Б.НЯМСҮРЭН

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хо­ногт УИХ-ын таван ги­шүүн тангараг өргөнө гэж байсан ч чуулган болсон­гүй. Ирц хүрэлцээ­гүй гэ­сэн шалтгаан байгаа бо­ловч үүний цаана Ардын нам, Ардчилсан намтай зөв­шилцөж байгаа учраас хой­шилсон гэсэн яриа байна?

-Эрх барьж байгаа намууд чуулганы ирцээ бүрдүүлж ажилдаа ха­риуц­лагатай хандах ёстой. МАН бол зөвхөн ирц бүрдүүлэх үүрэгтэй нам биш л дээ. Бид бол ард түмний 40 хувийн тө­лөөлөл. Гэтэл  УИХ дахь МАН-ын бүлэг бай­гуулагдсаныг зарлахгүй байна. Мөн манай намын гишүүд байнгын хорооны хуралдаанд оролцож ги­шүүний эрхээ эдлэх боломж хангагдаагүй байгаа. МАН-аас бусад нам, хүчний 46 гишүүний 42 нь дарга болсон, дарга парламент ажиллаж бай­на. Энэ парламент өөрсдөө ирцээ бүрдүүлж болох бай­сан. МАН шахалт үзүүлсэн асуудал байхгүй.

-Танай намын бүлэг байгуулах асуудал ямар шатанд явна вэ. Өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх байсан ч хойшилсон. МАН ер нь хэзээ бүлэгтэй болох бол?

-Манай намын бүлэг байгуулагдчихсан. Бай­гуу­лагдчихсан байгаа бүлгийг зарлах асуудал л хойшлоод байна. УИХ-ын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэл­цээд баталчихъя гэдэг асуудлыг бид Ерөнхий сайдыг томилох үед ч ярьж байсан, чуулганы туршид ч ярьсаар ирсэн. Харам­салтай нь бусад хуулиа хэлэлцээд батлах боловч Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах асууд­лыг ямар нэгэн байдлаар үлдээгээд байгаа юм. Ин­гэж бие биенээ хуурах байдлаар асуудалд хандаж болохгүй. Энэ улс төрийн соёлгүй байдал маань цаа­шид үргэлжилвэл сайн зүйл авчрахгүй. Зөв­шилцөж ажиллах парла­ментын зарчим бий шүү дээ.

-Өнгөрсөн долоо хо­ногт хуралдсан танай на­мын Удирдах зөвлөлийн хурлаар Өвөрхангайн тойрогтой наймаалцаж бүлгээ байгуулъя гэсэн саналыг зарим гишүүн гаргасан гэлцэх юм?

-Тийм зүйл байхгүй. Бид хэн нэгний эрх аш­гийг хохироож наймаал­цана гэсэн асуудал байх­гүй. Асуудлыг хуулийн хүрээнд шийднэ.

-Шинэчлэлийн Зас­гийн  газар 100 хоногийн ажлаа тайлагналаа. Та энэ Засгийн газрын ажлыг хэрхэн дүгнэж, бас юу хүлээж байгаа вэ. Сөрөг хүчний гишүүний хувиар бус Их хурлын гишүүний хувьд алдаа оноог нь дүг­нээсэй гэж хүсч байна?

-Дөнгөж 100 хоног нь л өнгөрч байна. Бид энэ хугацаанд төсөв батлах, Засгийн газрын үйл ажил­лагааны хөтөлбөрийг бат­лах, төрийн албан хаагч­дыг хоморголон халах зэ­рэг зарим тодорхой асууд­лууд дээр дуугарч байсан. Гэхдээ ажил хийх боломжийг нь хаагаагүй. Шүүмжлэлтэй байсан ч гэсэн дардан замаар яваад 100 хонолоо. Одоо ажлаа мэдэхгүй, танилцаагүй, тулгамдах гэдэг асуудал Засгийн газарт байх ёсгүй. Тийм учраас бид цаашид илүү нухацтай хандаж, их ч зүйлийг шаардана.  Сон­гуулиар намын мөрийн хөтөлбөртөө юу тусгасан, түүнийгээ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөл­бөртөө суулгасан эсэх. мөрийн хөтөлбөртөө тус­га­сан ажлуудаас юуг, хэ­зээ, хэрхэн хийж хэрэг­жүүлж байгаа талаар асуу­дал тавьж, шахаж шаар­дана. Хяналтаа ч чангат­гана.

