Ч.ҮЛ-ОЛДОХ

Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

-Засгийн газар  сая­хан 100 хоногоо тэм­дэглэж, иргэд янз бүрийн өнцгөөс үнэлэлт, дүгнэлт өглөө. Нэг ба­рилга  бариад л  үр  дүн нь  харагдах  салбар байхад олон жил хуримт­лагдсан тогтол­цооны га­жуу­длыг шинэчлэх хүртэл хугацаа шаардагдах  газ­рууд ч бий.Эрүүл мэндийн салбар үүнд зүй ёсоор орно. Шинэчлэл эхэлсэн ч тэнд үр дүн ямар байгаа талаар хэлж өгөхгүй юу?

-Эрүүл мэндийн сал­барын шинэчлэлийг өргөс авахтай  адил   өдөрт нь хийх боломжгүйгээс нөхцөл байдал маш их дорджээ. Бүх газраа  уналтын байдалд орсон байна. Энэ бол асар их  улстөрийн зориг, тэвчээр шаардагдах ажил юм. Шинэчлэл хийхэд  зөв арга тактик хэрэгтэйгээс гадна шинэчлэлийг  явуулах  баг  хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, шинэчлэл хийх хүсэл сонирхолтой, ур чадвартай, зориг эрмэлзлэлтэй баг чухал. Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хамгийн эхний үр дүн юугаар гарах вэ гэвэл, эмнэлэг үйлчилгээний тусламж авч байгаа хүмүүсийг хү­лээг­дэлгүй, чирэгдэлгүй, гомдолгүй болгох, мөн янз бүрийн ашиг сонирхлын зөрчилгүй тогтолцоог бий болсон байж эцсийн үр дүн гарна. Шинэчлэлийг өнгөцхөн, өнгө будгаар хийх юм бол янз бүрийн ажил хийж болно. Хам­гийн гол нь  эцсийн дүндээ хэрэглэгч, үйлчлүүлэгч шинэчлэ­лийн үр шимийг хүртсэн байх ёстой. Тэнд ажил­лаж байгаа эрүүл мэн­дийн салбарынхан, тэнд эрүүл мэндийн тус­ламж, үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагынхан өөрсдөө хүртсэн байх ёстой. Түүнд оролцсон бүх талууд үр шимийг нь хүртсэн байх учиртай.

-Олон эмнэлэгт асуу­дал байна. Тухайлбал,  саяхан  Хавдар судлалын эмнэлэгийн үйлчилгээг сонирхоход  мэс засалд орох  дараалал хоёр, гурван сарын дараа  байх  жишээтэй.  Тэгсэн атлаа эдийн засгийн  боломжтой бол  дарааллын дундуур  оруулаад өгье  гэх эмнэл­гийн ажилтан таарсан. Үүний цаана авлига байна. Энэ байдалтай яаж тэмцэх вэ?

-Асуудлын гол нь үүнд бий. Эрүүл мэндийн сал­барынхан суурь шинэчлэл хүлээг­дэл, чирэгдлийг бууруу­лахад чиглэж байгаа.  Суурь шинэчлэл хийхгүй­гээр ямар ч шинэ барилга, хөрөнгө оруу­лалт, багаж төхөөрөмжийн асуудлыг шийдээд үр дүн гарахгүй.   Тиймээс бид эрүүл мэндийн байгуул­лагуу­дад аль үйлчилгээ, аль тасаг нь хамгийн их хүлээг­дэлтэй байгаа та­лаар бүртгэл, мэдээллийн тогтолцоог бий болгож байгаа. Аль тасаг яагаад, юунаас болж  хүлээгдээд байна. Үнэхээр багаж төхөөрөмж хүрэлцэх­гүй­гээс  болсон уу, эмч нь байхгүйгээс хүлээгдсэн үү. өвчлөл ихтэй байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу, хүнд суртлаас үүдэж иргэдийг чирэгдүүлсэн үү гэдгийг тогтооно.  Үүний дүнд  хүнд суртал, авлига хоёрыг  ялгана. Ачаалал ихтэй бол эмч болон тасгийнх  нь тоог нэмж өвчлөл ихтэй бол оношилгоо, эмчил­гээний тасгийг өргө­жүүлье. Ачаа­лал ихтэй бол төвлөрлийг саа­руулж, байгуул­лагуудын чадавхийг бэх­жүүлж, аймаг, дүүргийн төвүүдийг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Бодит байдалд хүнд сур­тал, авлига хээл хахуулын шинжтэй хүлээгдэл байх юм бол түүнийг засна. Тиймээс Эрүүл мэндийн яам өөрийн Moh.mn  вэб сайтаар болон  Zasag.mn  хаягаар “Та хамгийн сүүлд эмнэлэгт үзүүлэхдээ албан бусаар хэдэн төгрөг төлсөн бэ” гэсэн санал асуулга авч байгаа. Дашрамд хэлэхэд, үүнд ард иргэд идэвхтэй хамрагдаарай гэж хэлье. Одоогийн байдлаар ирж байгаа санал асуулгын 76 орчим хувь нь ийм төлбөр төлсөн. 20 гаруй хувь нь төлөхгүй байна гэсэн санал ирүүлээд  байна.Төлөх, төлөхдөө бас их мөнгө төлдөг юм байна. 20 мянгаас-60.000, 60-100 мянга, 100 мянгаас дээш төлбөр  төлсөн хүн 60 –аас дээш хувьтай гэсэн үзүүлэлт гарсан. Энэ нь иргэд эрүүл мэндийн хувьд санхүүгийн өндөр эрсдэлд байна гэсэн үг. Шинэчлэлийн гол үйл ажиллагаа энэ эрсдийг бууруулахад чиглэгдэж байгаа.

