М.ГАНЦЭЦЭГ

 

УИХ-ын гишүүн Д.Ганбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-УИХ-аар хамгийн сүүлд баталсан Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хуулийн талаарх таны бодлыг сонсмоор байна. Хуулийн олон зүйл заалтыг сөрөг хүчин эсэр­гүүцэж байсан шүү дээ?

-Ерөнхийлөгчийн сонгуу­лийн шинэчилсэн найруулгыг энэ сарын 21-нд баталсан. Тэгэхээр ирэх зургадугаар сарын 21-нээс хойш Ерөнхийлөг­чийн  сонгууль болох нь. Нэг маргаантай асуудал нь хандивын хэмжээ бай­сан. Хандивын хэмжээг хуулийн этгээдээс 50 сая хүртэл байхаар баталлаа. Хуулийн төсөлд иргэн 10 сая, хуулийн этгээд 100 сая төгрөг байхаар оруулж ирсэн шүү дээ.

-Өмнөх хоёр сон­гуультай адил автомат системээр явуулахаар болсон. Энэ нь нэлээд маргаантай байсан биз дээ?

-Автомат машин ашиг­лахыг би хувьдаа зөв гэж бодож байгаа. Бид өнөөдөр онгоцоор нисдэг байснаа явган эсвэл тэмээн жингээр явдаг болох уу, үгүй юү  гэсэн сонголт шүү дээ. Хийсэн дэвшлээсээ ухарч болохгүй. Манай парламентын гишүүд ав­то­мат системээр явуулсан сонгуулийн үр дүнгээр сонгогдсон. Олон намын төлөөлөл, бие дааг­чид, иргэний хөдөлгөөний хүмүүс ч орж ирлээ. Өмнө нь ийм бүрэлдэхүүн тө­дийлөн байдаггүй байсан. Хэрэв тооллогын машин янз бүр болдог байсан бол ийм хэмжээний хүмүүс олж ирэхгүй байсан болов уу. Ингэснээр сонгууль шударга болж байгаагийн нэг баталгаа байх.

-Парламент сөрөг хүчинтэй болж Ардын нам бүлэгтэй боллоо. УИХ өнгөрсөн үйл явдалд, өөрсдөдөө зориулж хууль батлах нь зөв үү?

-Өөртөө зориулсан хууль гэж шүүмжилж байсан. Ерөнхийлөгч энэ хуулийг өргөн барьсан. Гэхдээ Ардын намынхан өөрсдөө ийм хуулийн төсөл санаачилж өргөн барих ёстой гэж бодож байлаа. Ардчиллыг алдаг­дуулсан, завхруулсан хуулийг тухайн үед ба­талдаг байсан хүмүүс өөрсдөө хуулийн төсөл өргөн бариад баталсан бол зүгээр байх байсан. Хамгийн гол нь 24 цагийн дотор бүлэг байгуулж чадаагүй учир ийм хууль батлах шаардлагатай болсон. 24 цаг гэдэг бол хурдан хугацаанд УИХ-ын бүтцийг байгуулахыг түлхсэн заалт гэж харж болно. Нөгөө талаас нь ардчиллыг боомилсон, бү­лэг байгуулахыг хяз­гаар­ласан заалт гэж болох юм. Үнэндээ бол УИХ-д өөрс­дийнх нь хүссэн бүтцээр ажиллах боломжийг бүр­дүүлэх үүднээс энэ хуулийг баталлаа. Ардын нам сөрөг хүчин болж, зохион байгуулалтад орж ард түмнийхээ төлөө сайн ажиллахад нэмэртэй юм бол цаашид ямар нэгэн юм яриад байхааргүй бүлгийг нь байгуулж өглөө.

-Ардчилсан нам хүчтэй сөрөг хүчинтэй боллоо. Цаашид ажил гацаах юм биш биз?

-Дэлхий дээрх хөг­жингүй улс орнуудад олонх болсон нам нь төр засгаа удирддаг, цөөнх нь болж бүтэхгүй зүйлийг нь засч залруулахыг оролд­дог, бүх зүйл нь хуулийн хүрээнд явдаг нийгмийг ардчилал гэдэг биз дээ. Ийм л нийгмийг бид хүсдэг. Ард түмний сонголтыг авч олонх бол­сон нь өөрийнхөө бодлого, хөтөлбөрөө хэрэгжүүлдэг, хэрхэн хэрэгжүүлж бай­гаад цөөнх нь хяналт тавьдаг, шүүмжилдэг.

-Өмнөх парламентад байгаагүй үйл явц одоо өрнөж байх шиг.  Д.Арвин гишүүн Ардын намаас гарч танай намд элслээ. Олон болсон танай нам өөр намаас ийм маягаар гишүүн элсүүлээд байх уу. Цаа­шид ийм жишиг тогтчих вий, ер нь Ардчилсан нам ямар тохироо хийгээд байгаа юм бэ гэж олон хүн хардаж, гайхаж байна шүү дээ?

