Т.САЙХАН

БНСУ-д шинэ төрлийн коронавирусын халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдээд байна  Мөн  вирусээр халдварласан 53 тохиолдол бүртгэгдсэнээр халдвар авсан хүний тоо 104 хүрсэн байна.

“Умард Кёнсан мужийн Чёндо хотын эмнэлэгт 20 гаруй жил хэвтэрт байсан 63 настай эрэгтэй уушгины хатгалгааны улмаас лхагва гарагт нас барсан” гэж Солонгосын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.

Эрүүл мэндийн газрын мэргэжилтнүүд 15 хүн халдвар авсан эмнэлгийн бүх өвчтөн, ажилтанд үзлэг хийх үеэр уг эрэгтэйг халдвар авсныг тогтоожээ.

БНСУ-д энэ долоо хоногт коронавирусын халдвар авсан хүмүүсийн тоо хурдацтай нэмэгдсэн бөгөөд вирусээр халдварласан тохиолдлууд орон нутагт олноор бүртгэгдэж байгааг мэргэжилтнүүд анхааруулсан байна.

Одоогийн байдлаар БНСУ-д вирусний халдварын тархалттай холбогдуулан түгшүүрийн улбар шар төвшинг тогтоогоод байгаа ажээ.

Өнөөдөр бүртгэгдсэн 53 шинэ тохиолдлын 51 нь Тэгү хотод болон Умард Кёнсан мужид илэрсэн бол үлдсэн хоёр тохиолдол нь Сөүл хотод бүртгэгдсэн гэж Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлсэн байна.

Эх сурвалж:www.polit.mn