Т.НОМИН
“Та бидний эвсэл”-ээс Тариалангийн зарим бүс нутгийг тогтоох тухай Засгийн газрын тогтоолын эсрэг байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ. Уг тогтоолд долоон аймгийн бэлчээрийн газар нутгийг тариалангийн бүс нутаг болгохоор заажээ. Энэ нь малчдыг нүүлгэх, нутаг орныг эзгүйдүүлж, наймаалцах эхлэл болж байна гэсэн юм. Тиймээс малчид, ард түмний эрх ашгийг хамгаалахаар Засгийн газарт мэдэгдэл хүргүүлж байгаа юм байна. Энэ талаар Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян, “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан, МУНН-ын ЕНБД Л.Өнөрбаяр нар мэдээлэл хийлээ. Тэдний байр суурийг хүргэж байна.
Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян:
-Сонгуулийн өдрүүдэд улстөрчдийн луйвар, булхайг илчилж хэлж байхгүй бол ард түмнийг хохироосон шийдвэр гол төлөв нууцаар далдуур явагдсаар байна. Үр дагавар нь олон жил арилдаггүй хэцүү нөхцөл байдал үүсдэг. Монголын нүүдлийн соёл иргэншил, бэлчээрийн мал аж ахуйн үндэс тулгуур болсон эдгээр газар нутгийг “газар тариалангийн” бүс нутаг болгон зарлаж, наймаалцахын цаана улс орны маань оршин тогтнох, ҮАБ-тай холбоотой асуудал байна гэж “Та бидний эвсэл” үзэж байна.
Тухайлбал, бэлчээрийн бус газар тариалангийн бүс нутаг болгож, малчдыг нүүлгэн шилжүүлснээр малчдын хооронд зөрчил гүнзгийрэх, газар тариалангийн бүс нутаг болгох нэрийдлээр уул уурхайн бүс болгож, газар нутгаа хамгаалдаг малчдыг нүүлгэж, эзгүйдүүлэх, дарга нар, эрх баригчид өөр хоорондын зөрчлийг шийдвэрлэхдээ газрын наймааны дараагийн үе шат буюу хотын газар, уул уурхайн лицензийг зарж, хувьчилж дууссан учир бэлчээрийн газар нутгийг хувааж авах аюулын харанга дэлдэж байна Тиймээс нэн даруй энэхүү шийдвэрээ цуцлахыг Засгийн газраас шаардаж байна.
“Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан:
-2018 оны тавдугаар сарын үед эрх баригчдын бодолд зөвхөн Үндсэн хуулийг өөрчлөлтийг хэрхэн батлах вэ гэдэг дээр л байсан. Бид бүхэн батлуулахгүй гэж нэлээд эсэргүүцсэн. 30 гаруй мянган хүн гарын үсэг зурж, хурууны хээгээ дарсан. Гэсэн ч өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 14-нд өдөр баталсан. Ард олныхоо санаа бодлыг сонгоогүй. Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийн 6.2 дээрх байгалийн баялагтай холбоотой заалтад “төрийн нийтийн” гэх үгийг оруулсан байсан. Ард түмэн, улсын өмч байх гэдэгт “нийтийн” хэмээх үгийг оруулснаар ямар ч иргэншил харьяалалгүй гадаадын иргэн өмчлөх, ашиглах үүд хаалга нь нээгдчихлээ гэсэн үг. Түүнд нь газрын баялаг, түүх археологийн дурсгал бүгд багтах юм. Энэ энгийн мэт сонсогдож болох ч цаашид даамжирсаар байвал газар нутаггүй мөн тусгаар тогтнолоо ч алдах аюултай. Бид үүнийг эсэргүүцэхгүй бол болохгүй байна. Зүгээр харахад Монгол компани, монгол хүмүүс газар ашиглаж буй мэт боловч яг судлаад үзэхээр гадны хөрөнгө оруулалттай, ихэнхдээ хятад эзэдтэй компаниуд байдаг. Нэг ёсондоо хүний гараар могой бариулж буй хэрэг юм. Араас нь бэлчээр нутгийг хувьчлах тухай хуулийн төсөл бэлдчихсэн байгаа нь энэ юм.
МУНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өнөрбаяр: - Манай нам үүсэн байгуулагдсан цагаасаа улс орны тусгаар тогтнол, халдашгүй дархан байдал, газар шороо, монгол хүний аюулгүй байдлын төлөө тууштай хүчин зүтгэсээр байна. Тиймээс энэ асуудлаар үзэл бодлоо илэрхийлэхээс өөр аргагүй байна. Монголчуудын ёс заншил, дархлаа болсон нүүдлийн мал аж ахуй бол дан ганц эдийн засагт түлхэц үзүүлж буй зүйл биш. Үүний цаана уламжлалт зан заншил, өв соёл руу хүчтэй нөлөөлж байна. Бэлчээрийн даац хэтэрч, цөлжилт явагдаад аргаа барсан малчид маань модоо барихад хүрээд байхад долоон аймгийн нутаг дэвсгэрийг тариалангийн зориулалтаар ашиглахаар санаархаж байгаа хэрэг бол ядарсан малчид, цаашлаад өв соёлынхоо эсрэг зүйлсийг МАН, АН сэдсээр байна. Үүний эсрэг бид хатуу тэмцэх болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.6.19 БААСАН № 120 (6345)