-Муухан найруу­лаг­чид муу жүжгийг ганц хоёрхон хүнтэй нийлж найруулж тавиад байх нь буруу биз дээ. Ард түмэн сонголт хийчихсэн байхад цөөхөн хэдэн хүн нийлж яриад байдаг.

Үүнд ард түмэн сэтгэл хангалуун бус байгаа нь мэдээж. Энэ үйл явцад Ардын нам өөрөө дүгнэлт хийх ёстой. Яагаад гишүүд нь орж, гараад байна вэ. Өнгөрсөн 70 жилд тэд ачааны хүндийг үүрсэн гэж ярьдаг. Яаж үүрсэн бэ гэдэг нь тодорхой байна. Ард түмний нуруун дээр ачааны хүнд нь хэвээр байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. 30 хувийн ядууралтай орон хэдэн жил явав, эдийн засаг хэдэн хувь өссөн гээд л ярьдаг. Ард түмэнд эдийн засгийн өсөлт наалдаж уу, үгүй юу гэдгийг бодох ёстой. Ардчиллынхаа системийг зөв, шударгаар явуулсан бол улс орон өнөөдөр ийм байхааргүй байлаа. Тэ­гэхээр Д.Арвин гишүүний үйлдэлд Ардын нам өөрөө дүгнэлт хийх ёстой байхгүй юу.

-Ард түмэн сонголтоо хийчихсэн байхад хэдэн хүн өөрчлөөд байна гэж үү?

-Хуулийн боломж нь байгаа. Хуулиас гадуур зүйл хийсэн бол мэдээж зогсоох ёстой.  Ард түм­нээс сонгогд­сон гишүүн сонгогчдын­хоо төлөө яаж илүү зүтгэж чадах вэ гэдгээ л харуулах ёстой.  3-4 удаа сонгогдсон тулхтай, турш­лагатай гишүүн, олон жил улс төрд хутгалдсан хүн юу хийхээ мэддэг байж таарна. Хэн юу гэж сайхан юм ярьж байсан бэ гэдэг ард түм­ний амьд­ралаар тодор­хойлогдоно. Сон­гогч­дын минь амьдрал ямар байна вэ гэж харахад өөрийнх нь ажил хэм­жиг­дэнэ. Хуулийн хү­рээнд хийсэн сонголт явж байгаа байх.

-Сүүлийн үед олон тө­сөл хөтөлбөр хэрэг­жүүлэх, өмнөх мөнгөн амлалтуудаа гүйцээх зэрэгт Засгийн газрын бонд гаргаж байна. Үүнийг та хэрхэн харж байгаа вэ?

-Бонд гаргах нь зөв. Улс орныг  5-10 жилийн дараа сайхан болно гэсэн коммунизмын үеийн яриа өнгөрсөн. Хэдхэн жил тэвч, хэдэн жилийн дараа амьдрал сайхан болно гэсэн хий хоосон лоозон ард өнгөрсөн. Ажил хийх хүмүүс байна, ажил нь ч байна. Бонд бол гадаад, дотоодын зах зээл дээрээс мөнгө олдог санхүүгийн хэрэгсэл. Хамгийн гол нь бондыг үр дүнтэй ашиглах нь чухал. Цаана нь тоо­луур явж байгаа. Монгол Улс буцаагаад төлнө. Иймд бодлого шийдвэр гаргаж байгаа бид бүхэн хариуцлагатай ажиллах ёстой. Нэг секундын зав­саргүй ажиллах учиртай. Хэдий гоё зүйл ярьсан ч иргэдээс амьдрал ямар байгааг асуух хэрэгтэй, үүгээр л энэ ажил хэмжигдэнэ.

-Ардчилсан намын ги­шүүдийн олонх нь сайд, байнгын хороо, дэд хо­рооны дарга болсон. Дав­хар албан тушаалгүй гишүүн бараг байхгүй. Та ч гэсэн нэг дарга нь байх аа?

-Би Хүний эрхийн дэд хорооны дарга.

-Танай дэд хороо ху­ралдсан уу. Саяхан Хүний эрхийн талаарх 2011 оны тайланг хэлэлцэхээр тө­лөвлөсөн хойшлуулсан бил үү?

-Техникийн шалтгаа­наар дэд хорооны хурал хойшилсон. Гэхдээ хүний эрхийн төлөв байдал Мон­голд ямар байгаа талаар саяхан хэлэлцүүлэг зо­хион байгуулсан. Удахгүй дэд хороо хуралдаж 2011 оны хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцэнэ.

-Ер нь УИХ-ын гишүүд нь олноороо сайд болдог жишиг тогтох нь гэсэн шүүмжлэл бий. Үүнтэй та санал нийлэх үү?

