Б.ОЮУНЗУЛ
Яармагт барьж буй 300 ортой эх, хүүхдийн эрүүл мэндийн төвийн барилгын ажлын явцтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан өнөөдөр танилцлаа. Нийт долоон блокоос бүрдсэн 34.200 ам дөрвөлжин метр, 2.4 га талбай бүхий эмнэлгийн барилгын ажлын явц 98 хувьтай байна. “Томо Бюлдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Отгонбаяр барилгын үйл явцыг танилцуулсан юм. Тус компанийнхан эхний ээлжинд хоёр блокийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан “Энэ төвийн барилгыг төлөвлөсний дагуу энэ сарын 15-нд ашиглалтад хүлээж авахад бэлэн болж байна. Хамгийн сүүлийн үеийн эрүүл мэндийн байгууллагын орчин нөхцлийг бүрдүүлсэн 300 ортой, шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан эмнэлэг юм. Мөн эмнэлгийн гаднах зам талбайн тохижилт, орц, гарцны асуудлыг нийслэлээс хөрөнгө мөнгө гаргаж шийдвэрлэнэ” гэв. Эмнэлгийг ашиглалтад оруулснаар төрөх эмнэлгүүдийн ачаалал багасах юм байна. Мөн олон улсын стандартад нийцсэн хүүхдийн 140 ор, төрөхийн 160 ор байрлуулсан байна.
Эх сурвалж: www.zms.mn