Дэлхий COVID19 цар тахалд нэрвэгдчихэв. Монгол Улс ФАТФ-ын саарал, Европын Холбооны хар жагсаалтад бичигдчихсэн.
Цар тахлын дараа дэлхийн эдийн засаг урьд өмнө байгаагүйгээр уналтад орно гэдгийг мэдэж байгаа бүхэн ярьж, толгойтой бүр ойлгож байна.
Ийм цаг үед УИХ-ын сонгууль болж байна. Арав хүрэхгүй хоногийн дараа сонгуулийн дүн гарч, дараагийн дөрвөн жилд улсын бодлогыг тогтоох гишүүд тодорно.
Шинэ эрх баригчид, тэдний байгуулах Засгийн газар 2020-2024 онд 14.2 тэрбум ам.долларын гадаад өрийг төлж барагдуулах ёстой. Хамгийн гол нь хар, саарал жагсаалтад орчихсон Монгол Улс цар тахлын дараа дэлхийд нүүрлэх эдийн засгийн уналтыг хэрхэн давах вэ гэдэг маш том асуудал болоод байна.
Хэдхэн хоногийн өмнө Монгол дахь Америкийн Худалдааны танхим (АмЧам Монгол) Зургадугаар сарын ээлжит хурлаа “Сонгуулийн дараах Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал” сэдвээр зохион байгуулсан.
Энэ үеэр АмЧам-ийн ТУЗ-ийн дарга Жэй Лиотта Монгол Улс COVID19 цар тахлаас нийгмийн эрүүл мэндийг хамгаалах талаар маш амжилттай ажилласан ч, эдийн засгийн асар хүндрэлтэй тулгарч байгааг онцлов. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 10.7 хувиар агшиж, өмнөх оны мөн үеэд 322 сая долларын ашигтай байсан төлбөрийн тэнцэл 665 сая ам.долларын алдагдал хүлээлээ. Худалдааны алдагдал 389.6 сая ам.долларт хүрч, хилийн хоригоос болж экспортын хэмжээ үлэмж хэмжээгээр буурч, нүүрсний экспорт 2019 оны мөн үеэс 2.9 дахин буурсан байна. Тиймээс хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулах, цаг заваа зарцуулахаас цааргалж байгаа дүр төрх ажиглагдаж байна. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 481.4 сая ам.доллар гэсэн үзүүлэлт нь өнгөрсөн оны мөн үеэс 20 хувиар буурсан тоо юм. Дэлхийн банкны дүгнэснээр 2020 оны нэгдүгээр улиралд хийгдсэн гадаадын хөрөнгө оруулалтын 90 хувь нь Оюутолгойн бүтээн байгуулалттай холбоотой гэжээ. Тиймээс Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд сэргэх нь хэр бодитой вэ гэсэн асуудлыг дэвшүүлсэн. Дэлхийн банкны Монгол Улсыг хариуцсан менежер Андрей Михнев Монгол Улсын эдийн засагт сонгуулиас илүү COVID19 цар тахал хүчтэй нөлөө үзүүлж байгааг онцлоод Тус банкны дэлхийн эдийн засгийн төлөв байдлын судалгаанд Монгол Улсын эдийн засгийн өсөлт -0.5 -2.5% хүртэл агшина гэж тооцсоныг хэлжээ. Хэрэв шинэ Засгийн газар валютын нөөцийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг тогтворжуулах, засгийн газрын өрийг зохистой удирдахгүй бол нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй гэв.
АмЧам-аас, Дэлхийн банкнаас Монголд зориулсан мэдээлэл энэ. Яалт ч үгүй л эдийн засгийн маш эвгүй хямралтай нүүр тулах болж байна. Зайлах арга алга.
Харин энэ улс хямрал, уналтаас яаж хурдан хугацаанд хохирол багатай гарах вэ гэдэг чухал юм.
Хамгийн чухал арга нь бид энэ удаагийн сонгуулиар эдийн засагч гишүүдээ дэмжиж гаргах нь маш чухал аж.
Хууль ярьдаг, улс төр хийдэг хүмүүст цаг тайвширсан УИХ-д орж ирээд хуулиа, улс төрөө хийх цаг гарна.
Энэ удаад л хар, саарал жагсаалтаас улсаа гаргаж чадах, COVID19 цар тахлын дараа тулах дэлхийн эдийн засгийн хямралыг гэтлэн давах мэдлэг, мэргэжилтэй гишүүд хэрэгтэй. Ингэхийн тулд эдийн засагчдыг сорчлон сонгох ёстой юм.
Ганцхан жишээ сонсгоё. Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Э.Батшугар Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас хэрхэн гарч байсныг ярьж байв. Тэрээр “2013 оны 4 дүгээр сард Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарч байсан юм. Тухайн үед би Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэр үед манай Монголбанкны багийнхан Монгол Улсаа яаж цагаан жагсаалт руу оруулах вэ гэдэг дээр ажилласан. Тухайн үед хамгийн том асуудал юутай тулгарч байсан бэ гэхээр хууль нь байж болно, гэхдээ санхүүгийн системийн дэд бүтэц нь цагдаа, тагнуул, банк, Монголбанк бүгдээрээ нэгдсэн байх ёстой. Тийм шаардлага тавьж байсан. Тиймээс тухайн үед бид нар яаж хяналтыг нь тавих вэ дүрэм журмуудыг нь боловсруулж байсан. Тэгээд 20 саяас дээш төгрөгийн гүйлгээ банкны системд орж ирвэл алгоритм автоматаар таниад, сэжигтэй гүйлгээ байж болзошгүй гэж үзвэл хууль хяналтын байгууллага, Монголбанкинд мэдэгдээд, үүний дагуу тухайн мөнгөний эх үүсвэрийг шалгах зохицуулалтыг оруулж ирсэн. Үүний үр дүнд манай улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарч байсан” гэж ярьсан. Ийм туршлага, мэдлэгтэй хүмүүсээ л бид энэ удаад төрд гаргаж, дээрх хэлсэн дараалсан олон аюулаас мэнд мултрах шаардлагатай болжээ.
Эх сурвалж: www.polit.mn