-Санхүүгийн эрсдлийг яаж бууруулах вэ. Яагаад ингэж асууж байна гэхээр эмчид үзүүлэх гэтэл хүнд суртал гаргаж, арай гэж  үзүүлээд мэс засалд ортол гар дээр нь мөнгө тавиагүйгээс эрүүл мэндийг нь хохироосон явдалтай жилийн өмнө таарч байлаа. Мөнгө өгөхөөс аргагүй байдал үүсч буйг яаж зохицуулах вэ? 

-Олон улсын  эрүүл мэндийн  байгууллагаас хийсэн хөндлөнгийн нэ­гэн  судалгаагаар  “Монгол Улсын эрүүл мэндийн  нийт зардлын 40 хувийг хувь хүн халааснаасаа төлж байдаг” гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ тоо маш их түгшүүртэй үзүүлэлт юм, олон улсын төвшинд. Энэ нь эрүүл мэндийн асууд­лаа  төр, засаг нь авч явж чадахгүй байна гэсэн үг юм. Уг нь 15 хүртэл хувь байх юм бол тухайн эрүүл мэндийн тогтолцоо зохих төвшинд үйл ажиллагаа явуулж байна гэж үздэг. Тэгэхээр энэ  асуудлыг цэгцлэх ёстой. Түү­нийг дагасан эсэргүүцэл ч их гарах байх. Ямар ч гэсэн бид  албан бус төлбөр, иргэдэд ачаалал болж буй заавал мөнгө төлж байж үйлчилгээ авдаг явдлын  учрыг  олох ёстой. Эхлээд оношилъё, хоёрдугаарт яаж түүнээс салах тухай бодлогоо гаргаж ирэх ёстой. Энэ үүднээс хэдэн төгрөг төлдөг юм байна, хаана, хэнд төлж байгаа талаар судалж байна.

-Иргэд эрүүл мэндийн даатгалтай атлаа эмнэлэгт хэвтэхээ­р асар их мөнгө төлж гаднаас эм, тариа авч үйлчлүүлдэг. Эрүүл мэн­дийн салбар ийм байсаар ирсэн, цаашид  яаж өөрч­лөгдөж, шинэч­лэгдэх бол?

