Б.ТӨГС

Амьдралыг утга учиртай, сонирхолтой болгодог олон зүйл байдгийн нэг нь хобби. Хобби гэж юу вэ асуувал хариулт нь зүгээр л хийх дуртай зүйл. Тэр зүйлийг хийж байхад та баяр баясгалан, аз жаргал, сэтгэл ханамжийг мэдэрч л байвал дуртай зүйл чинь мөн байна.

Зүгээр л стрессээ тайлах гэж хоббигоо хөгжүүлдэг хүн байхад, том зорилго тавиад түүндээ хүрэхийн тулд хөгжүүлдэг нь ч бий. Хоббигоо хөгжүүлэхэд ямар ч дүрэм байхгүй. Харин өөрийгөө юунд дуртай гэдгээ мэдэхгүйгээр, түүндээ цаг гаргахгүйгээр амьдралаа дуусгавал хэчнээн уйтгартай вэ. Тэгвэл завгүй амьдралын хэмнэл дунд дуртай зүйлдээ хэрхэн цаг гаргадаг талаар залуучуудын төлөөллөөс туршлага судаллаа.

Энхбаярын Батшугарыг танихгүй хүн ховор байх. Америкад санхүүч, эдийн засагч мэргэжлээр төгсөөд хөрөнгө оруулалтын банкинд ажиллаж байгаад Монголд ирснийхээ дараахан Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллаж, үргэлжлүүлэн намын болон хувийн хэвшлийн ажлуудаа зэрэг амжуулж байгаа нийгмийн идэвхтэй залуучуудын төлөөлөл. Одоо 2020 оны УИХ-ын сонгуулийн 28-р тойрогт “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшин бодлого тодорхойлох төвшинд залуусын дуу хоолой, мэдлэг боловсролыг хүргэхээр өрсөлдөж байгаа. Тэрээр дуртай зүйлдээ хэрхэн цаг гаргадаг талаараа “Америкад ажиллаж байхдаа ажлын ачаалал маш их байсан. Өдөрт 3-5 цаг л унтаж амждаг байлаа. Энэ хэвшил надад үлдсэн юм. Одоо өглөө бүр 05:00 цагаас хэтрэхгүй босдог. Өглөөний цэнгэг агаар, сэргэг тархи толгойгоо ашиглаад дуртай зүйлээ хийхийг хичээдэг. Дугуй унана, явган алхана, цаг гарвал фитнесстээ орно. Эсвэл ном уншина. Долоо хоногтоо нэг ном уншихыг хичээдэг. Одоо сонгууль гээд бага зэрэг алдагдах гээд байна. Бас цаг зав гарвал ууланд авирах маш дуртай. Мэргэжлийн спорт гэдэг талаас нь илүү сонирхож хичээллэсээр олон жил болсон байна. Мэдээж эрүүл, чийрэг байхын тулд залуус тогтмол дасгал хөдөлгөөн хийж байх хэрэгтэй. Өглөө сайхан гүйчихсэн байхад тэр өдөр тэрчигтээ бүтээмжтэй болчихдог юм. Зарим өглөө номоо уншина. Бас хөрөнгийн зах зээлийн анализ хийх, индексүүдийн өөрчлөлтийг судлах гээд хобби олон байна аа. Өглөөний цагийг ашигладаг болохоор дуртай зүйлдээ ажлын цагаасаа илүүчлэх шаардлага надад гардаггүй гэх үү дээ” гэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn