Д.АРИУН
Узбекистаны анхны Ерөнхийлөгч Ислам Каримовын том охин Гульнара Каримова тус улсын одоогийн төрийн тэргүүн Шавкат Мирзиеет ил захидал бичжээ. Энэ тухай нь түүний охин Инстаграмм хуудсаар дамжуулан мэдээлжээ. Зарим хэвлэлийн мэдээлж байгаагаар сошиал дахь охиных нь хуудсаар дамжуулан түгээх нь Каримовагийн өмгөөлөгчдийн санаа байсан гэнэ.
46 настай Гульнара захидалдаа Мирзиеевийг “олон жилийн өмнөөс сайн мэдэх хүн” гэсэн байна. Учир нь эцгийгээ төрийн тэргүүн байхад хатагтай Гульнара улс орныхоо улс төрийн амьдралд идэвхтэй оролцдог нэгэн байсан. Сайн боловсрол эзэмшсэн тэрээр 2008 оноос Узбекистаныг төлөөлөн НҮБ-д сууж байсан. Гэхдээ хэвлэлүүдийн хуудаснаа тэрээр загварын шоу алгасдаггүй, брэнд цуглуулах дуртай гэхчлэн шоу зугаа цэнгэл талаасаа илүү үлдэж хоцорсон билээ.
2015 онд Узбекистанд Гульнарагийн эсрэг залилан, татвараас зайлсхийсэн зэрэг эрүүгийн хэд хэдэн хэрэг үүсгэн шалгаж, таван жил хорих ял оноосон. Дараа нь эрүүгийн хэргийн хоёр дахь хэсэг бүр ч өөр болж, арван жил хорих ял нь таван жилийн хилийн хоригоор өөрчлөгдөж байсан. Харин гэрийн хорионд байх хоригоо зөрчсөн тул тэрээр торны цаана суух болсон аж.
Узбекийн Ерөнхийлөгчид бичсэн захидалдаа Гульнара Каримова эрүүл мэндийн байдал, нэгээс нөгөө рүү шилжүүлж байгаа цагдан хорих төвүүдийн нөхцөл байдлын талаар “гомдоллож”, эцэст нь эрүүгийн хэргийг зогсоовол 688 сая долларыг төрийн мэдэлд шилжүүлэхэд бэлэн байгаа гэдгээ дурджээ.
Эх сурвалж: Цахим “Зууны мэдээ” www.zms.mn