-Үүний цаана ямар асуудал  байна гэвэл  үйлчилгээ, оношилгооны стандартад чанар муутай эм, тариа оруулчихдаг юм байна. Тендерээр хамгийн хямд өртөгтэйг авдаг, тэгээд иргэдэд өгөхөөр хүмүүс эмнэлэгт арав хоног хэвтээд гарлаа, 20 хоног үйлчлүүлээд гарлаа бие ерөөсөө зүгээр болсонгүй, эмнэлэг хэрэг алга гэдэг. Нөгөө талаас, өвчнөө эдгээхийн тулд эмч нар  та ийм эм олж уу гээд 20, 30 мянгын үнэтэй эм, тариаг гаднаас авахуулдаг.  Бид энэ байдлыг өөрчилнө. Манай яам саяхнаас ерөн­хий мэргэ­жилтнүү­дийг  томилж эхэлсэн. Мэргэжилтнүүд  өөрсдийн  мэргэжлийн салбар зөвлөлийг байгуулна. Салбар зөв­лөлүүд эмчилгээ, оношил­гооны чанарт эргэлт гаргах зорилт дэвшүүлсэн. Хам­гийн өндөр идэвхижилтэй, үйлчилгээ сайтай эмийг эмчилгээ, оношил­гоо­ныхоо жагсаалтад оруулж өгье. Тэр эмийг даатгалаас санхүүжүүлдэг зарчимд шилжъе. Тэгвэл эмнэлэгт хэвтэхдээ гаднаас өндөр үнэтэй эм авдаг үйл явц алга болно. Өөр нэг асуу­дал нь био­логийн идэвхит бүтээг­дэхүүн, сүлжээний зүй­лүүд байна. Иргэд  энэ талаар ихээхэн шүүмжилдэг. Учир нь эмч тэр автобусанд суугаад тэнд очиж түүгээр тойроод тийм нэртэй эмнэлэгт очиж  энэ эмийг авч уугаарай гэсэн гээд хавдартай хүн  нэг бэлдмэл авчирч үзүүлсэн нь зөгийн балны ханд байх жишээтэй. Ингээд 100 гаруй мянган төгрөг авчихсан байгаа юм, тэтгэврийн хүнээс. Тэр бол эм биш. Тухайн хавдрыг эмчлэхгүй. Ийм учраас сүлжээний эм, бэлдмэл  сурталчлахад  эрүүл мэндийн салбарынхныг оролцохыг хориглосон. Эмч, эрүүл мэн­дийн бай­гууллагынхан сүлжээний бүтээг­дэхүү­нийг зөвлөх­гүй, сурталч­лахгүй, бор­луулахгүй. Сүлжээнд орж иргэдийг санхүүгийн хямралд оруул­даг явдлыг арилгана.

-Эмч нар хоёр эмнэлэгт зэрэг ажилладаг нь нууц биш. Өглөө төрийн мэд­лийн эмнэлэгт  ажлаа хийхдээ үзсэн хүмүүсээ  хувийнхаа эмнэлэг рүү шилжүүлчихдэг. Эсвэл танилынхаа эмийн сан руу  жор бичээд явуулчихдаг. Үдээс хойш хувийн эмнэлэгтээ очоод суучихдаг. Энэ байдал өөрчлөгдөх үү?

-Эмч нар хоёр эмнэ­лэгт зэрэг ажиллахгүй. Энэ асуудал эмнэлгийн дарга нарт ч бас хамаатай. Ний­тийн албан дахь сонирх­лын зөрчлийг удирдаж байгаа  энэ хэлбэрээс бид салах ёстой. Эрүүл мэн­дийн суурь шинэчлэлийн хүрээнд ийм шийдвэр гар­гасан. Давхар ажилладаг эмч нарын судалгааг авч эхэлсэн. Олон нийтийн эрх ашгийн үүднээс хийж буй ажил учраас манай эмч нар ойлгох байх. Зовж шаналсан, өвдөж зовсон иргэдийн тусын тулд энэ ажлыг хийж буй болохоос Эрүүл мэндийн сайд юм уу, яамныхан ямар нэгэн байдлаар ашиг хонжоо олох гэж байгаа юм биш. Хэн нэгний ажлын байрыг булааж авах гэсэн юм биш.  Манай улс бэлтгэгдсэн эмчийнхээ тоогоор дэлхийд дээгүүрт орно. Бараг эмч нарын дунд  ажилгүйдэл бий болчихсон гэж болно. Тиймээс манайд эмч  хангалттай бий. Харин  нэг бол улсынхаа эмнэлэгийг, эсвэл хувийнхаа эмнэлэгийг сонго, аль нэг талдаа ажилла гэж байгаа юм. Суурь шинэчлэлийн хүрээнд энэ ажлыг бид эхлүүлсэн. Одоо судалгааны төвшинд явж байна. Эрүүл мэндийн салбар энэ хүрээнд  иргэ­дийнхээ эрүүл мэндийг дээдэлъе гэж байгаа.

-Тухайлбал, ямар ажил эхлүүлэв?

-Би салбарынхандаа хэлж байгаа. Тухайлбал, би яагаад эмч болсон юм бэ, та нар яагаад эмч байгаа юм бэ. Яагаад нэгдүгээр эмнэлэг байна вэ, ямар учраас Эрүүл мэндийн яам байгаа юм бэ. Энэ чинь ард иргэд байгаа учраас тэр шүү дээ. тэдний төлөө эмнэлэг, эрүүл мэндийн салбар байгаа юм.  Тиймээс бидний оршин тогтнохын үндсийн үндэс  болсон зүйл нь монгол хүн байна. Иргэнийхээ эрүүл мэн­дийн асуудлыг  хамгийн нэгдүгээрт тавъя. Үйлчилгээний чанар, аюулгүй байдал, тэдний эрхийг хамгаалахын тулд 28 эмнэлэгт санал, хүсэлт хүлээж авах цэг ажиллуулж байна.  Нөгөө талаас, иргэний эрүүл мэн­дийн хяналтын зөв­лөлийг сайд дэргэдээ авч  ажиллуулж байгаа. Үүгээ­рээ иргэний дуу хоолой, оролцоог бүрдүүлэхийг  зорьсон.

