Т.САЙХАН
Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /06.22/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэллээ. Гэвч шүүхээс 14 хоногоор хойшуулах шийдвэр гаргажээ. Улмаар шүүгдэгч С.Баярцогт нарыг үргэлжлүүлэн цагдан хорих шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт, шүүгдэгч Д.Ганболдын өмгөөлөгч Б.Баяраа нар нь нэр бүхий гэрч, шинжээч нарыг оролцуулах хүсэлт тус тус гаргасныг шүүх хүлээн авч, гэм буруугийн шүүх хуралдааныг долдугаар сарын 06-ны өдрийн 09:00 цагт товлолоо. Шүүх хуралдаанаар шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Өмнөх шүүх хурлаар Ерөнхий сайд асан С.Баяраас бусад шүүгдэгч болох С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын гурван нэр дэвшигчийг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг хойшлуулсан юм. Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.
Эх сурвалж:www.polit.mn