С.САРУУЛ
Дэлхий нийтийг түгшээж буй коронавирусын халдвараар нэг өдрийн дотор 86 хүн нас барсан нь халдвар гарснаас хойшхи хамгийн их хохиролтой өдөр болж байна. /2020.02.08/ Вирусын улмаас амь насаа алдсан хүний тоо 724 болж, дэлхийн 28 улс оронд нийт 34900 орчим халдварын тохиолдол бүртгэгдлээ. Өнгөрсөн хугацаанд халдвараар нас барсан хүмүүс нь зөвхөн Хятадууд байсан бол Хятадын Ухань хотноо 60 настай АНУ-ын иргэн нас баржээ. Мөн Япон улсад анх удаа коронавирусын улмаас хүн нас барсан тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчний тархалт, нас барж буй хүний тоо хурдтай нэмэгдэхийн зэрэгцээ вирус гарснаас хойш өвдсөн ч гэлээ, биеийн байдал нь сайжирч эмнэлгээс гарч буй тохиолдлын тоо 2300 орчим байна.
Жуулчдын хамгийн ихээр очих дуртай, тэр дундаа Хятад жуулчдын дунд ихээхэн эрэлттэй Тайланд улсад коронавирусын халдварын тохиолдол өчигдөр долоогоор нэмэгдэж 32 боллоо. Франц улсад таван хүн коронавирусын халдвар авсан нь тогтоогдсоноор тохиолдлын тоо 11 болжээ. Air France авиакомпани Бээжин болон Шанхай хотууд руу хийх нислэгүүдийг цуцалсан шийдвэрээ 3 дугаар сарыг дуустал баримтлахаа мэдэгдлээ.
Японы нийслэл Токио хотын ойролцоох Йокохама хотын эргийн орчимд зогсож буй Diamond Princess хөлөг онгоц дээр карантинд байгаа хүмүүсээс дахин гурван хүн коронавирусээр халдварласан нь тогтоогджээ. Ингэснээр усан хөлөг дээрхи халдвар авсан хүний тоо нийт 64 болоод байна. Одоогийн байдлаар 2600 хүн уг усан онгоцон дээр карантинд орсон байдалтай байгаа юм.
Эх сурвалж: www.polit.mn