Монгол Улсын 17 дахь Ерөнхий сайд Д.Бямбасүрэн УИХ-ын сонгуультай холбоотой үзэл бодлоо илэрхийлж байна.

Энэ удаагийн УИХ-ын сонгуулиар үндсэн хуулиа өөрчилж, улс орондоо тулгамдаад байгаа шинэ зорилтуудыг шийдэх цаг үе тохиож байна. Монгол оронд маань өөдлөн дэвжиж байгаа зүйл олон байгаа боловч цаашид тулгарч байгаа шинээр шийдвэрлэх том бэрхшээлүүд нүүрлэж байна. Ийм үед УИХ-д нэр дэвшигчдээ сонгож, шалгаруулах нь төр байгуулах, цаг үеийхээ шаардлагад тохирсон төрийн бодлого явуулахад гол үүрэгтэй. Сонгуульд оролцож байгаа улс төрийн хүчнүүд маань тус бүрийн үзэл бодлоор мөрийн хөтөлбөрөө гаргаад өрсөлдөж байна. Гэхдээ нийтлэг нэг асуудал нь улс орныхоо амьдралыг урьдын адил л эрх баригч улс төрийн хүчний хүсэл зоригоор явах юм шиг төсөөлөл давамгайлж байгаа нь харамсалтай байна.

Монгол оронд ирэх дөрвөн жилд асар хүнд сорилтууд тулгарч байна. Нэгдүгээрт, дэлхий дахинд цар тахал дэлгэрч, үүнээс улбаалаад эдийн засгийн хямрал эхэлж, тэр нь Монголын эдийн засагт 1997, 1998 оны Азийн хямрал, 2008, 2009 оны дэлхийн хямралаас үлэмж давуу, хүнд цохилт өгөх байдалтай болоод ирлээ. Үүнийг ноолуурын үнийн уналт, нүүрсний үнийн уналт, экспортын орлогын бууралт зэргээс одоо ч ил харж болохоор байна. Энэ байдал цаашдаа нэлээд хэдэн жил үргэлжлэх байх. Дээр нь Монгол орон гадаадад төлөх өр ихтэй байна. Хажуугаар нь олон улсын хар, саарал жагсаалтанд орж, улам хавчигдах гадуурхагдах аюул нүүрлээд байна.

Одоо энд тохиолдож буй бэрхшээлийг зөвхөн сүүлийн дөрвөн жил төр барьсан улс төрийн хүчинтэй холбоод тайлбарлах юм уу, эсвэл бүр өнгөрсөнд туулсан 30 жилтэйгээ холбож ярих бол өнгөцхөн. Ер нь бодитой хандах юм бол сүүлийн арван хэдэн жил буюу 2007, 2008 оны үеэс эхлээд л энэ байдал бий болсон. Үүнийг бодитой харах, өөрөөр хэлбэл сонгуульд оролцож байгаа улс төрийн хүчнүүдээс сүүлийн арав гаруй жил төр барьж байсан улс төрийн гол хүчнүүдийн нэг нэн адил хариуцлагаа хуваалцаж үүрэх ёстой. Ийм нөхцөлд энэ удаагийн сонгуульд гуравдагч улс төрийн хүчний оролцоог нэмэгдүүлэх асуудал Монголын зөвхөн одоогийн биш цаашдын асуудал болж байна гэж үзэж болно.

Өрсөлдөгч гол хоёр улс төрийн хүчиндээ бид мэдээж хүндэтгэлтэй хандалгүй яахав. Гэхдээ энэ хоёр маань цаашдаа бахь байдгаараа, нөгөө л өр зээлээ тавиад, авилга зээлийн асуудалтай зууралдсан хэвээр байх юм бол хэцүү. Одоо сонгуульд нэр дэвшүүлж байгаа байдлаас нь харахад энэ гол хоёр улс төрийн хүчин аль нь ч гэсэн нөгөө авилгачдаа, нөгөө шүүхийн хаалга татаад, тэнд асуудал нь шийдэгдэхгүй гацаж байгаа хүмүүсээ эргээд нэр дэвшүүлж байна.

 УИХ-д нэр дэвшиж байгаа хүмүүс бүгд авилгачид биш. Бүгд луйварчид биш. Эдэн дотор эх орон, түмэн олныхоо төлөө хүчээ өгч зүтгэе гэсэн чин сэтгэлтэй хүн олон байгаа. Гэхдээ одоогоор нэр дэвшээд байгаа хүмүүсийн жагсаалтыг харахад нөгөө л урьдын адил төрийн сонгууль нь баячуудын уралдаан болдог байдал хэвээрээ л үргэлжлэх төлөвтэй байна.

Ийм нөхцөлд жинхэнэ ардынхаа дунд амьдарч, ажил хөдөлмөрөөрөө олондоо танигдсан тэр хүмүүсээ сонгох нь илүү шаардлагатай болжээ гэж бодож байна. Энэ утгаар нь авч үзвэл  улс төрийн шинэ бүтцүүдээс гаргасан хүмүүсийг дэмжүүштэй. Шинэ ч гэж дээ. Олон түмэндээ танигдсан, өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж, тэрнийхээ төлөө тууштай олон жил тэмцэж яваа улс төрийн хүчнүүд. МАХН, түүнтэй хамтарсан улс төрийн хүчнүүдийн эвсэл болох “Та бидний эвсэл” бол нэлээд чансаатай, шинэ хүмүүсээ төрд оруулахаар сонгуульд оролцож байна. Энэ бол миний хувьд их дэмжүүштэй асуудал.