-Олон нийтийн эрх ашгийн төлөө өөрчлөлт, шинэчлэлийг эмч нар ойл­гоно гэж та үзэж байгаа юм байна. Энэрэх, нигүүлсэхүйг уриагаа болгосон эмч нарын олонхи нь ойлгох ч, нөгөө талаар  асар их бэрхшээлтэй уч­рах юм биш үү. Тухайлбал, хууль зүйн салбарын шинэчлэл  гэхэд л салбарын сайдаа занал­хийлсэн  нууц захидлаар  илэрч, айдас хүйдэс дагуулсан? 

-Эрүүл мэндийн сал­ба­рын шинэчлэл ихээхэн бэрхшээлтэй. Анхнаасаа маш их бэрхшээлтэй байна. Яаманд бүтцийн өөрчлөлт хийхээс эхлээд  хуучин эрх мэдлээ, биз­несийн болоод авлигын  сүлжээгээ хадгалж үлдэх гэсэн бэрхшээлтэй бид тулгарч  байгаа. Одоо эмнэлгийн байгууллага, эмнэлгийн дарга нарын хүрээнд шинэчлэл эхлэх гэж байна. Эмнэлгийн дарга нар бол менежерүүд байдаг. Тэнд  хувьдаа эм ханган нийлүүлэх байгууллагагүй,  хувийн эмнэлэггүй  гэх юм уу сонирхлын зөрчлөөс ангид хүмүүсийг ажилуулахтай би санал нэг байна.

-Шинэчлэлийг  төр, зас­гийн бодлогын төвшинд, эрүүл мэндийн салбарын хүрээнд хийж байгаа ч улстөрийн тогтолцоо,  Засгийн газрын  нөлөө  ямар төвшинд байх  ёстой бол?

- Мэдээж улстөрийн тогтолцоо, Засгийн газ­раас их зүйл хамаарна. Дан ганц эрүүл мэндийн салбар  авлига, хээл хахуулиар дүүрэн, шинэчлэгдэх ёстой, өөрчлөгдөх ёстой гээд суугаад байвал бүтэхгүй. Эрүүл мэндийн шинэчлэл ганц Эрүүл мэндийн яамнаас шалтгаалахгүй. Бүх салбарт ярьж байж үр дүнгээ  өгнө. Чирэгдэл, хүлээгдэл, авлига, хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил гээд олон асуудалд  Засгийн газрын болоод улстөрийн хүсэл сонирхол маш чухал. Мөн улс төрийн намуудын хүсэл сонирхол хэрэгтэй. Тэгж байж шинэчлэл үр дүнд хүрнэ. Энэ нь өөрөө улстөрийн шийдэл юм. Тиймээс түрүүнд  миний ярьсан  бэрхшээлийн нэг нь энэ байгаа юм.

-Зөвхөн ханиад хүрсэн төдийд гадаадын аль нэгэн  улс руу эмчилгээ, үйлчил­гээ авахаар онгоцоор нисдэг  улстөрчид, нэр бүхий сайд нар эрүүл мэндийн салбарынхны  болоод иргэдийн амьдрал ямар байдаг,  хэрхэн шинэ­чилбэл зохихыг  мэдэхгүй, мэдрэх ч үгүй юм биш үү?

