хошуу захирах болон хутагтын тамга үйлдэх тухай Зарлигаар тогтоосон Монгол Улсын хууль зүйлийн бичигт “. . . Нэгэн зүйлд олон засаг хутагтын шавь нарыг захирах тамга өөр өөрийн наян лан (1 лан-37.5гр) мөнгийг хэрэглэнэ. Дөрвөлжин тийш гурван ямх (гарын хурууны 1-р үеэс хурууны үзүүр хүртэлх зай, уртын хэмжүүрийн нэр, нэг ямх нь 32мм орчим), гурван пүн (уртын хэмжээ, нэг ямхыг арав хуваасны нэг хувь), зузаан тийш зургаан пүн, бариулд хос эрдэнэ. Бариулын өндөр тийш хоёр ямх дөрвөн пүн, тамганы төв хэсэгт цөм соёмбын эвам, зүүн барууны этгээд монгол үсэг сийлэгтүн. Үсэг журмыг Дотоод яамнаас тогтоож айлтгаад зарлиг буулгасны хойно тамга цутгах газарт тушааж цутган үйлдүүлэгтүн. Аливаа тамганы үсгийг халж олгуулбаас зохих эсвээс он удаж үсэг балархай болбоос зарилгийг гуйн айлтгаад халж олгуул. Хуучин тамгыг битүүмжлэн Дотоод яаманд хүргүүлж ирүүлээд эвдэж санд хураалгахтун” [Зарлигаар тогтоосон Монгол Улсын 30-р дэвтэр] хэмээжээ.

Зарлигаар тотоосон Монгол Улсын хууль зүйлийн бичиг боон зарим архивын баримтаас үзэхэд Олноо өргөгдсөний 2-р он буюу 1912 онд Дөрвөдийн баруун гарын Үнэн зоригт хааны хошуу захирагч Содномжамцойд Засаг, хошой чин ван, үе улиран, Үнэн зоригт ханы хэргэм хошуу захирах мөнгөн тамга олгосон байна. Тус тамгыг Содномжамцой ноён 1912-1925 он хүртэл албан хэрэгт хэрэглэжээ.

Ардын хувьсгал ялсны дараа 1925 онд Содномжамцой ноён Ардын засгийн шийдвэрээр хамжлага захирах эрхээ цуцлуулж хошуу захирах тамгаа хураалгасан бололтой. Мөнгөн тамга болон өргөмжлөл зэргийг Судар бичгийн хүрээлэнд хүргүүлсэн тухай архивын нэгэн баримтанд “Дотоод явдлын яамнаас 1927 оны дөрөвдүгээр  сарын 15-ны өдрийн 169-н тоот тушаалаар тус яамнаас Судар бичгийн хүрээлэнгийн газарт урьд засаг ноён, Чин улс ба автономитын үед олгосон мөнгөн тамга, өргөмжлөл зэргийг жагсаалтаар хүргүүлэв. Эрхэлсэн түшмэл Цэвээнпил. . .” хэмээжээ. Ийнхүү Дөрвөдийн Үнэн зоригт ханы хошуу захирах мөнгөн тамга тухайн үеийн Судар бичгийн хүрээлэнд очсон байдаг. Өвөрмонголын их сургуулийн магистрант Б.Буян-Орших \2020. Музей судлал, Tom XXI-I, Fasc. 1-22, Улаанбаатар\.

 Эх сурвалж: Polit.mn