С.САРУУЛ
Манай улс коронавирусын аюул дотооддоо алдаагүй ч огтхон ч тайвширч болохгүйг сүүлийн хэд хоногийн дэлхий нийтийн нөхцөл байдал харуулж байна. Мөн 40-60 хоног эмчлүүлээд эдгэрсэн 20 гаруй хүнээс дахин коронавирус илэрсэн нь аюул ойрхон байгааг санууллаа. Тэгвэл цар тахал улирлын томуутай хавсарвал юу болохыг хэлж мэдэхгүй гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдэгдлээ. Тэрээр “Монголд батлагдсан тохиолдол 287, эдгэрсэн хүн 213, одоо 74 хүн эмчлүүлж байна. Дэлхий дахинд 14 сая 685 хүн халдвар авчээ. Бид маш хүнд нөхцөл байдалд байна. Үүнээс хагас сая хүн коронавирусын улмаас хорвоог орхижээ. Энэ аюулт өвчний үед бид эв найрамдалтай байж, мөрдөх ёстой дүрэм, журмыг биелүүлж өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Өөрийгөө хамгаалах нь эх орноо хамгаалж байна гэсэн үг. Өнөөдрийг хүртэлх маш олон албан хаагч өндөр зохион байгуулалттай өдөр, шөнөгүй ажиллаж байгааг та бүхэн мэднэ. Энэ ажлыг үгүйсгэж ямар нэгэн гомдлоор дүрэм, журмыг өөрчлөх ажил зохион байгуулж байгаа нь буруу юм. Арав, арваннэгдүгээр сард улирлын томуу, коронавирустэй хавсарвал бидэнд ямар их дарамт ирэхийг та бүхэн төсөөлөх хэрэгтэй. Улс орнууд болон хүний мөн чанар, чадвар коронавируст шалгуулж байна. Тиймээс хүн бүр өөрийгөө болон бусдыг хамгаалан, зөв дадалд уриалан, үлгэр жишээ болох хэрэгтэй. Энэ үед бүх улсууд нэг удирдлагад нэг хүн шиг нэгдэж ажиллаж чадлаа. Энэ амжилтаа үргэлжлүүлэн ажиллах нь бидний хувьд хамгийн чухал байна" хэмээлээ.
Эх сурвалж: www.polit.mn