-Энэ асуудлыг би өргөн утгаар нь яръя гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, цаасан дээр  монгол хүн эх орондоо чанартай эрүүл мэндийн тусламж авах орчныг бүрдүүлнэ гэж бий. Тэр хүрээнд оношилгоо, эм­чил­гээ­ний төв байгуулах гэж байна. Хүүх­дийн зүрхний гаж­гийг  эх орондоо эмчилнэ. Гэтэл ямар ч багаж төхөөрөмж, хөрөнгө оруулалтаас  илүү  энэ  салбарт байгаа хүнд суртал, ашиг сонирхол, харилцаа хандлагын асуу­далд анхаарах нь  чухал  юм. Рентген аппарат байгаад эмч  нь үзэхгүй  бол ямар ч үр ашиггүй. Тиймээс эрүүл мэндийн салбарт суурь шинэч­лэлийг хийхгүйгээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаад үр дүн гарахгүй. Тиймээс иж бүрэн суурь шинэчлэлийг хийх ёстой. “Шинэчлэлийн Засгийн газрын 100 минут”   уул­залтад оролцогчид  бизнес­мэн, улстөрчид гадагшаа эмчилгээнд их явдаг. Тэгсэн атлаа эрүүл мэндийн салбар муу гэсэн үнэлгээг  улстөрчид өөрсдөө өгч нэр хүндийг нь унагадаг гэж  ярьж байсан. Тэр хүмүүсийг зөв асуудал ярилаа гэж бодож байна.

-Иргэдээс гомдол их ирж байгаа байх. Хамгийн их ярьж байгаа ямар асуудал байна?

-Олон санал, хүсэлт ирдэг. Өдөр алгасахгүй ирдэг нь гемодилизийн асуудал.  Мөн ургийн гажиг байна. Намайг  сумын эмнэлгийн эмч байхад ховор тохиолддог байсан ургийн гажиг өнөөдөр нэг аймагт хэдэн зуугаараа байна. Тэр бүү хэл тэр дотор ерөөсөө бид­ний үзэж хараагүй тол­гойгүй, мөчгүй, гэдэсгүй гажиг тохиолдлууд гарч байна. Эх дотор байхад нь  эрт оношлох хэрэгтэй. Энэ нь  өөрөө үндэсний аюулгүй байдлын асуудал.  Сайдын хувьд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлэл хийнэ. Нөгөө талаар, би түрүүнд хэлсэн гемодилизийн тусламж, үйлчилгээ  манайд хүрэлцээгүй байна. Бөөрний дутагдалтай хүн маш олон байна. Бөөрний дутагдлаа монголчууд маш орой оношилж байна. Тий­мээс тэр хүний амьд­рах чадвар, бөөр солиод үр дүн гарах хугацаа учир дутагдалтай. Тиймээс ирэх онд Засгийн газрын хамгийн түрүүнд хийх ажлын нэг нь энэ төрлийн тусламж үйлчилгээг иж бүрэн шийднэ. Зардлыг нь төсөвт суутгасан. Нөгөө талаас та бидний  яриад буй эмнэлгийн ажилтнуудын харилцаа, хандалтын асуудал гемодилизийн асуудалтай нэгэн адил хурцаар тавигдаж байгаа.

-Бас нэг асуулт байна. Эмнэлгийн байгуул­лагуудаар явж байхад эмч, эмнэлгийн дарга нар УИХ-ын гишүүд, үндэсний томоохон  компанийн захирлуудын адил үнэтэй том машин  унаж дээрэнгүй авирлах юм. Тэгэхээр эрүүл мэндийг салбарыг яаж  сонирхлын зөрчлөөс ангид байлгах вэ. Салбарын сайдын хувьд та ард түмэнд юу амлаж чадах вэ?

-Би найман жилийн өмнө энэ салбарыг орхиж, тодорхой улстөрийн хүрээнд улстөрийг эрүүлжүүлж, шударга ёс тогтоох гэж, улстөрийг илүү ёс зүйтэй болгох гэж өргөн хүрээнд ажилласан. Салбартаа эргээд ирэхэд үнэхээр таны яриад байгаа том машин унаж, том юм ярьсан харц нь өөрчлөгдсөн хүмүүсийг бэлдсэн  байна. Энэ байдлыг арилгахын төлөө  ажиллаж байгаа. Бэрх­шээл ихтэй, үнэхээр хүнд байгаа нь үнэн. Гэсэн ч би энэ дөрвөн жилд   юуны төлөө  эмч, энэ салбарын хүн билээ, эрүүл мэндийн салбарын удирдлага, менежментийн  шинжлэх ухааныг барууны оронд эзэмшиж ирээд энд тэр чиглэлээрээ эрдмийн зэрэг хамгаалсан хүний хувьд өөрийгөө зүгээр нэг нүүдлийн шувуу шиг түр үдлээд буцдаг сайд байна гэж үзэхгүй байна. Ард түмнийхээ гарт нь баригдаж, нүдэнд нь үзэгдэж, сэтгэл санаанд нь хоногшиж үлдэх тийм   өөрчлөлтийг хийнэ гэсэн  итгэлтэй байгаа. Ямар ч саад, бэрхшээл  биднийг зогсоож чадахгүй.