-Олон хүн дарга байна гэсэн шүүмлэлийг ухаж ярьж болно. Засаглал хуваах зарчмаараа бол УИХ-ын гишүүд нь хууль тогтоох ажлаа л хийх ёстой. Засгийн газар нь хуулиа хэрэгжүүлээд явах ёстой. Шүүх тусдаа шийд­вэрээ гаргах учиртай. За­саглал хуваах энэ зарчмыг хүн бүр мэднэ. Энэ зарчим алдагдсан нь үнэн.

-Тэгвэл цаашид энэ байдлыг яаж өөрчлөх вэ?

-Шат дараатайгаар УИХ-ын гишүүдийн гу­рав­ны нэг нь Засгийн газраа бүрдүүлэх замаар явах нь улс орон, ардчилал, ард түмний эрх ашигт бүрэн нийцнэ. Өнөөдрийн байдал ийм байгаа ч цаа­шид засаг төрийн бүтцээ сайжруулах нь зөв гэсэн бодол надад байдаг.

-Энэ УИХ-д олон шинэ гишүүн орж ирсний нэг нь та. Намрын чуулганаар таны санаачилсан гол хуулийн төсөл юу байна вэ?

-Засгийн газраа бүр­дүүлж өглөө, АН-ын бү­лэгт орж ажиллаж байна. Чингис хааныхаа 850 жилийн ойг тэмдэглэх, Чингисийн зургийг архин дээр наадаг явдлыг болиулах хуулийн төслийг гишүүдтэй хамт өргөн ба­рилаа. Хөдөө орон нутагт ажиллаж байгаа үйлдвэр­лэгч болсон  малчдынхаа амьдрал ахуйг төр засгаас дэмжих ёстой гэсэн утгаар төсөл өргөн барьсан. Орон нутгийн сонгуулиар орон нутагт ажиллалаа. Манай Баян­хон­гор аймагт Ард­чилсан нам олонх боллоо. Сон­гогчидтой уулзлаа, тэд­ний­хээ захиа даалгав­рыг нэлээд авлаа. Ирэх оны төсөвт аймагтаа хоёр ч шинэ сум байгуулах талаар тусгаж чадсан гэх мэт олон хуулийн төсөл дээр ажилласан.

-Чингисийн зургийг архи, элдэв зүйлд ашиг­ладгийг болиулах хуулийн төсөл ямар шатанд яваа вэ?

-Засгийн газраас са­нал авахаар өргөн барьсан. Мянганы хүн болсон Эзэн богдынхоо зургийг архин дээр нааж, залуучуудыг архинд татаж болохгүй. “Архи гэдэг сайхан идээ, уух нь зөв” гэсэн ойлгол­тыг залуучуудад өгч болох­гүй гэсэн санаагаар хуу­лийн төсөл санаачилсан юм.

-Та ойрд тойрог руугаа явав уу. Ирэх дөрвөн жилд Баянхонгорт хийхээр зорь­сон гол ажлаасаа дурь­даач?

-Сонгогдсоноосоо хойш дөрвөн удаа очсон. Баянхонгор аймаг говь, хангай, хээр хосолсон Монголын гурван бүсийн ганц аймаг. Хоттой нэг их ойр, хол ч биш, хөдөлмөрч ард түмэнтэй, таван хошуу малтай сайхан нутаг. Баянхонгор аймгаа жишиг аймаг болгож хөгжүүлвэл бусаддаа үлгэр жишээ болно гэсэн бодолтой Х.Баттулга гишүүн бид хоёр аймгийнхаа удирд­лагуудтай хамтарч ажил­лаж байна. Гишүүн болохоосоо өмнө нутаг усныхаа төлөө хийж бай­сан ажил бий, түүнийгээ үргэлжлүүлнэ.

-Та УИХ-д орж ирэ­хээсээ өмнө бизнес эрхэлж байсан. Улс төрд хэзээ­нээс орсон юм бэ?

-Угаасаа ардчиллын төлөө гэсэн үзэл бодолтой хүн. Ардчилсан намынхаа өдөр тутмын ажилд 2000 оноос хойш идэвхтэй орол­цож ирсэн.

-Намын үйл хэрэгт идэвхитэй оролцох ямар шалтгаан байв?

-Ардчилсан нам олонх болж чадахгүй байсан. Бидэн шиг хүмүүс орол­цож олонх болохгүй бол ардчилал манай аймагт, улс оронд ч бүрэн утгаараа хэрэгжихгүй байсан. Бид­ний бодож, сэтгэж байгаа зүйл амьдрал дээр бие­лэхгүй, улс орон хөг­жих­гүй байсан учир оролцох шаардлага байсан. Ингээд санаж бодсон зүйлээ хэрэгжүүлж эхэлж байна.