Д.АРИУН
Египет улсын Ерөнхийлөгч асан Хосни Мубарак 91 насандаа өчигдөр таалал төгсчээ. Энэ талаар өчигдөр олон улсын хэвлэлүүд Египетийн эх сурвалжуудаас эшлэн мэдээллээ. Энэ сарын 24-нд өмгөөлөгч нь түүний биеийн байдал тааруу байгаа гэдгийг мэдээлж байсан аж. Ерөнхийлөгч асан улсынхаа нэгэн цэргийн эмнэлэгт хагалгаа хийлгэсний дараа эмчилгээ хийлгэж байжээ.
Хосни Мубарак 1981 оноос эхлэн 2011 он хүртэл 30 жил Египет улсын төрийн тэргүүнээр ажилласан. Харин 2011 онд “Арабын хавар” өнгөт хувьсгалын давалгаан дор өрнөсөн эсэргүүцлийн хөдөлгөөний улмаас огцорсон билээ. Түүнийг огцорсны дараа эрүүгийн хэд хэдэн хэрэгт холбогдуулан шалгасан, тухайлбал, ардчиллын төлөө тэмцэгчийн амь насыг хөнөөсөн, авлига хээл хахууль авсан гэх мэт хэрэгт нь шүүхээс бүх насаар нь хорих ял оноож байсан. Гэвч 2017 онд давж заалдах шатны шүүхээс түүнийг цагаатгаж сулласан байна. Мөн Экс Ерөнхийлөгчийн хоёр хүүг авлига хээл хахуулийн хэрэгт холбогдуулан яллаж шоронд сууж байсан билээ.
Эх сурвалж: Цахим “Зууны мэдээ”-ZMS.MN