Д.АРИУН

ОХУ-ын Санкт-Петербург хотын засаг захиргаанаас шинэ төрлийн короновирусын халдвараас сэргийлэх үүднээс БНХАУ-аас уран бүтээлчид, төлөөлөгчид оролцох ёстой байсан тоглолт, форумыг цуцалж байгаагаа өчигдөр /2020.02.05/-нд зарлажээ. Концерт болон худалдаа-хамтын ажиллагааны форум нь Дорно дахины шинэ жилийн баяртай холбоотойгоор зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүд байсан аж. Тухайлбал, Мариинскийн театрт хоёрдугаар сарын 11-нд болох байсан  БНХАУ-ын үндэсний дуурь, бүжгийн театрын уран бүтээлчид оролцсон “Үндэсний өв”  тоглолт,  хоёрдугаар сарын 14-нд болохоор төлөвлөсөн Хятадын Таншань хотын төлөөлөгчид оролцох  “Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал ба ирээдүй” форумыг цуцалсан байна.

Харин Санкт-Петербург хот дахь БНХАУ-ын консулын газраас хоёрдугаар сарын 23-24-нд зохион байгуулах  шатрын   цомын тэмцээнд энэ нь хамаарахгүй гэдгийг хотын захиргааны мэдээлэлд дурдсан байна.

Эх сурвалж: www.polit.mn