Д.ГЭРЭЛ

 

Хүний эрхийн үндэс­ний комиссынхон өчиг­дөр хорих байгууллага дахь хүний эрхийн зөрчил­тэй холбоотой мэдээллийг хууль тогтоогчдод өгөв. Тодруулбал,  Ж.Бямба­дорж дарга хорих ангид ял эдэлж байгаа хүмүүжигч­дийн хөдөлмөрлөх эрхийн тухай илтгэл тавьсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хүний эр­хийн Үндэсний Комис­соос жил бүр илтгэл, тайлан, зөвлөмж гаргадаг ч үр дүнгүй байна. Манай улсын хүний эрхийн тухай хууль, тогтоомж болохгүй байна уу”  гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Батзандан “1990 оноос хойш хүнлэг, энэрэнгүй нийгмийг цогцлоохоор хичээж байгаа ч  хүний амь нас, үнэ цэнэ алга. Хурдан морь 100 сая төгрөгөөр үнэлэгдэж байхад Монгол хүний амь нэг сая төгрөгөөр үнэ­лэгдсэн тохиолдол байна. Хүний эрхийг хамгаалах шинэ тогтолцоог бий болгох хэрэгтэй. Хүний эрхийн Үндэсний Комисс зөвхөн зөвлөмж, илтгэл хүргүүл­сэн төдийнхнөөр ажлаа хиймээргүй байна. Тиймээс хэрхэн үр дүнтэй болгох талаар УИХ-тай нягт хамтран ажиллах шаардлагатай” хэмээв. Үүнд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “Илтгэл бол манай байгууллагын ажлын тайлан биш гэдгийг онцолмоор байна. Олон Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн конвенцид тусгасны дагуу Монгол Улсын хүний эрхийн байдалд дүгнэлт хийж байгаа хэрэг. Энэ зөвлөмжийнхөө хүрээнд хууль тогтоох байгуул­лагад шийдвэр гаргуу­лахаар илтгэлээ тавьдаг. Монгол хүний үнэ цэнийг баталгаажуулахаар дэлхий дахины жишгийг судалж байна” гэлээ. Дэд хорооны гишүүд хорих ангийн ажилчид, ялтан, сэжигт­нүүдийн эрхийн талаар түлхүү асууж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Лүндээ­жанцан “Урьдчилан саатуулах байр, хорих ангуудын нэгд­сэн стандарт зайлш­гүй шаардлагатай байна. Олон ч жил ярьж байгаа. Урьдчилан саатуулах байр хорих байр биш. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэрэг хүлээлгэ­хийн тулд эрүүддэг байд­лыг зогсоох нь зүйтэй. Хяналтын үр нөлөөг өндөр болгох оновчтой шийдэл дутагдаж байна. Ялтнаар ажил хийлгүүлэх боломж нэг үеэ бодвол сайжирч байгаа. Харин хорих ангид ажиллаж байгаа ажилт­нуудын хувьд ажлын нөхцөл хүнд байдаг” гэв. Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюун­­чимэгийн хэлс­нээр Монгол Улсад 25 төв­лөрсөн хорих анги бай­гаагаас баривчлах ял эдлүүлэх нэг анги, жи­рийн дэглэмтэй 11 хорих анги, чанга дэглэмтэй 11 хорих анги, онцгой дэглэмтэй нэг хорих анги, нэг гяндан байна. Хорих ангийн одоогийн тогтол­цоогоор ялтныг хөдөлмөр эрхлүүлэх боломж бололцоо хомс. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.6 дахь хэсэгт зааснаар чанга, онцгой дэглэмд ял эдлэж байгаа ялтныг хорих байгууллага зөвхөн өөрийн үйлдвэрлэл дээр ажиллуулахаар хууль­чил­сан байдаг байна. Гэтэл үйлдвэрлэл эрхэл­дэггүй чанга дэглэмтэй хорих ангиудад ял эдлэж байгаа хүмүүсийн хувьд хөдөл­мөр эрхлэх боломж хяз­гаарлагдаж, тэр хэмжээ­гээр хуулиар хүртэх хөнгөлөлт, цалин хөлсийг авч чаддаггүй. Чанга дэглэмтэй 11 хорих ангийн дөрөвт нь л үйлдвэр байгаа бөгөөд тэдгээр үйлдвэрт ажлын байрны хүрэлцээ муу, ялтнуудад хөдөлмөр эрхлэх боломж тэгш бус байдаг аж.Тиймээс хууль эрх зүйн орчныг сайж­руулж, хорих байрны нэгдсэн стандартыг бий болгох, хорих байгуул­лагуудыг үйлдвэржүүлэх, ялтнуу­дыг нийгэм­шүүлэхэд түлхүү анхаарах цаг болжээ гэдгийг албаны хүмүүс хэлж байгаа юм. Хүний эрхийн Үндэсний коммист ирсэн гомдол, өргөдлийн дий­лэнх хэсгээс сэжигтнийг хэрэг бүртгэл, мөрдөн бай­цаал­тын шатанд дарам­талдаг байдал ажиг­лагдсан байна. Энэ нь камераар тоноглогдсон өрөө тасал­гаанд байцаалт авдаг­гүй­тэй холбоотой аж. Гомдлын мөрөөр шалгахад гэрчгүйн улмаас дарам­талсан эсэх нь тог­тоогддоггүй байна.