Б.ЖАВХЛАН
Олон жил гэр бүлийн хүчирхийллийн хохирогч байсан О.Нарангарав цаг үеийн асуудлаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.
О.Нарангарав нь НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийн эхнэр юм. Б.Эрдэнэсүх нь 20 гаруй жилийн хугацаанд эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь ил болсон. Тэгвэл Б.Эрдэнэсүх нь хэргийг мөрдөн шалгах явцад хохирогчийн амь насанд нь заналхийлж, худал мэдээлэл тараах зэргээр хохирогчийг дарамталсаар байгаа юм. Тиймээс түүний өмгөөлөгчийн зүгээс энэ хэргийг анхаарч өгөхийг хүссэн юм. Энэ талаар түүний өмгөөлөгч “Өнгөрсөн долоо хоногт Б.Эрдэнэсүх нь лайваар хохирогч руу дайрсан илт худал мэдээллийг түгээх болсон. Тэрээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авхуулсан байх үедээ буюу өнөөдөр манайд мөрдөгдөж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5-т зааснаар “Хязгаарлалт тогтоох” буюу тухайн эрүүгийн хэрэгт холбогдох зарим хүмүүстэй уулзахгүй байх, тэр дундаа хохирогчтой уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээг авхуулсан. Гэвч харамсалтай таслан сэргийлэх арга хэмжээг авч, хэрэгжүүлэхэд төвөгтэй нөхцөл байдалд байна. Учир нь олон жил гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг хохирогчтой уулзуулахгүй байх тал дээр хяналт маш дутмаг байна. Хүчирхийлэгчийг хохирогчтой уулзахыг хориглосон байсан ч хохирогчийн амь нас нь эрсдэлд орох эрсдэлтэй байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг нь асуудалтай байна. Эрүүгийн хэргийн яллагдагчаар татагдсан этгээд буюу Б.Эрдэнэсүх нь дахин гэмт хэрэг үйлдэж, хохирогчийн талаар илт худал мэдээлэл тарааж, хэргийг хянан шийдвэрлэх арга хэмжээнд санаатайгаар саад учруулах, Заналхийлэх зэргээр нөлөөлж байна” гэсэн юм.
Харин О.Нарангаравын хувьд Хууль хяналтын байгууллагад хандахаар Б.Эрдэнэсүхийн талд ажиллаж, хэргийн үнэн мөнийг тогтоож өгдөггүй байсан гэсэн юм. Тэгвэл одоо хэргийг үнэн мөнөөр тогтоож өгөхийг хүссэн юм. Энэ талаараа “Б.Эрдэнэсүх нь 22 жил гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үр хүүхдүүдийг минь дарамталж ирсэн. Бид хоёр 17 настайдаа гэр бүл болж дөрвөн хүүхдийн аав, ээж болсон. Энэ хугацаанд улс төрд орж, нэр бүхий хүмүүсийг таньдаг болсон. Үүнийгээ ашиглан гэр бүлийн хүчирхийллийн хэргүүдийг замхруулах, хянан шалгахад нь саад учруулж, аль болох нуун дарагдуулахад нөлөөлж байсан. 2024 онд миний хамрыг хугалсан. УИХ-д дэвших зорилготой байсан ч сурталчилгаагаа өөрийн сэтгэлд хүртэл ярьж чадсангүй хэмээн уурлаж, зодож, хамрыг минь хугалсан. Том хүүтэйгээ хамт гэмтлийн эмнэлэг орсон. Энэ төрлийн гэмтэлтэй хүний асуудал дээр цагдаагийн байгууллагаас мэдүүлэг авдаг юм байна лээ. Тиймээс УИХ-ын сонгуульд нь нөлөөлөх юм болов уу гээд Гэмтлийн эмнэлгээс зугтаасан. 2024 оны дөрөвдүгээр сарын 4-ны өдөр Б.Эрдэнэсүх өөрийн хамаарал бүхий хүнээрээ дамжуулан Гурван гал эмнэлэгт хэвтүүлж, эмчлүүлсэн. Гэтэл хамар ясны хугарлыг хөнгөн зэрэг хэмээн гаргасан. Энэ нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг гэдгээ нуун дарагдуулж буй хэлбэр гэж харж байна. Мөн Б.Эрдэнэсүх үргэлж “Чамайг яаж ч чадна шүү. Эрдэнийн эхнэр шиг болгоно. Нүүрийг чинь шалзална. Түлнэ. Нүдийг чинь ухаж авна. Чиний амь насыг хохироосон байхад яаж ч чадахгүй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр ах дүүгийн харилцаатай. Хамт бэлтгэл хийдэг. Хотын дарга Х.Нямбаатар бид хоёр Шарга морьтын зусландаа хоол унд идсэн” гэх зэргээр улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн нэрийг барьж, үргэлж заналхийлдэг. Энэ олон жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад яагаад хандаагүй юм бэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Би 2012 онд Цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн үед миний үсийг хяргах, хоёр дүүг минь зодох, аавын минь шүдийг цохиж унагааж, намайг хээр аваачиж нүцгэн зогсоож алах гэж оролдож байсан. Энэ бүхнийг шалгаад өгөөч гэж Хан-Уул болон СХД-ийн цагдаад хандсан боловч шийдэж өгөлгүй, үс бол ургадаг зүйл гэх зэргээр хариулт өгч байсан” гэсэн юм. Мөн Б.Эрдэнэсүх нь олон жилийн хугацаанд О.Нарангаравыг хүлж байгаад бэлгийн дур хүслээ ёс бусаар хангаж, зураг, бичлэг хийж, түүнийг нь олон нийтийн сүлжээнд тавина гэдэг байсан нь мөн Цагдаагийн байгууллагад хандахгүй байх нэг шалтгаан байснаа хэлж байлаа.
Хамгийн сүүлд Б.Эрдэнэсүх нь 2025 оны зургаадугаар сард 10 давхрын цонхоор шидэх гэж оролдсон байна. Энэ үед хөндлөнгийн хүний нөлөөгөөр амь гарсан байна. Энэ хэргүүдийн талаар О.Нарангарав хуулийн байгууллагад хандсан байгаа аж. Тиймээс хэргийг үнэн мөнөөр шийдэж өгөхийг хүссэн юм.
Мөн Б.Эрдэнэсүх нь цахим орчинд хийсэн лайв дээрээ О.Нарангаравыг байр, автомашин, утасны дугаарыг нь зарсан гэх мэдээллийг хүргэсэн. Үүнийг О.Нарангарав “Хүний нэр дээр байгаа байр болон автомашин, утасны дугаарыг зарах боломжгүй. Би Б.Эрдэнэсүхийн эмнэлэг барих гэж зээлсэн зээлийг байраа зарж дарсан. Хүний нэр дээр байгаа дугаарыг өөр нэгэн дарах боломжгүй байдаг. Миний нэр дээр цахим хаяг, утасны дугаар байдаггүй. Цахим хаяг, утасны дугаар маань хүртэл Б.Эрдэнсүхийн мэдэлд байдаг байсан” гэсэн юм.