С.САРУУЛ

Энэ жил тарваган тахал өвчин нэлээдгүй бүртгэгдэж байна. Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий аймагт бүртгэгдээд байгаа бол өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Үенч, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумдад тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа, лабораторийн шинжилгээ үргэлжилж байна. Манай орны 17 аймгийн 132 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд өндөр идэвхжилттэй жил болж байгааг албаныхан хэллээ.

ЗӨСҮТ-ийн захирал Н.Цогбадрах “Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийлээ. Долдугаар сар гарснаар тарваган тахлын тохиолдол гарч буйг онцоллоо.  Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд бэр гуйхаар очсон хүмүүсийг тарвага боож дайлсан үйлдэл болсон. Энэ үеэр тарваганы мах идсэн 15 настай хүү 40 хүрч халуурч, тахлын сэжигтэй шинж тэмдэг илэрч аймгийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Шинжилгээний сорьцыг ЗӨСҮТ-д ирсэн. Мөн Баян-Өлгий аймагт сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Саяхан Ховд аймагт зургаан настай хүүхэд үхсэн тарвагаар тоглож байгаад арьсан дээр нь тууралт гарч өндөр хэмтэй халуурч байна гэх өгүүлэмжтэй байгаа тохиолдол дээр албаныхан ажиллаж байна. Гурван хоногийн өмнө Эмээлтийн постод тарваганы гурван тулам хураагдсан гэв. Монгол Улсад тарваган тахлын нас баралт 39.6 хувьтай байгаа бөгөөд баруун аймгуудад голомтын идэвхжил өндөр байна. Тиймээс амралт зугаалгаар явахдаа голомтот бүс нутгаар явахдаа вакцин хийлгэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Мөн Улаанбаатарын шалган нэвтрүүлэх цэгүүдэд хяналтыг сайжруулах шаардлагатай” гэв.

Эх сурвалж: www.polit.mn