XIX зууны сүүл үеийн цацал

0
хуваалцах
1402
үзсэн

Монголын Үндэсний Музейд хадгалагдан буй эл цацал нь есөн нүд бүхий хавтгай толгойтой, дөрвөлжин хэлбэртэй ишний хоёр талд 12 жил, дээр нь хур дэлтэй есөн шарга адууны сийлбэртэй бөгөөд бариулын төгсгөлд очир толгой сийлж шар, цагаан, цэнхэр өнгийн хив хадагнууд уяжээ.

Цацлын урт нь 39 см, өргөн нь 6 см.

Он цагийн хувьд XIX зууны сүүл XX зууны эхэн үед хамаарна.

Монголчууд эртнээс 5, 8, 9, 10, 13 нүдтэй цацал хэрэглэж ирсэн бөгөөд “хөх мөнгөн тэнгэр эцэг, хөрст алтан дэлхий эх минь” хэмээн залбирч байгаль дэлхийн ааш аягт зохицон амьдарч ирсэн түүхтэй. Цацал гэдэг нь “газар дэлхийд дээж өргөхөд зориулж хийсэн есөн нүх (нүд)-тэй мод” ажээ. Цацал өргөх нь монгол хүний аж төрөн суугаа нутаг ус, орчлон дэлхий, тэнгэр огторгуйг тахин шүтэж, аргадан тайтгаруулж, хайр энэрлийг нь хүссэн зан үйл юм. Цацлыг өглөө бүр цайгаа чанасны дараа, алсын аянд зорих нэгнээ үдэж мордуулахад, хурим найрын үед, Цагаан сараар, уул овооны тахил тайлгад, ууган төл гарах, шинэ нутагт буух зэрэг амьдралын тодорхой мөчлөгт тусгай зан үйлийн дагуу өргөдөг уламжлалтай. Цацлыг голдуу хуш модоор хийдэг бөгөөд ихэвчлэн таван хошуу мал, арван хоёр жилийн дүрс, сайн сайхны билэгдэл бүхий уламжлалт хээ хуар тэргүүтнийг сийлж чимэглэх нь бий.

Эх сурвалж: www.polit.mn