А.МАРАМЛАА

“Хөтөч, тайлбарлагчдын ур чадвар, хууль эрх зүйн мэдлэг олгох, анхан шатны тусламжийг үзүүлэх нь” сургалт хоёр өдөр болж өндөрлөлөө. Нийслэлийн аялал жуулчлалын газар, НЗДТГ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран жил бүр хөтөч, тайлбарлагчдад зориулсан сургалтыг зохион байгуулдаг. Энэ жилийн хувьд мэргэжлийн ур чадвар, хууль эрх зүйн мэдлэг олгох, анхан шатны тусламжийг үзүүлэх гэсэн сэдвийн хүрээнд явагдлаа. Сургалтад 60 хөтөч, тайлбарлагч хамрагдсан юм. Мөн нэг ангид олон хүн бөөгнөрүүлэхгүй байх үүднээс оролцогчдыг хоёр танхимд хуваасан байна. Энэ үеэр зохион байгуулагч болон оролцогчийн сэтгэгдлээс хуваалцлаа. Нийслэлийн аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Ш.Ундармаа “Жуулчидтай шууд харьцдаг хүмүүс бол хөтөч, тайлбарлагч нар. Энэ хүмүүс Монголыг зөв сурталчилах, жуулчин үйлчлүүлэгчдэд эерэг таатай сэтгэгдэл төрүүлэх ур чадвартай шууд хамааралтай. Тиймээс бид Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын түр оператор компаниудын хөтөчийн ур чадварыг сайжруулахын тулд энэ сургалтыг зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтын онцлог нь хөтөч, тайлбарлагч нарт эмнэлгийн анхан шатны тусламжийг хэрхэн хүргэх талаар дадлага хийсэн. Тэд энэ чадварыг эзэмшсэнээр жуулчин, аялагчдыг аюулаас хамгаалах, бууруулах ач холбогдолтой” гэсэн юм. 
Хөтөлбөрт оролцогч “Royal Smile” компанийн хөтөч М.Лхагвасүрэн “Энэ сургалтаар хэрэгтэй мэдээллийг өөрийн биеэр туршсан нь сонирхолтой байлаа. Сургалтаас олж авсан мэдлэг, туршлагаа ажил болон өдөр тутамд тохиолдох эрсдэлээс сэргийлж чадахаар боллоо. Хөтөч, тайлбарлагчид гэнэтийн аюул осол тохиолдох эрсдэлтэй нөхцөлд ажилладаг болохоор их зүйлийг мэдэж авлаа. Коронавирустай холбоотойгоор манай салбар зогсонги байгаа ч, энэ цаг үед бидний мэдлэг, чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулсанд баяртай байна” гэв. 
Сургалтад хамрагдсан иргэдэд хөтөч, тайлбарлагчийн батламж олгохоос гадна анхан шатны тусламж олгох хоёр жилийн эрхтэй үнэмлэх олгож байсан юм. 

Эх сурвалж: www.polit.mn