Д.АРИУН

Бразилийн Эрүүл мэндийн яам мягмар гариг буюу хоёрдугаар сарын 25-нд тус улсад шинэ төрлийн короновирусын халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнийг зарлажээ. Өвчтөнөөс авсан шинжилгээний сорьцыг дахин баталгаажуулан шинжлүүлэхээр судалгааны хүрээлэн рүү илгээсэн байна.
Твиттер дэх мэдээллээс үзвэл, Италийн Ломбардигаас саяхан эргэж ирсэн 61 настай эрэгтэй короновирусын хөнгөн хэлбэрийн шинж тэмдэгтэйгээр Сан-Паулагийн Альберт Эйнштейний эмнэлэгт энэ сарын 25-ны өдөр ханджээ.
Эрх баригчид энэ эртэй холбогдсон хүмүүс, хөршүүдийн талаарх мэдээллийг цуглуулж, ажиглалтад авчээ. Сан-Паулад одоогоор короновирусын сэжигтэй дөрвөн тохиолдол бүртгэгдээд байгаа аж. Өмнө 26 сэжигтэй тохиолдол гарсан ч шинжилгээгээр батлагдаагүй байна.
Орос зэрэг улсын Элчин сайдын яамд иргэдээ Италийн Ломбарди, Венето, Пьемонт, Эмилию-Романье зэрэг короновирусын халдвар дэгдэж байгаа газрууд руу аялахгүй байхыг зөвлөж байна. Учир нь Европын улсуудаас COVID-19-ийн халдвар хамгийн их тархсан улс нь Итали болоод байгаа юм. Италид халдвар авсан хүний тоо 322 болж, 10 хүн амь насаа алдаад байна.
Хятадын Ухань хотоос анх дэгдсэн шинэ төрлийн короновирусээс сэргийлэх вакцин бүтээгдээгүй бөгөөд халдвараас сэргийлэхийн тулд маск зүүж, гараа байнга угааж, ариутгаж, олон хүн цугласан газраас явахгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөж байгаа билээ.

Эх сурвалж: Цахим “Зууны мэдээ”-ZMS.MN