-Сүүлийн үед намууд бие биенээ хараар будах гэсэн, өөрсдийгөө өмөөр­сөн хэрүүлийн шинж чанар­тай маргаанууд үргэлжил­сээр байна. Жирийн иргэ­дийн хувьд хэт улс төрж­сөн явган хэрүүл чухал биш л дээ?

- Яах аргагүй улс тө­рийн намуудын хоорон­дын толхилцол,  бие биенээ давах гэсэн бай­дал, хэт их хуваагдал  ард түмэнд таалагдахгүй бай­на. Энэ нь сая болсон орон нутгийн сонгуулиар харагдлаа. Орон нутгийн сонгуулийн ирц маш бага байсан нь Монгол Улсын төр засагт ард иргэдийн итгэх итгэл суларч байгааг л харуулж байна. Төрийн эрх барьж байгаа улс төрийн нам, улс төрчид маань нэгнээ үгүйсгэдэг, харлуулдаг, бие биений­хээ  ажилд гох дэгээ тавь­дагаас ийм байдал үүсч байна. Тэгэхээр цаашид бид аль болох улс төр­жихгүй байж, зөвшилц­лийн зарчмаар ажиллах хэрэгтэй байна. Энэ бол ард түмний хүсэл.

- Ер нь хөгжлийн тухай яриа хэзээ эхлэх бол?

- Тун удахгүй эхэлнэ гэж найдаж байна. Үүнийг ард түмэн төдийгүй улс төрийн намууд ч үгүйлж эхэлж байна. Угтаа бид шүүх нь шийдэх ёстой хоёр гишүүний тухай ч юмуу, хуулийн дагуу аль хэдийн шийдчихэж болох байсан бүлгийн асуудлыг яриад суух биш, харин хөгжлийн тухай, бүтээн байгуулалтын тухай л ярьж байх ёстой шүү дээ.

-Тэгвэл хоёулаа хөгжлийн тухай ярилцъя. Та нэг талаар Ардын намын залуу лидер, нөгөө талаас жирийн ард түмнийхээ өмнө үүрэг хүлээж, амлалт өгөн гарч ирсэн төрийн түшээ. Тиймээс намын гишүүн гэхээс илүү Их хурлын гишүүн гэдэг утгаар Монголын  хөгжлийг хэрхэн төсөөлдөг вэ. Өнөөдөр Монгол Улс хөгжлийнхөө зөв замаар явж чадаж байна уу?

-Монгол Улс маань ардчилсан нийгэмд шил­жээд 22 жил болж байна. Энэ зах зээлийн нийгэмд хэн хөдөлмөрлөж хөлс хүчээ гар­га­сан нь сайхан амьдарч болдгийг харууллаа. Энэ мэтээр ярих юм бол олон сайхан зүйл ярьж болно. Гэхдээ энэ жилүүдэд улс орон маань хангалттай хөгжиж, ард иргэдийн амьд­рал сайхан болж чадаж байна уу гэвэл тийм биш. Ядуурал буурахгүй, ажлын байр нэмэгдэхгүй байна. Дэд бүтцээ бүрэн шийдэж чадаагүй, бид түү­хий эд бэлтгэн нийлүүлэгч орон хэвээрээ л байна. Ингээд харах юм бол олон асуудлыг шийдээгүй бай­гаа. Үүний нэг шалтгааныг нэг нам эвсэл нь засгийн эрхийг барихаараа нөгөө­гийнхөө хийсэн бүтээс­нийг үгүйс­гэ­дэг,  дахиад эхэлдэг бай­далтай холбож тайлбарлаж болох талтай. Тиймээс монголчууд бид аль болох улс төржихгүй­гээр, өөрөө өөрсдийнхөө бодлогыг өөрсдөө гаргая. Монгол Улсыг урт хуга­цаа­ны  турш хөгжүүлэх хөгжлийн төлөвлөлтийг боловс­руулъя. Тэр төлөв­лөлтийг хэрэгжүүлэх хөгж­лийн загварыг бий болгоё. Үүнийг аль ч нам,  Засгийн газар гарч ирсэн үг дуугүй дагадаг болъё. Ингэж чадвал монгол­чуудын амьдрал богино хугацаанд сайжирна. Энэ бодлогыг энэ удаагийн Их хурал, Засгийн газрын үед цаг алдалгүй гаргах хэрэгтэй гэж бодож байна.

-Өмнө нь тийм зорилт баталж байсан биз дээ. Мянганы хөгжлийн зорил­тод суурилсан...?

-Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үн­дэс­­ний хөгжлийн цогц бод­лого гэж 2007 онд ба­талж байсан. Гэхдээ энэ бол тунхагийн шинж чанар­тай, хөрсөн дээр бууж чадаагүй юм. Тухайн үед батлаад 2008  оны Зас­гийн газрын үйл ажилла­гааны хөтөлбөрт тусгах байсан боловч тусгагдаа­гүй, өнөө­дөр 2012 он болж байна. Тийм учраас амьд­ралд нийцсэн, аль болох хэрэг­жих бололцоотой, нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд нийцсэн зорилтыг тавьж  хэрэгжүү­лэх шаардлага­тай байна.

-Таны ярьсан монгол хөгжлийн загварыг яаж  бий болгох вэ?

-БНХАУ яаж эдийн зас­гийн өндөр өсөлттэй байна. Сингапур яаж хурдан хөгжив. Норвеги, Дани, Швед, Финлянд гэдэг  Умардын орнууд нийгмийн асуудлаа хэрхэн зөв шийдэж, тогтвортой хөгжиж, эрүүл мэнд, бо­ловс­рол, хөдөлмөр эрх­лэлт, нийгмийн хамгаал­лын салбараа хөгжлүүлж чадав. Тэд улс төржих­гүйгээр улс орноо хөгжүү­лэх бодлого хэрэгжүүлж, ойлголцож, зөвшилцөж байж зөв гарц олдог гэдгийг дэлхий нийтэд харуулж чадсан байгаа юм. Үүнийг зөвшилцлийн ардчилал гэдэг. Монгол улс гадны орнуудын сайн хөгжлийн загварыг су­далж, харьцуулан Мон­голд аль нь тохирох вэ? гэдгээ хэлэлцээд энэ дөр­вөн жилд хөгжлийн нэг загвартай болж чадвал, түүнийгээ манай нам та­най нам гэлтгүй хэрэг­жүүлдэг болвол үр өгөөж нь сайнаар гарна.  Мон­голд ийм зөвшилцлийг ардчилал үгүйлэгдэж байна.

-Таны хэлснээр энэ Засгийн газар, Их хурал баталлаа гэхэд дараагийн сонгуулиар жишээ нь танай нам гарлаа гэхэд  үргэлжлүүлэн авч явна гэж үү?

-Би итгэлтэй байна. Жил ирэх тусам бид асуудлыг илүү том, бүр өөрөөр хардаг болж. 2050 он хүртэл Монгол Улс хамгийн хурдацтай хөгжих улс гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрчихсөн. Энэ бол  бидэнд боломж байна, бид сэтгэх цар хүрээгээ өргөжүүлэх шаард­­лагатай байгааг харуулж байна. Өмнө нь бид хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх гээд атиралд­даг байсан бол өнөөдөр бидний хөнжил том болсон байна. Урт хугацааны хөгж­лийн хамтраад, ярилцаад батална. Дараа нь аль ч нам гарсан  хэ­рэгжүүлээд явна. Мэ­дээж засах залруулах юм байвал шинэчлээд явах боломж­той, харин ноён нуруу нь хазайхгүй байх ёстой гэдгийг нь бүр хуульчлаад өгчихье. Бид үзэл баримт­лал яриад, түүнийгээ да­гаад ­жихгүй, зөр­чилдөнө. Гэхдээ одоо заавал намын үзэл ба­римтлал дагахаас илүү аль амьдралд ойрхон байгаагаар асуудалд ханддаг болсон. Жишээ нь Ардчилсан нам үзэл ба­римтлалаа дагавал чөлөөт өрсөлдөөний зах зээлийг дэмжих ёстой. Тэгвэл чө­лөөт өрсөлдөөн далд гар гэдгээс илүүтэйгээр тө­рийн зохицуулалттай чө­лөөт эдийн засгийг дэм­жиж байгааг шинэ Зас­гийн газрын бодлогоос харж болж байна. О.Маг­най болон Н.Батбаяр, Х.Баттулга сайд нарын яриаг сонсч,  хийж байгаагаас нь харахад төрийн зохи­цуулалт л гэж байгаагаас биш заавал барууны үзэл баримтлал гэхгүй байна. С.Эрдэнэ сайдын хэлж байгаа ядарсан иргэддээ буюу зорилтот хүмүүстээ туслах ёстой гэж байгаа нь  ч бас зүүний бодлого.

-Уул уурхай бол Мон­гол Улсын хөгжлийн гол салбар гэсэн итгэл үнэм­шил сүүлийн жилүүдэд хүчтэй байсан. Гэвч сүүлийн үед энэ хандлага өөрчлөгдөж байх шиг. Уул уурхай ер нь цаашид яаж хөгжих бол. Таныхаар уул уурхайгаас гадна өөр ямар салбарыг дэмжиж, юуг илүү анхаарч ажиллах ёстой вэ?

-Би Монгол Улсыг Оюу­толгой, Тавантолгой биш монгол толгой л хөгжүүлнэ гэж боддог. Өнөөдөр  яах аргагүй Мон­­голын эдийн засагт ч, төсвийн орлогыг бүрдүү­лэхэд ч уул уурхай голлох үүрэгтэй байна. Гэхдээ газрын баялаг шавхагддаг учраас хэт уул уурхайг шүтсэн ойлголт бол өрөөсгөл юм. Тиймээс бид олж байгаа орлогоосоо өнөөдөр  зайлш­гүй хэрэгцээтэй байгаа зүйлд зарцуулна, өсгөж арви­жуулна, газар тариалан, мал аж ахуй, хөдөө аж ахуй зэрэг эдийн засгийн бусад салбаруудаа дэмжинэ. Мөн ирээдүй хойч үедээ өв хөрөнгө болгон үл­дээх ёстой. Үүний тулд Монгол Улс  монгол хөгж­лийн загвартай болж, түүндээ тулгуурлах ёстой.

-Ирээдүйдээ мөнгө хуримтлуулах бол шинэ зүйл биш. Монгол Улс Хүний хөгжлийн сан бай­гуулж тэндээсээ иргэддээ мөнгө тараагаад дууссан. Одоо ч Хүний хөгжлийн сан өртэй, Хөгжлийн банк хоосон суугаа. Тэгэхээр ирээдүйдээ хуримтлал бий болгож чадах уу?

-Сохор зоосыг ч гэсэн сэгсэрч бай, тэгэх юм бол  арвижна гэж үг байдаг. Түүнтэй адилхан баял­гийг эргэлтэнд оруулж, нэмүү өртөг шингээх тус­маа үнэ цэнэтэй болдог. Хамгийн наад зах нь бид Оюутолгойн алт, зэс Та­вантолгойн нүүрсээ түү­хийгээр нь хямд гаргаад байвал үнэ нь өсөхгүй. Харин нүүрсээ угааж, угаа­­­­сан нүүрсээ кокс­жуул­вал ямар үнэтэй бо­лох вэ. Ган боловс­руулж, гангаар эцсийн бүтээг­дэхүүн үйлдвэр­лэ­вэл тэр баялаг бүр ч илүү үнэ цэнэтэй болно. Мон­гол Улс 2005 онд Монгол Улсыг хөгжүүлэх сан, 2009 онд Хүний хөгжлийн сан байгуулсан. Эдгээр сан уул уурхайн баялгаас орж ирсэн орлогыг цуг­луулж тараасан. Өөрөөр хэлбэл сан биш касс бай­сан. Харин сан бол орсон орлого нь өсөж арижиж байдаг зүйл шүү дээ. Иймээс хуримтлуулсан орлогоо өсгөж арвижуу­лаад тэндээсээ иргэддээ ногдол ашиг, хишиг хувь байдлаар тараадаг, байга­лийн баялаг нь дандаа өсдөг байх тогтолцоог бий болгож Үндэсний баял­гийн хуваарилалтын сан­тай болъё гэж санал дэв­шүүлж байгаа. Норвегийн хөгжлийн сан гэж 650 тэрбум ам.долларын хөрөнгө­тэй дэлхийн хамгийн том сан байдаг. Ийм гадны жишээг харж, өөрийн орны хөрсөн дээр буулган ард иргэддээ ногдол ашиг гэж тараадаг, хойч үедээ үлдээдэг, үйлдвэрлэлийн, бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулдаг болъё гэж байгаа юм.

-Оюутолгойн гэрээ­гээр мэтгэлцсэн С.Ганбаа­тар, С.Баярцогт нарын мэтгэлцээнийг та хэрхэн дүгнэсэн бэ?

-Яг мэтгэлцээн бол монголчуудын эрх ашигт нийцсэн, хүсч байсан үр дүнг авчраагүй. Бодит байдлыг  ойлгуулах биш улс төрчид бие биенээ давахын тулд, чадахын тулд л мэтгэлцэж байх шиг харагдсан. Түүний оронд Оюутолгойн гэрээ яг ийм учраас хохиролтой, ийм учрааас ашигтай гэдгийг гаргаж чадаагүй.

-Танд ямар нэг асууд­лаар мэтгэлцье гэсэн дуэль ирвэл хүлээж авах уу?

-Тухайн асуудлынх нь цар хүрээ, ач холбогдлоос хамаарч хүлээж авах үгүйгээ шийднэ.