МОСКВА, Гуравдугаар сарын 13 - РИА Новости. БНХАУ – ын эрүүлийг хамгаалахын асуудал эрхэлсэн улсын хорооны шинжээчдийн тусгай комиссын тэргүүн Чун Наншань COVID – 19 коронавирусын цар тахал зургаадугаар сар гэхэд дуусгавар болж мэдэх юм хэмээн мэдэгджээ. Энэ тухай New York Post сонинд бичжээ.

Мэргэжилтний хэлснээр, үүний тулд бүх улс орон энэ өвчинтэй хийх тэмцэлд хүчин чармайлтаа дайчлах хэрэгтэй. Ийм нөхцөлд өвчнийг ялахад цөөхөн хэдэн сар шаардлагатай гэдэгт Чун Наншань итгэлтэй байна.

"Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зааварчилгааг дагаж мөрдөн, үндэснийхээ төвшинд хүчин чармайлт гаргахыг би бүх улс оронд хандан уриалж байна” – хэмээн тэр хэлжээ.

Түүний бодлоор ирж байгаа дулааны улирал вирусын тархалтыг удаашруулахад тус нэмэр болж магадгүй ажээ.

"Бүх улс орны авч хэрэгжүүлж байгаа нааштай арга хэмжээний хөтөлбөрт миний үнэлгээ үндэслэсэн болно” – хэмээн шинжээч онцлов.

Хэрвээ зарим улс орон вирусын аюул заналыг үл тоож, түүнтэй тэмцэх шаардлагатай арга хэмжээ авахгүй бол цар тахал удаан үргэлжилж болох юм гэдгийг Чун Наншань бас анхааруулжээ.

Шинэ коронавирусын халдвар

Гарал үүсэл нь тодорхойгүй уушгины хатгаа өвчин дэгдсэн тухай хятадын эрх баригчид шинэ оны өмнөхөн мэдээлсэн. Өвчнийг өдөөгч нь шинэ коронавирус болохыг мэргэжилтнүүд олж тогтоосон. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага цар тахал болсон тухай зарлаж мэдээлсэн.

Сүүлийн үеийн баримтаар дэлхийн 110 гаруй улс оронд 125 мянган хүн халдвар авч, 4625 хүн нас барж, 68 мянга гаруй хүн эдгэрчээ.

ОХУ – д коронавирусын халдвар авсан 34 тохиолдлыг илрүүлжээ.

ОХУ – д авч байгаа сэргийлэх арга хэмжээ

Орос улсад коронавирусээс хамгаалах нэмэлт арга хэмжээ авч байна. Тухайлбал, халдвар ихээр тархаж байгаа Итали, Франц, Герман, Испани улстай тогтоосон нисэхийн харилцааг ойрын өдрүүдэд хязгаарлав.

Үүнээс гадна Итали улсын иргэдэд виз (ажил хэргийн, хүмүүнлэгийн, албаныхаас бусад) олгохыг түр цуцалж, улмаар суралцах, ажиллах, хувийн болон аялал жуулчлал, эсвэл дамжин өнгөрөх зорилгоор ОХУ – д ирэх италичуудыг хилээр нэвтрүүлэхийг зогсоов.

Евроазийн эдийн засгийн гишүүн улс орны иргэд, агаарын хөлгийн баг, албан ёсны төлөөлөгч болон ОХУ – д оршин суугаа хүмүүсээс бусад Италиас ирж байгаа гадаадын иргэдэд энэхүү хориг, хязгаарлалт нэгэн адил хамаарна.

Үүнээс гадна эрх баригчид олныг хамарсан спортын болон зугаа цэнгэлийн арга хэмжээг цөөлөх, мөн холбооны төвшний түшмэлүүдийг гадаад томилолтоо цуцлахыг зөвлөмж болгожээ.