“Зууны мэдээ” сонины “Leaderships forum” буланд эдийн засагч, судлаач, Монголын Мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн ерөнхийлөгч Б.Түвшин оролцсон билээ. Түүний ярилцлагаас онцлох эшлэлийг хүргэж байна.
-Бидний дийлэнхи хэсэг нь арав, хорин жилийн өмнө эзэмшсэн мэдлэгээрээ яваад байна. Мэдлэг гэдэг тогтоол ус биш. Тогтоол ус удахаараа муудчихдаг. Үүнтэй адил өмнө олж авсан мэдлэгийг цааш дамжуулж сэлбээгүйгээс болж хуучирч мууддаг гэсэн үг. Тэгэхээр шинэ мэдлэг, мэдээллийг маш хурдан хүлээн авч түүнийгээ боловсруулж түгээж байгаа хүн л хамгийн мэдлэгтэй хүнд тооцогдоно. Боловсролын тогтолцоо ч ялгаагүй шинэ технологид шилжихгүйгээр арван жилийн өмнөх мэдлэгээр удирдана, хөгжүүлнэ гэвэл хоцрогдоно.
-Манай улсын төрийн зохион байгуулалт нүсэр бүтэцтэй ч бүтээмж муу. Төрийн оролцоо бүх салбарт байгаа нь үр өгөөжтэй, бүтээмжтэй байдлыг алдагдуулдаг. Төр өөрөө цомхон, чадварлаг, хүчирхэг байх ёстой. Хүчирхэг гэдэг нь “Төрийн шийдвэр оновчтой, аль ч салбарт хэрэгжих боломжтой байх” гэсэн үг юм.
-Бусад улс орнуудад манай институттай адил байгууллагууд “мэргэжлийн байгууллага /professional body/” статустай байдаг болов. Харамсалтай нь манай улсын хууль эрх зүйн хүрээнд мэргэжлийн байгууллага гэсэн статус байдаггүй болохоор “төрийн бус байгууллага” гэж явдаг.
-Төрийн ил тод байдал дутмагаас иргэдийн төрдөө итгэх итгэл сулардаг. Тухайлбал, төсвийн тухай хуулийн дагуу зарцуулагдах ёстой, татвар төлөгчдийн халааснаас гарсан нийтийн мөнгийг хамгийн сайн менежментээр удирдана гэж сонгогдсон нөхдүүд нь зөвхөн өөрсдийн эрх ашгийг хамгаалах үүднээс төсөвт тодотгол хийх нөхцөл үүсчихсэн байхад тодотгохгүй гээд гэдийгээд байгааг нь ард түмний халааснаас авсан мөнгөө нам дарчихаад өөрсдөдөө зарцуулах гэж байна гэж ойлгохоос аргагүй байдалд хүргэлээ.
-Дэлхий нийтээр даган мөрдөх хууль, эрх зүйн акцууд, хүний эрхийн гэх мэт түгээмэл тунхаглалуудыг Монгол Улс дагаж мөрдөх ёстой. Монгол Улс өнгөрсөн жил “Саарал жагсаалт”-д орсон нь тэдгээрийг зөв утгаар нутагшуулж, дагаж мөрдөж хөгжүүлэхгүй бол нийгэм эдийн засгийн үр дагавартай гэдгийн энгийн нэг жишээ. Энэ хариуцлагыг мэргэжлийн байгууллага үүрдэг.
-Манай улсын төрийн зохион байгуулалт нүсэр бүтэцтэй ч бүтээмж муу. Яах аргагүй уул уурхайгаас орлого олж байна, бас үйлдвэрлэл эрхлэгчид, бизнесүүд, ажиллагсад үүргээ биелүүлж, татвараа төлж байгаа ч эрхээ эдэлж чадахгүй л байна шүү дээ. Гэтэл хэрэгтэй салбартаа хөрөнгө оруулалт хийж чадахгүй төрийн үр бүтээлгүй бүтцийн цалин, хангамж, урамшуулал, хээл, хахуульд хамаг мөнгө яваад дуусч байна. Зорилго тодорхойгүйгээс зарцуулалт нь үрэлгэн, үр дүн муу байдаг
-Мундаг мэдлэгтэй гэсэн нэг хэсэг байна л даа. Гэтэл тэр нь аль хэдийн хуучирсан байгааг мэдэхгүй том, том яриад яваад байгаа хэсгийг хэлж байгаа юм. Тэгэхээр мэдлэг, боловсролын тухай суурь ойлголтоо өөрчлөх шаардлагатай болж байгаа юм. Мэдлэг боловсрол гэдэг урсгал юм. Цаг тутамд өөрчлөгдөж байгаа мэдлэг мэдээллийг өөртөө хүлээн авч боловсруулж түгээж байгаа хүнийг боловсролтой хүн гэнэ. Түүнээс биш 30 жилийн өмнө авсан мэдлэгээ тасралтгүй яриад байгаа хүнийг мэдлэгтэй хүн гэж хэлэхгүй. Төрд сайн менежерүүд үгүйлэгдэж байна.
- Зүүн өмнөд Ази руу эдийн засгаа тэлэх гэж ярихаас илүүтэй БНХАУ-ын Өвөр Монгол, ОХУ-ын Улаан-Үд хот орчмыг хүнс, мах, махан бүтээгдэхүүнээр хангах нь ойрын зорилгод илүүтэй нийцнэ.
-Цаашид хөдөө аж ахуй дээр суурилж био технологи, эрчимжсэн мал аж ахуйг технологижсон аргаар хөгжүүлэх нь зайлшгүй.
-Энэ хоёр салбарыг тэнцвэржүүлж хөгжүүлэхийн зэрэгцээ дунд хугацаандаа эрүүл мэнд боловсролын зорилтыг хэрэгжүүлэх стартеги байх ёстой.
-Одоо байгаа боловсролын тогтолцоогоор яваад байвал ирээдүйд олон арван хэрэггүй мэргэжилтнийг бэлтгэнэ гэсэн үг. Тиймээс ирээдүйн боловсролын стратегийг зөв тодорхойлох хэрэгтэй. Мөн сүүлийн үед боловсролыг тархины боловсрол, зүрхний боловсрол гэж их ярьж байна. Эрдэм, мэдлэгтэй тархины боловсролтой хүнээс гадна, энэрэнгүй, тайван амгалан, аливаа асуудлыг уян хатан шийдэж чадах зүрхний боловсролтой хүмүүсийг бий болгох ёстой юм. Энэ утгаараа барууны орнуудад бясалгал, иогийн хичээлүүдийг боловсролын хөтөлбөрт шинээр оруулж өгч байна.
Эх сурвалж: www.polit.mn