Т.САЙХАН

ЭМЯ-наас /06.08/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус-Монголд

"Зургадугаар сарын 7-нд гурван лабораторид нийт 46 хүнд шилжилгээ хийснээс 45-д нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний мөн давтан шинжилгээ, ачаа тээврийн 28 жолоочийн шинжилгээний 27-д халдвар илрээгүй. Нэг жолоочийн шинжилгээнээс халдвар илэрсэн. Тухайн жолооч нь ОХУ-ын иргэн, 38 настай хүн байна. Ийнхүү нийт батлагдсан тохиолдол 194 боллоо. Өнөөдрийн байдлаар 75 хүн эдгэрч, 119 хүн эмчлүүлж байна. Эмчилгээнд 119 хүн байгаагийн 104-ийнх нь биеийн байдал хөнгөн, 15 хүний бие хүндэвтэр байна. Өнөөдрийн байдлаар нийт 155 хүн ХӨСҮТ-д эмчилгээ, ажиглалт байгаа. Бид дараагийн үүргийн онгоцуудыг хүлээж авах бэлтгэлээ ханган ажиллаж байна" гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. 

Коронавирус-Дэлхийд

Дэлхийн хэмжээнд сүүлийн долоо хоногийн туршид халдварын тохиолдлын тоо өдөрт 100 мянгыг давсаар байна. Бүртгэгдсэн тохиолдлын тоогоор АНУ, Бразил, ОХУ, Их Британи, Энэтхэг зэрэг улсууд тэргүүлж байгааг хэллээ.

Коронавирус-АНУ-д

Тус улсын өвчний хяналт сэргийлэлтийн төвийн мэдээлж буйгаар зургадугаар сарын 7-ны өдөр 29000 гаруй шинэ тохиолдол, 709 нас баралт нэмж бүртгэгджээ. Нийт халдварын тохиолдол 1920000 гаруйд хүрч, 110000 хүн нас барсан бөгөөд дэлхийн хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын 30 орчим хувь АНУ-д дангаараа бүртгэгджээ.

Коронавирус-ОХУ-д

Сүүлийн 24 цагт 8900 гаруй тохиолдол нэмж бүртгэгдсэнээр нийт халдварын тоо 467,000 гаруй болсон ба нийт нас баралт 5859 байна.

ДЭМБ-ын уриалга

Маск зүүх нь бүрэн хамгаалалт болохгүй ч тодорхой үр дүнтэй байгааг ДЭМБ хэлж хүн олноор цугласан газраар явахдаа иргэдийг зайлшгүй маск зүүх шаардлагатайг онцолсон байна. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын бүх ажилтан маск зүүхийг зөвлөжээ.Гэхдээ маск зүүсэн ч гараа тогтмол угаах, бусдаас зай барих дэглэмээ үргэлжүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэйг иргэдэд сануулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn