С.САРУУЛ

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллээр  дэлхийн 213 оронд “Covid-19”-ийн улмаас 2.330.967 өвчилж, 160.765 хүн нас барж, 596.537 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Халдварын улмаас дэлхий даяар 1.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

  Монголд коронавирусын 32 /2020.04.20/ тохиолдол бүртгэгдээд байсан өнөөдөр дахин нэгээр нэмэгдлээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Бид дөрөвдүгээр сарын 12-нд Оросоос оюутнуудыг хүлээн авсан. Ирсэн оюутнуудад хаана сурдаг, хаагуур явсан, ямар хүмүүстэй уулзсан гэх мэтээр тандалт судалгааг нарийн хийсэн. Оюутнуудыг тус тусад тусгаарласан.

Өвчлөл гарсан нэг сургуулийн 24 оюутан, бас өөр нэг сургуулийн 5-6 оюутан бий. Мөн халдвар авсан байх эрсдэлтэй хэд хэдэн хүн бий. Дарханд хэдэн хүнийг тусгаарлан ажиглаж байна. Шинжилгээг 2-3 хоногийн зайтай давтан авч байна. Тухайн хүний биеийн дархлаа, халдвар авсан хугацаа зэргээс хамаарч вирус ялгарах хугацаа хүн бүрт харилцан адилгүй. Сүүлийн хүнд 3 дахь удаагийн шинжилгээгээр халдвар илэрлээ. Халдварын нууц үе 21 хоног үргэлжлэх тул 21 хоног тусгаарлаж байна. 4-р сарын 12-ноос эхлэн тавдугаар сар хүртэл халдвар нэг хоёроороо илэрч болно. Хөнгөн үедээ халдварыг илрүүлбэл эдгэрэлтийн явц хурдан байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn