Монгол Улсын Төрийн дээд шагнал “Эрдэнийн Очир” одон

0
хуваалцах
1547
үзсэн

Монголын  Үндэсний  музейтэй  хамтран   “Алтан сан хөмрөг”-т  хадгалагдаж буй  ховор  дурсгалуудыг   танилцуулж  байгаа  билээ

 

Энэ удаа Монгол Улсын Төрийн дээд шагнал “Эрдэнийн Очир” одонг танилцуулж  байна.

Материал:  Алт шармал, биндэрьяа,  тана,  хөх  цэнхэр  тууз

Хэмжээ:  урт  болон өндөр  нь 11.5  см,

Өргөн  нь 5.5  см,

Жин  40  грамм

Холбогдох  он  цаг:  ХХ  зуун  1911  онд  тусгаар  тогтнолоо  зарлан  тунхагласан  Монгол Улс  нь  тусгаар  улс  орны  хувьд  Монголын  тусгаар тогтнолыг  дэмжих,  хүлээн  зөвшөөрүүлэх  их  хэрэгт  хувь  нэмэр  оруулсан олон  орны  янз  бүрийн  албаны  хүмүүсийн  гавьяаг  хүндэтгэн  шагнах зорилгоор  Төрийн  дээд  одон  “Эрдэнийн  Очир”-ыг  бий  болгожээ.

 Монгол  Улсын  төрийн  гавьяаны  тэргүүн, дэд,  гутгаар  зэргийн  “Эрдэнийн Очир”  одонгийн  зураг  болон  дүрмийг  1912  оны  сүүлчээр  батлан  гаргаж улмаар  буриад  Наваан  хамбыг  Хаант  Оросын  нийслэл  Петербург  хотноо захиалан  үйлдүүлэх  хэргээр  томилcон  байдаг.

Буриад  Наваан  хамба  Петербург  хотын  “Ювелирг К.Бокь”  хэмээх  орос пүүстэй  гэрээ  хэлэлцээр  байгуулж,  Монгол  Улсын  Тэргүүн  зэргийн  одонг 19-22  рубль,  Дэд  зэргийн  одонг  12-17  рубль,   гутгаар зэргийн  одонг  8-12 рублиэр  тус  тус  захиалж  хийлгэсэн  байна.  

Монгол  Улсын “Эрдэнийн   Очир”  одонгийн  тусгайлан  гаргасан  дүрэмд Тэргүүн  зэргийн  “Эрдэнийн  Очир”  одон  нь:

 1. Чингис  хааны  одон

 2. Автай  сайн  хааны  одон

3. Өндөр  гэгээний  одон  гэсэн гурван  дэстэй  ба  шижир  алтаар  хийсэн солбисон  алтан  очирын  төв  дунд  ба  оройд  цөм  сувд  шигтгэнэ.  Оосор  нь шар  лент  байна.  Тэргүүн  зэргийн  Чингис  хааны  одонгийн  ард  нь  Монгол Улсын эртний  Богд  Чингис  хааны  “Эрдэнийн Очир”  хэмээн  цоолборлож, тусгайлан  олон  улсын  хаанд  олгосугай.  

Дэд  зэргийн  “Эрдэнийн  Очир”  одон нь:

 1. Вангийн  

2. Бэйлийн

3. Бэйсийн

4. Гүнгийн  гэсэн  дөрвөн  зэрэг  ба  алт  шармал  мөнгө,  оосор  улаан. Солбисон  хоёр  очир  бүхий  тус  одонгийн  төв  дунд  нь  улаан  эрдэнийн чулуу,  оройд  нь  цулгуй  шүр,  биндэрьяа,  номин  чулуу  шигтгэсэн.  Дэд “Эрдэнийн  Очир”  одонгийн  Вангийн  зэргийн  ар  талд  Монгол  Улсын  Ван зэргийн  “Эрдэнийн Очир”  хэмээн  цоолборлож,  олон  улсын  үе  улиран  залгамжлах  хэргэмт  сайд  ба  олон  явдал  яамны  хэргийг   ерөнхийлэн шийтгэх  сайдууд,  тэргүүн  зэргийн  элчин  сайдуудад   шагнан  олгосугай.  Гутгаар  зэргийн  “Эрдэнийн  Очир”  одон  нь:

1.  Тэргүүн  зэрэгт  түшмэлийн

 2.  Дээд  зэрэгт  түшмэлийн  

3.  Гутгаар  зэрэгт  түшмэлийн

 4.  Дөтгөөр  зэрэгт  түшмэлийн

 5.  Тавдугаар  зэрэгт  түшмэлийн  гэсэн  таван  зэрэгтэй  ба  алт  шармал  зэс, оосор  хөх.  Солбисон  хоёр  очирын  дунд  цулгуй  сийлбэртэй  шүр,   биндэрьяа,  номин  цүүшлэн  шигтгэнэ  гэж  тус  тус  заажээ.  Монгол Улсын “Эрдэнийн  Очир”  одонгийн  дүрэмд  заасан  гурван  зэргийн  одонгоос Монголын  Үндэсний  музейд  Гутгаар  зэргийн  “Эрдэнийн  Очир”-ын  дөрөв  болон   таван   дэсийн  түшмэлийн  зэргийн  одон  хадгалагдаж  байна. Эдгээр одон нь   алт  шармал,  номин,  тана,  хөх  цэнхэр  тууз  бүхий  юм.

Өндөр нь  11.5  см,  өргөн нь   5.5 см,  жин  нь  40 грамм юм.

 Тус гутгаар  зэргийн  болон дөрөвдүгээр  “Эрдэнийн  Очир”  одон  нь  солбисон алтан  очир  түүний  төв  дунд  номин  шигтгэсэн  ба  ард  нь  дөтгөөр  зэрэг гэсэн  монгол  бичигтэй.  Одонгийн  дүрэмд  тус  одонг  “Олон  улсын  цэргийн даргад  шагнан  олгосугай”  хэмээн  тодорхойлон  заажээ.

Гутгаар   зэргийн тавдугаар   “Эрдэнийн Очир”   одон нь   алт  шармал, биндэрьяа,  тана,  хөх  цэнхэр тууз бүхий юм.  Өндөр  нь 11.5  см,  өргөн  нь  5.5 см,  жин  40 грамм.  Солбисон  алтан  очир  бүхий  тус  одонгийн  төв  дунд биндэрьяа  шигтгэсэн  ба  одонгийн  дүрэм  ёсоор  ар  талд  Монгол  Улсын тавдугаар  зэргийн  түшмэлийн  одон  хэмээн  цоолборлож  бичих   ёстой боловч  тухайн  үйлдвэрээс  уг  тэмдэглэгээг  хийлгүй  орхисон байдаг.

Эх сурвалж: www.polit.mn