Б.ДОЛЖИНЖАВ
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал өчигдөр 22:00 цагт завсарлаж, өнөөдөр 09:00 цагаас Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Өчигдрийн шүүх хуралдаанаар эд мөрийн баримтыг шинжлэн судалж дуусч, нотлох баримтыг танилцуулж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар нэмэлт тайлбар хэлсэн. Мөн хохирогчоор оролцож байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар гэм буруугийн асуудлаар тайлбараа хэлсэн юм. Хэргийг тодруулбал, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав нарыг С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган шүүж буй юм. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт эхэлсэн. Эхний өдрийн шүүх хуралдаанд С.Зориг агсны гэргий Б.Булган оролцсон юм.
Эх сурвалж: www.polit.mn