Д.Намуунцэцэг
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг шүүх хурал өнөөдөр /06.22/ нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Бямбадорж хэргийн материалтай танилцах хүсэлтийг шүүхэд гаргалаа. Шүүх уг хүсэлтийг хүлээн авч, Ж.Эрдэнэбатыг үргэлжлүүлэн хорьж, шүүх хурлыг долдугаар сарын 2-ны өдөр хүртэл хойшлуулахаар болов.
Ж.Эрдэнэбатыг барьцааны төлбөр болох 10 тэрбум төгрөгийг заасан хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр энэ сарын 12-ны өдөр цагдан хорьсон билээ. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж байгаа аж.
Шүүх хурлын үеэр Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардаж иргэд жагсаал хийв. Тэд “Сэлэнгэ нутгаас төрсөн удирдагчид, улс төрийн лидерүүдийг ээлж дараалан зохион байгуулалттайгаар дарж авч байна. Иймд одоо бид босч, үгээ хэлж, шаардлага тавьж, Сэлэнгэ нутгийнхаа төлөө босох цаг болсон” гэдгийг хэлж байлаа.
Эх сурвалж:www.polit.mn