Б.ОД
ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр 602 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Батлагдсан 298 тохиолдлоос 281 нь эдгэрсэн. ХӨСҮТ-д 17 хүн эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 2099 хүн тусгаарлан ажиглалтад байна. Цэргийн төв эмнэлэгт тусгай үүргийн онгоцоор ирсэн 54 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурав нь эрчимт эмчилгээний тасагт байна.
Сүүлийн 24 цагт дэлхийд 255 мянган хүн шинээр халдвар авч, 6000 гаруй хүн нас баржээ. Тухайлбал, ОХУ-д 4828 хүн халдвар авч, 117 хүн нас барсан байна. Харин БНХАУ-д 33 шинэ тохиолдол бүртгэгдсэний долоо нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн аж. Япон улсад сүүлийн өдрүүдэд өвчлөл эрчимтэй нэмэгдэж байгаа бөгөөд өчигдөр 1072 хүн халдвар авч, 14 хүн нас барлаа. Японд залуусын дунд халдвар тархах эрсдэл өндөр байна. Тиймээс албан хаагчдыг гэрээсээ ажиллахыг зөвлөжээ. ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Аравдугаар сараас эхлээд дэлхийн бөмбөрцөгийн Хойд бүсийн орнуудад улирлын томуу гарч эхэлнэ. Тиймээс ДЭМБ коронавируст халдвартай цуг улирлын томуугийн дэгдэлт гарч хүндрэл учруулах эрсдэлтэйг тул улирлын томуугийн вакцинд хүн амыг өргөн хүрээгээр хамруулахыг зөвлөсөн” гэсэн юм. Мөн АНУ-ын олон мужид сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг эхлүүлсэн ч сургууль дээр халдвар голомтлон гарах болсон учраас үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээг авч эхэлжээ. Өнөөдрийн байдлаар АНУ-д 5.7 сая хүн халдвар авч, 176 мянган хүн нас барснаар тархалтаараа тэргүүлж байна.
Эх сурвалж:www.polit.mn