Б.ДОЛЖИНЖАВ

Дэлхийн шилдэг гэсэн эмийн компаниуд өрсөлдөж, олон тэрбум доллар зарцуулж  буй “Ковид-19”-ийн эсрэг вакцин гаргах уралдаанд Хойд Солонгос оролцоно гэдгээ мэдэгдлээ. Ийм шийдвэр гаргана гэж хэн ч төсөөлж байсангүй. Учир нь Хойд Солонгос бол манай гариг дээрх хамгийн муу эрүүл мэндийн тогтолцоотой улс юм. Түүнчлэн ард иргэдээ вакцинд хамруулах, дархлаажуулахад жил бүр ДЭМБ-аас тусламж авсаар ирсэн. Хэрэв Хойд Солонгосын Шинжлэх ухаан, технологийн хорооны мэдэгдэл үнэн бол тус улс вакциныхаа хүн дээр турших гуравдугаар үе шатаа үргэлжлүүлэх гэж байгаа аж. Гэхдээ энэ мэдэгдэлд дэлхий  нийт эргэлзэж байна. Одоог хүртэл нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байгаа Хойд Солонгос яагаад их мөнгө, цаг хугацаа, нөөцийг зарцуулан байж вакцин гаргах гэж байгаа нь анхаарал татаж байна. Хэрэв тус улсад вирус тархвал иргэдээ хамгаалж чадахгүйд хүрнэ хэмээн удирдагч Ким Жон Ун айж байна гэж ажиглагчид таамаглаж байна. Вакцинаа хэрхэн үйлдвэрлэж байгаа мэдээлэл нь тодорхойгүй байгаа ч санхүүгийн хувьд Хойд Солонгос вакцин үйлдвэрлэх боломжгүй. Тиймээс энэ мэдэгдэл нь халдвараас иргэдээ хамгаална хэмээн зарлаж, өөрийн нэр хүндээ өсгөх гэсэн удирдагчийн арга байж магадгүй юм.
  Хойд Солонгос тахал гарснаас хойш 25 мянга гаруй хүнийг тусгаарлан ажиглажээ. Одоо ч тус улсад хорио цээрийг мөрдөж байгаа ч тестийн хүрэлцээ муу байна. “25 сая хүнтэй  Хойд Солонгос долдугаар сарын эхэн үед гэхэд ердөө 922 хүнийг шинжилгээнд хамруулсан” гэж  Хойд Солонгос дахь ДЭМБ-ын төлөөлөгч, доктор Эдвин Сальвадор ярьжээ.

 

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" СОНИН  2020.7.23  ПҮРЭВ № 140 (6365)