Б.ДОЛЖИНЖАВ

Манай улсад тарваган тахал өвчний дэгдэлт эрчимжсэнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас холбогдох дүрэм журамд нийцүүлэн нийслэлийн нутаг дэвсгэрт тарваган тахал зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээг тогтмол хэрэгжүүлж байна.  Тодруулбал, нийслэл рүү орох Эмээлт, Өлзийт, Морингийн даваа, Өвөр гүнт, Хонхор дахь шалган нэвтрүүлэх товчоодод мэргэжлийн бусад байгууллагатай хамтран 24 цагаар хяналт шалгалт хийж байна. Автотээврийн шалган бүртгэх товчоо болон хяналтын цэгүүдээр дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслүүд болон зорчигчийн ачаа тээвэрт хийсэн шалгалтын дүнд илрүүлсэн нойтон тарваганы зөрчлийн тоон мэдээг өнөөдөр танилцууллаа.  ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хяналтын хэлтсийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Д.Оюунчимэг Өнгөрсөн оны сүүлийн улиралд 25 удаагийн үйлдлээр 364 ширхэг нойтон тарвага хурааж авсан. Харин энэ оны эхний хагас жилд 20 удаагийн үйлдлээр 109 нойтон тарвагыг илрүүлэн ЗӨСҮТ-д хүлээлгэн өгсөн. Тодруулбал, Эмээлт дэх хяналтын цэгээр   хоёр удаагийн үйлдлээр  гурван нойтон тарвага илрүүлсэн. Харин энэ сард нэг удаагийн үйлдлээр таван нойтон тарвага тээвэрлэн явсныг илрүүлсэн” гэлээ. Цагдаагийн байгууллага дамжин өнгөрч буй бүх тээврийн хэрэгслийг зогсоож, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтныг тээврийн хэрэгсэл болон зорчигчийн ачаа тээшинд  үзлэг, шалгалт хийх боломжийг бүрдүүлэн хамтран ажиллаж байна. Тарвага түүний гаралтай түүхий эд илэрсэн тохиолдолд хураан авч, ЗӨСҮТ-д шинжлүүлэхээр хүлээлгэн өгч байгаагаас гадна тээврийн хэрэгсэлд ариутгал хийх, зорчигчдын очих хаягийг тодруулан бүртгэж, явуулах гэх мэт арга хэмжээг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хийж, хэв журмыг сахиулан ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn