А.Доржханд

"Polit.mn" цахим сайт Хэнтий аймгийн музейтэй хамтран "Цахим музей" буланг та бүхэндээ хүргэж байна.

Энэ удаа Их эзэн Чингис хааны түүхэнд Их Ауруг гэж нэрлэгддэг Хэрлэнгийн хөдөө аралын тухай танилцуулъя. 

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Хэрлэний Хөдөө арал бол Монголын эзэнт гүрний төрийн голомт нутаг юм. Энд Чингис, Өгөдэй, Мөнх, Есөнтөмөр гээд үе үеийн их хаад хаан ширээнээ заларч, удаа дараа Их хуралдай чуулж төрийн хэргийг хэлэлцэн шийдэж, Монголчуудын түүх, утга соёлын гайхамшигт дурсгал “Монголын Нууц товчоон”-г туурвиж, Чингис хааны “Их Орд”, Их Монгол улсын эхэн үеийн улс төр эдийн засгийн төв, хожим онгон шүтээний найман цагаан гэр, хүндэтгэлийн зан үйл XY зуун хүртэл төвлөрч байсан нь түүхэн сурвалжийн мэдээ болон түүх, археологийн судалгааны үр дүнгээр баттай тогтоогдсон билээ. Тиймээс Хөдөө арлын бүс нутагт Монголын эзэнт гүрний үеийн хамгийн чухал археологийн дурсгалууд хадгалагдаж буй бөгөөд үүний онцгой төлөөлөл нь “Аваргын балгас” буюу Чингис хааны “Их Ауруг орд”-ын туурь болно. Түүхэн сурвалж бичгүүдэд тэмдэглэгдсэн баримтаас үзвэл Чингис хаан улирлын шинжтэй дөрвөн ордтой байжээ. Ордууд нь эхэн үедээ цаг, улирлын байдал, малын бэлчээр даган нүүдэллэж байсан боловч сүүлдээ суурьшин хот хүрээ болон өргөжсөн байна. Эдгээрээс “Их Ауруг орд” нь хамгийн хүндтэй гол орд байсан бөгөөд Хэрлэний Хөдөө аралд оршиж үйл хэргийг нь Бөртэ хатан эрхлэн явуулдаг байсан ажээ. “Ауруг” хэмээх нь ар гэр, гэр хүрээн гэсэн утгатай, тухайлбал их хаан удаан хугацаагаар аян дайнд явахдаа эд хөрөнгө, мал сүрэг, хатад хүүхэд, өтгөс буурлуудаа нэг газар төвлөрүүлэн алтан ургийн язгууртанд хариуцуулан үлдээдэг байснаас үүдэлтэй хэмээн үздэг. 1960-аад оноос хойш хийгдсэн малтлага судалгааны үр дүнд нутгийнхан “Аваргын балгас” хэмээн нэрэлдэг эртний туурийг Чингис хааны “Их Ауруг” ордын үлдэц мөн болохыг баталсан төдийгүй дараах үеүүдэд Монголын их хаадын хаан сууринд суух төв, Их Монгол улсын анхны нийслэл хот шинжтэй оршин тогтнож байсан түүхэн чухал дурсгалт газар мөн хэмээн нийтээр үзэх болсон юм. Эртний “Ауруг” “Агуруг” хэмээх нэр сунжирсаар одоо тэр орчмын байгал, түүхийн дурсгалууд “Аварга тосон” “Аваргын рашаан”, “Аваргын гол”, “Аваргын балгас” гэж нэрлэгдэх болжээ. Энэхүү дурсгал маань Аймгийн ИТХ-ын тогтоолоор "Хан Хэнтий аймгийн 9 гайхамшиг"-ийн нэгт багтсан юм.

Эх сурвалж:www.polit.mn